“Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” дэд сэдэвт “Монгол орны хөгжилд” 12 дугаар чуулга-уулзалтын танилцуулга

CreativeIndustry

Удиртгал

Монгол Улсын хувьд бүтээлч үйлдвэрлэлийн салбарын ажлыг чанаржуулж, дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь туйлын чухал байна. Одоогоор батлагдсан “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”, “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”, “Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогын хэмжээнд тодорхойлсон төслүүдийг хэрэгжүүлэхэд сонирхлын бүлгүүдийн нөр их хөдөлмөр, хамтын ажиллагаа, санхүүжилтийн эх сурвалжуудыг бодитоор судлан тогтоох хэрэгцээ тулгараад байна.

Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг гадаадад сурталчлах, тус салбарын нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспорт болон Монгол Улсын эдийн засагт оруулах хувийг нэмэгдүүлэхэд ашиглаж болох гадаад орнуудын туршлагыг судлах, хамтран ажиллах хэрэгтэй байна. Цаашдаа гадаадад байгаа Монголчууд, мэргэжлийн болон дэмжигч хувь хүмүүс, байгууллагуудтай төр засгаас хамтран үр бүтээлтэй, бизнес загварыг бий болгон ажиллах их боломж байна.

Хүүхэд, залуу үеийнхний бүтээлч сэтгэлгээг багаас нь дэмжин хөгжүүлж, урлаг соёл, бүтээлч салбарыг үйлчилгээ нь зөвхөн тодорхой хүрээний хүмүүст зориулагдах бус, харин иргэн бүр, тэр дундаа бидний хойч үе болсон хүүхэд залуус тэгш хүртэх боломжоор хангагдах нь манай улсын төрийн бодлогын нэн тэргүүний зорилтуудын нэг байх зайлшгүй шаардлагатай байна. Энэ нь хүүхэд залуус, иргэдийн гоо сайхны мэдрэмж, ёс зүйн хүмүүжилд эерэгээр нөлөөлж, мөн тэдний баялаг бүтээх чадварыг хөгжүүлж, нийгмийн тогтвортой хөгжил, тус салбарын эдийн засгийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд түлхэц өгнө.

Бүтээлч үйлдвэрлэлхэмээх ойлголт

Өнөөгийн нийгмийн хөгжлийг даган “Бүтээлч үйлдвэрлэл” нэртэй улс орны эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой, бие даасан, мэргэжлийн шинэ салбар бий болж байна.

Энэхүү ойлголт нь их өргөн хүрээтэй, тухайн орны соёлын салбар, урлагийн бүтээл, гар урлал, загвар зохион бүтээх, хэвлэн үйлдвэрлэл, мултимедиа, дуу авиа болон сүүдэр ший, архитектур, зар сурталчилгаа, уран зохиол, хөгжим болон бүтээлч урлаг, радио телевиз, програм хангамж зэрэг оюуны бүтээлүүдийг хамардаг. Түүнчлэн уран бүтээлийн эсвэл бүтээлч шинжийг агуулсан эд зүйлс болон үйлчилгээг оруулдаг.

Энэхүү салбарын хамгийн гол шинж нь улс орнуудыг соёл, өв заншлаар нь ялган таниулах гол зэвсэг болохын зэрэгцээ бусдаас ялгарах, дахин давтагдашгүй өвөрмөц шинжийг агуулдаг.

Технологийн үсрэнгүй хөгжил нь интернет, e-коммерц, дижитал формат зэргийг бий болгосноор хүмүүсийн сэтгэн бодох, ажиллах, бүтээн бий болгох, хэрэглээ зэргийг ул сууриар нь өөрчилж, энэ хөгжлөөс улбаатай хүмүүний оюуны бүтээл “Бүтээлч үйлдвэрлэл” болон улам хүчээ авч оюуны өмчийн харилцаагаар хамгаалагдах болсон.

“Бүтээлч үйлдвэрлэл”-ийн эдийн засагт оруулах хувь нэмрийг ихэнх орны засгийн газрууд ойлгож эхэлж байгаа ба үүнийг бодлогоор хөгжүүлэх чиглэлийг баримталж эхлээд байна.

Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил

“Бүтээлч үйлдвэрлэл”-ийн зах зээлд байр суурьтай болох үндсийг UNESCO-ийн соёлын өв хөрөнгийг хадгалах үйл ажиллагааны хүрээнд улс орны соёлын талаарх мэдээллийг бүрдүүлэх үйл ажиллагаанаас эхтэй эхэлсэн. Цаашилбал, Их Британийн засгийн газар Соёл, Хэвлэл мэдээлэл, Спортын Яамыг ажиллуулснаар энэхүү салбарыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулжээ. ЭнэCR-value-infographic нь бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дараах байдлаар ялган ангилсан: агуулгыг бий болгох, бүтээн бий болгох, түгээх, хэрэглэх. Үүнийг Британийн колони байсан Австрали, Хонг Конг, Шинэ Зеланд зэрэг орнууд өөрийн орныг танин мэдүүлэхэд ашиглаж эхэлсэн байна. . Тухайлбал, Шинэ Зеланд уугуул иргэд болох Маори соёлыг өөрсдийн соёлын томоохон үйл ажиллагаа болгожээ.

Солфорт Медиа Хотыг байгуулснаар Их Британи нь анхны дижитал медиа хотыг босгосон  бөгөөд нийт 15000 ажлын байрыг бүтээлч үйлдвэрлэлийн салбарт бий болгосон. 2011онд BBC өөрийн гол хэлтсүүдээ уг хот руу нүүлгэж Их Британийн хамгийн том урлагийн бүтээл бүхий телевизийн бүтээлийн студи бий болгосноор Хойд Английн эдийн засгийн  өсөлтийг нэмэгдүүлэх эхлэл тавигджээ.

2005 онд Энэтхэгт болсон симпозиум дээр Ази дахь бүтээлч үйлдвэрлэлийг хэлэлцсэн нь Азийн орнуудад энэхүү салбарын хөгжилд ихээхэн түлхэц өгчээ. Хонг Конг, Сингапур зэрэг орнууд Хятад улсаас эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай байхын тулд бүтээлч үйлдвэрлэлдээ дэвшилт гаргахыг эрмэлздэг. . Хятад улс ч өөрийн орны энэхүү салбарт үзүүлэх дэмжлэгээ улам нэмэгдүүлж эдийн засгийн давшилттай хөгжлөө дэмжих нь тодорхой. Үүний нэгэн томоохон жишээ бол Шанхайн Бүтээлч үйлдвэрлэлийн төв юм.

Латин Америк болон Африкийн орнуудад энэхүү салбарын эхлэл нь 2002 оноос хэдийн тавигджээ. Энэхүү салбар нь эдийн засагч, статистикч, соёлын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын анхаарлыг татаж буй нь эдийн засгийн ихээхэн нөөц бололцоо байгааг гэрчлэхийн зэрэгцээ зах зээлд соёлын өвөрмөц шинж байдлыг хадгалан өрсөлдөх чадварыг дээшлүүлэх түлхүүр болж буй юм.

Энэ салбарыг хөгжүүлж, улс орны эдийн засгийн өсөлтөд үр өгөөжийг нь оруулахын тулд юуны өмнө судалгаанд тулгуурлан уг салбарын мөн чанарыг тодорхойсноор өрсөлдөх давуу талыг нь ашиглах боломжтой.

Монгол дахь Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн эхлэлд чуулга-уулзалтын оруулах хувь нэмэр

Энэ жилийн чуулга-уулзалт нь Монголын Бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд олон улсын туршлага жишээ, гадаадад амьдарч буй монголчуудын ажил алба, судалгаа шинжилгээнд үндэслэн 4 салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүлж хувь нэмрээ оруулах болно.

Бүтээлч үйлдвэрлэлийн хөшүүрэг болох аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Парисын хамгийн гол үйлчилгээний газар болох дэлхийд алдартай Gallarie LaFayette болон Луврийн музейн жишээн дээр Франц улсад амьдарч, ажилладаг Монгол хоёр бүсгүй өөрсдийн байгууллагын туршлагаас хуваалцан Аялал жуулчлалын 1 дэх салбар хуралдаанд толилуулан хэлэлцүүлэх болно.

Сонгодог урлагийн эх болох дуурийн урлагийг хөгжүүлэх, маркетинг хийх боломж, олон улсын урлаг- соёлын бүтээлч арга хэмжээнээс суралцан бид Монголынхоо соёл урлагийг дэлхийд бренджүүлж нүүдлийн соёл бүхий өвөрмөц соёл заншлаа хадгалан үлдэх талаар Бүтээлч үйлдвэрлэлийн цөм нь болох Соёл түүний менежментийн 2 дахь салбар хуралдааны илтгэгчид сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Түүх соёлыг илэрхийлэгч барилга архитектурыг хамгаалах тэдгээрийг сэргээн засварласны эдийн засгийн ач холбогдол, Монголд улсад архитектурын салбарыг хөгжүүлэхэд гадаадын туршлагыг хэрхэн ашиглаж болох, Эзэнт гүрний эрдэнэсийн сангаас үүдэлтэй хувцас загвар зэрэг сэдвээр 3 дугаар салбар хуралдаан болох Загвар архитектурын залуус ухааныг уралдуулна.

Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг хурдасгагч Мэдээлэл харилцаа технологийн салбар гэрлийн хурдаар хөгжиж байх энэ үед Монголчууд бид хиймэл оюун ухааны хувьсгалд бэлэн эсэх түүнчлэн онлайн клауд үйлчилгээний хөгжүүлэлт, зах зээлийн боломжуудыг мэдсэнээр бид дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж байгаа эсэхийг 4 дэх салбар хуралдаанаар хэлэлцэнэ. Түүнчлэн бизнесийн санаа оюуны өмчийн эрхийн ялгаа, бизнес эрхлэгчид оюуны өмчийн эрхээ хэнд хандаж хэрхэн хамгаалдаг дэлхийн  туршлагаас бид юуг сурч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа сонирхолтой илтгэл нь энэхүү салбар хуралдаанаар хэлэлцсэн сэдэв/оюуны өмчийг хууль эрх зүйн үүднээс хэрхэн хамгаалах цоожийг нээж өгөх болно.

_______________________

Ашигласан ном зүй

Department of Culture, Media and Sport (2006), Creative Industries Statistical Estimates Statistical Bulletin, London, UK.

What are Creative Industries and Creative Economy. [http://creativecities.britishcouncil.org/creative-industries/what_are_creative_industries_and_creative_economy]

The Work Foundation. Chapter 4: Defining Creative Industries.

UNESCO & Global Alliance of Cultural Diversity. Understanding Creative Industries Cultural statistics for public-policy making.

Бичсэн: Ц.Базаррагчаа, АУ-ны доктор, Цахим Өртөө Холбоо болон Британийн Монголчуудын холбооны гишүүн, STREAM туршилт судалгааны удирдагч

Санал оруулсан: Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *