Ч.Даваажамц: Зах зээлд нэн шаардлагатай байгаа мэдээлэл, судалгаа, туршлагыг чуулганаас авах боломжтой

davaa 4“Бүтээлч Үйлдвэрлэлийн Хөгжил” сэдэвт “Монгол орны хөгжилд” 12 дах чуулганы Программ Хангамжын  Салбар хуралдааныг хөтлөгч, ЗГХЭГ-ийн Мэдээллийн Технологийн Хэлтсийн дарга, Цахим Өртөө Холбоо ТББ-н гишүүн Ч.Даваажамцтай ярилцлаа 

“Монгол орны хөгжилд” уламжлалт чуулган 4-р сарын 30-нд Парист болно. Та энэ үйл ажиллагааг хэдийнээс эхэлж мэдэх вэ? Ямар оролцоотой өнөөг хүрэв?
Баярлалаа. 2014 оноос өмнөх “Монгол орны хөгжилд” чуулганы талаар мэдээллийг Цахим өртөө холбооны шугамаар авдаг байсан. Харин 2013 оны чуулганы тухай мэдээллийг тухайн үед Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт уламжилснаар ЗГХЭГ-ээс чуулганыг дэмжиж ажиллах чиглэл өгч байсан юм. Энэ нь 2014 онд чуулганыг Монгол Улсад Гадаад Хэргийн яамны дэмжлэг дор зохион байгуулахад нэмэр болсон болов уу гэж боддог.

Энэ жилийн чуулганы зохион байгуулах багт ажиллаж байгаа тул агуулга хөтөлбөр, илтгэгчид болон тэдний бүтээлд тавих шалгуурын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
Чуулганд илтгэл тавих хүмүүсийг тухайн салбартаа, нэн ялангуяа хөгжингүй орнуудын зах зээл дээр тогтвортой ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн хүмүүсээс сонгохоор ярилцаад байна. Европын холбоо болон бусад хөгжингүй орнуудад сурч ажиллаж байгаа маш олон чадварлаг залуучууд бий. Тэд өнөөдөр эх орондоо очиж судалгааны ажил, бизнесийн үйл хэргээ үргэлжлүүлэхэд бэлэн бус байгаа ч мэдлэг, туршлагаасаа хариу нэхэхгүйгээр хуваалцах чин хүсэлтэй байдаг. Үүнийгээ эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн оруулж буй хувь нэмэр, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй нэг хэлбэр гэж үзэн чуулганд итгэлтэйгээр оролцдог юм. Энэ жил аль болох олон хүнийг оролцуулах бодлого барьж байгаа. Гэхдээ чуулган маань зөвхөн гадаад дотоодод сурч ажиллаж байгаа монголчуудын хандивын эх үүсвэр, зохион байгуулагчдын хувийн зардлаар зохион байгуулагддаг тул одоохондоо хүссэн тооны хүмүүсээ оролцуулах, төлөвлөсөн том танхим түрээслэх боломжоор тааруу байгааг дуулгах нь зөв байх.

Чуулганы ерөнхий сэдэв юу вэ? Яагаад энэ сэдвийг сонгох болов?
Бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг дагная гэсэн шийдвэрлэсэн. Энэ нь ч цаг үеэ олсон явдал гэж үзэж байна. Учир нь дэлхийн эдийн засаг хямралтай, түүхий эдийн үнэ уналттай байгаа үед түүхий эдийн экспорт дээр суурилсан эдийн засгууд түрүү түрүүчээсээ хүнд байдал орцгоож байна. Харамсалтай нь түүхий эдийн үнийг сэргэхийг хүлээсэн, экспортод түшиглэсэн эдийн засгийн загварыг шүтсэн хандлага хүчтэй хэвээр байгаа нь үнэхээр олон нийтээр анхаарах ёстой асуудал юм. Түүхий эдийн үнэ сэргэхийг хүлээх биш түүнгүйгээр бид хэрхэн хөгжиж болох талаар дорвитой ярих шаардлагатай болсон. Монголчууд сурсан юмыг сураар боож болдоггүй гэж ярьдаг. Энэ нь таны толгойд байгаа мэдлэг, туршлагыг хэн ч аваад явчихаж чадахгүй, мэдлэгт суурилсан эдийн засгийг ямар ч эдийн засгийн хүндрэл хямруулж чадахгүй гэдгийг аль эртнээс ажил хэргийн зарчим болгодог байсныг харуулж байгаа хэрэг. Манай орны хувьд газарзүйн байрлал алс, дэд бүтцийн хөгжил муутай хэдий ч өнөөдрийн даяарчлагдсан дэлхийд мэдээлэл харилцаа холбоо, технологийн дэвшил бүтээлч үйлдвэрлэлийн асар том зах зээлд холбогдох боломжийг олгож байна.

Жишээ нь…?
Жишээ нь, Англи Улсын дан хөгжмийн экспорт 2 тэрбум фунт стерлинг байна. Candy Crush гэдэг тоглоомыг олон хүн мэддэг, тоглоомын зах зээлийн үнэлгээ 5.9 тэрбум ам.доллар. Зөвхөн ганц тоглоом олон хүний ярих дуртай Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтаас даруй тэрбум доллараар, Монгол Улсын 2016 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос 2 дахин илүү байна.
Бразилийн жишээг дурдаж болно. Тус улсын Рио де Жанейро хотын карнавалын их наадмын үеэр нэг сая гаруй жуулчин ирж 700 гаруй сая доллар үрдэг. Үүсэл гарал гэвэл карнавал наадам манай даншгийн наадмаас хамаагүй залуу баяр. Гэтэл бид Үндэсний Их баяр наадмаа одоог хүртэл хэдэн тостой хуушуураар төсөөлсөөр байна. Тэгэхээр наадмыг бид өөрсдийн нүдээр биш дэлхийн хэрэглэгчийн нүдээр, харж дэлхийн хэмжээний брэнд болгон зохион байгуулах ёстой гэх мэт.
Эдгээр жишээ бүгд бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамаарна. Тэгэхээр чуулганы энэ удаагийн сэдэв дээрх чиглэлээр бидэнд ямар боломж байгаа, бид юу хийж чадах, юун дээр анхаарах ёстой талаар байх болно.

Хэдэн салбар хуралдаан болох вэ? Зохион байгуулагчийн хувьд салбар хуралдаануудын онцлог, давуу тал, үр дүнгийн талаар юу хэлэх вэ?
Аялал жуулчлал, Соёлын менежмент, Загвар архитектор, Програм хангамжийн гэсэн 4 чиглэлээр салбар хуралдаан болно. Миний хувьд програм хангамжийн салбар хуралдааныг чиглүүлж ажиллаж байна. Манай дэд ажлын хэсгийн хувьд програм хангамжийн чиглэлээр тавигдах илтгэл болон хэлэлцүүлэгт бэлтгэх, илтгэгчид дэмжлэг үзүүлж ажиллах зорилготой. Дэд ажлын хэсэгт одоогоор Англи, АНУ, Европын холбооны улсууд, БНСУ, Монгол зэрэг 10 гаруй орноос 20 орчим залуус холбогдон, хамтран ажиллаж байна. Байгууллагын төлөөллөөр нь авч үзвэл Facebook, Google, Microsoft компаниудаас тус бүр 1 хүн, IBM компаниас 2 хүн, Европын тэргүүлэх их сургуулиудад судалгаа хийж байгаа залуу эрдэмтэд, стартапуудын төлөөлөл байгаа нь хамгийн сүүлийн үеийн технологийн салбарын мэдээллийг солилцох, зах зээлд нэн шаардлагатай мэдээллийг хуваалцах сайхан боломжийг бүрдүүлж байна.

Мэдлэг, туршлага хураах зорилготой очсон хүмүүс богц дүүрэн буцах нь ээ?
Програм хангамжийн салбар хуралдаанд бэлтгэх дэд ажлын хэсэг 2 сарын эхэнд зохион байгуулагдаад ажилдаа орсон. Бид онлайнаар холбогдож хэлэлцүүлэг өрнүүлэх, мэдээлэл боловсруулах, солилцох зарчмаар өөрсдийн хичээл болон ажлын зав чөлөөгөөр ажиллаж байна. Сэдвийн хувьд холбоо мэдээллийн технологийн салбар өөрөө маш өргөн учраас олон сонирхолтой хэлэлцүүлэг, санал гарч байгааг хэлэх нь зүйтэй.
Тухайлбал Э.Жагдагийн дэвшүүлсэн когнитив бизнес, мобайл болон сошиал медиаг тойрсон хөгжүүлэлт, доктор Н.Оюун-Эрдэнийн Data analytics, big data чиглэл, С.Бадралын төрийн оролцоог хазаарлах, хиймэл оюун ухааныг ашиглах, Г.Отгонбаярын дотоодын аж ахуйн нэгжүүдэд тулгуурлах, тэдний чадавхийг зөв харах, Ч.Лодойравсалын олон улсад өрсөлдөж чадахуй технологи, контентийг хөгжүүлэх, П. Амарбатын онлайн контент менежментийн асуудлууд, Ц.Нандинбаатарын Heterogeneous System Architecture HSA болон шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалттай холбох зэрэг олон сонирхолтой цааш нь дэлгэрүүлэн ярилцах ёстой сэдвүүд хөндөгдөөд байна. Саяхан Испаниийн Барселон хотод болж өнгөрсөн “Mobile World Congress 2016”-ын үеэр дээрх технологиудыг ашигласан бүтээгдэхүүнүүд түлхүү яригдсаныг энд онцлох хэрэгтэй болов уу. Сэдэв дундаршгүй ч түрээслэх танхим, цаг хугацааны боломжоос хамааран салбар бүрт олгогдсон цагийн хязгаар дотор ярилцах шаардлага тулгарсан. Тиймээс бид дээрх сэдвүүдээс зөвхөн 1-2 чиглэлийг сонгож, даацтай хэлэлцэхээр бэлтгэлээ базааж байна.

“Монгол орны хөгжилд” уламжлалт чуулганы үр дүнгийн талаар таны хувийн үзэл бодол, байр суурийг сонирхож болох уу? Тус арга хэмжээний ач холбогдлыг хэрхэн харж байна?
Чуулганаас гарах зөвлөмжийг бодлого тодорхойлогчид болон зохицуулагч нарт хүргүүлнэ. Энэ зөвлөмжийг албан ёсны бодлогын бичиг баримтад тусгах, цааш нь ажил хэрэг болгоод хэрэгжүүлэх механизм дутагдалтай байгаа нь үнэн. Гэхдээ олон салбарын хөгжлийн чиг хандлага, сайн туршлагуудыг нэг дор нэгтгэж хүмүүсийн сонорт хүргэнэ гэдэг нь тухайн асуудлын талаарх public awareness буюу ач холбогдлыг тодотгох чухал алхам болдог. Зарим сэдвээр тавигдаж байгаа илтгэл, хэлэлцүүлэг нь тухайн салбарынхаа талаар үнэхээр сайн мэдээлэл болон судалгааг агуулсан байгаа тул салбарын төрийн байгууллагуудад үнэ цэнэтэй мэдээлэл болох учиртай. Нөгөө талаас чуулган маань судлаачид болон бизнесийнхэн хоорондоо танилцах, мэдээлэл солилцох, гадаадад сурч ажиллаж байгаа монголчууд нетворкинг хийх сайхан боломжийг олгодогоороо чухал ач холбогдолтой.

Та өмнөх чуулгануудад оролцож байв уу? Өөртөө ямар баялгийг олж байв?
Миний хувьд эх орондоо ажиллаж амьдарч байсан тул хилийн чанадад зохион байгуулагдсан онуудад чуулганд оролцож чадаагүй. Улаанбаатар хотод болсон 2014 оны чуулганы үйл ажиллагаанд сонсогчийн хувиар оролцсон. Тухайн үед гадаадад оршин суугаа олон монголчуудын эх орноо гэсэн их сэтгэл, энергийг мэдэрсэн. Ерээд оны сүүлээр өргөжсөн Цахим Өртөө сүлжээний ид идэвхтэй үед яг тийм мэдрэмжтэй ажиллаж амьдардаг байсан үеийг маань санагдуулж билээ. Өмнө нь нүүр тулж уулзаж байгаагүй зөвхөн онлайнаар харилцдаг байсан олон хүмүүстэй биечлэн уулзах боломж гарсан нь олзуурхууштай явдал болсон.

Арван нэгэн жил тасралтгүй болсон энэ чуулганд оролцсон илтгэгчдийн ихэнх нь төр болон хувийн хэвшилд манлайлан ажиллаж, эх орныхоо хөгжлийг хөтөлж яваа нь анзаарагддаг. Монгол улс төдийгүй дэлхий дахинаа тэргүүлэх чиглэл болсон МХТ-ийн салбар хуралдааныг удирдагч маань өөрөө хэн болох, бүтээлч үйлдвэрлэлийн талбарт ямар туршлагатай хүн бэ гэдгийг олон нийт сонирхох нь гарцаагүй?
davaa 1Миний хувьд ОХУ-ын Ростов хотын Их сургуулийг мэдээллийн технологийн чиглэлээр төгсөж ирээд Скайтелийн охин компани болох Скай Си энд Си компанид 10 гаруй жил ажилласан. Хувийн хэвшилд ажиллах явцдаа анхны хөрөнгө оруулалтаа олон дахин нөхөж үр дүнтэй ажилласан олон улсын ярианы гарц World Call 002, урьдчилсан төлбөрт картын SmartCard үйлчилгээ, Өрх бүрт интернет хөтөлбөрийн хүрээнд SKYHOME интернетийн үйлчилгээ зэрэг төслүүдийг удирдан ажиллаж байсан. Богино хугацаат төслийн хувьд мэдээллийн технологийн үндэсний парк байгуулах, Скайтелийн WAP үйлчилгээг нэвтрүүлэх, IP Телефоны үйлчилгээг нэвтрүүлэх, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний ухаалаг системийг нэвтрүүлэх зэрэг төслүүдийн төслийн удирдагчаар ажиллаж нийт 30 гаруй төсөл хөтөлбөрийг хугацаанд нь гүйцэтгэсэн байна. Хувийн хэвшилд ажилласан хугацааны сүүлээр айпи телевизийн гурвалсан үйлчилгээний бизнес загварыг боловсруулж энэ зах зээлд улмаар үйл ажиллагааг нь эхлүүлсэн явдал нь энэ салбарт чөлөөт өрсөлдөөн бий болох үндсэн нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Төслийн компани маань одоо Скаймедиа нэртэйгээр үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байна.
2012 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна. Төрийн албанд ажиллах хугацаанд Шилэн дансны мэдээллийн систем, Төрийн байгууллагуудаас хэрэгжүүлдэг хяналт шалгалтыг бүртгэх нэгдсэн регистрийн системүүдийг хөгжүүлэх, нэвтрүүлэх явцыг удирдан ажилласан. Төрийн мэдээллийн өгөгдөл солилцооны дэд бүтцийг боловсронгуй болгох чиглэлээр түлхүү ажиллаж байна. Мөн харилцаа холбооны салбарт хийгдэж байгаа зохицуулалтын бодлого боловсруулах явцад идэвхтэй оролцож дугаартайгаа шилжих үйлчилгээ, үүрэн холбооны 4G үйлчилгээ, харилцаа холбооны үнэ тарифын зохицуулалтын бичиг баримтуудыг боловсруулахад оролцоод явж байна. . 2015 онд Англи Улсын Чевенингийн тэтгэлэгт шалгарч одоо Англи Улсын Честерийн Их Сургуульд менежментийн чиглэлээр судалгаа хийж байна.

Чуулганы талаар сонирхсон, хамтарч ажиллахыг хүссэн хувь хүн, албан байгууллагууд хаана, хэнд хандах вэ? Түншлэлийг шуурхай дэмжсэн ямар нэг хэлбэр бий юу?
Хамтран ажиллахыг хүссэн хувь хүн албан байгууллагууд зохион байгуулах багтай info@md-forum.eu, chuulga@gmail.com цахим шуудангаар, эсвэл чуулганы фэйсбүүк хуудас болох www.facebook.com/MongoliaDevelopmentForum хаягаар холбогдох боломжтой. Зохион байгуулагчдын зүгээс бид боломжит хамтрагчид руу хандаж буй.

Ярилцсан Г.Солонго

1 Comment

  1. Saihan yariltslaga bolson baina mundag zaluu amjilt

Leave a Reply to Anonymous Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *