Өндөр технологийн аж үйлдвэрийг Монголдоо хөгжүүлэх талаар ярилцана

“Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага

Гадны улс оронд сурч ажил­лаж байгаа тод­руул­бал  техно­логийн  болон  бизнесийн сал­барт ажил­лаж байгаа монгол­чууд ирэх сард Швейд улсад цуг­ларч Монгол Ул­сын­хаа хөг­жилд технологийн аж үйлд­вэ­рийг хөгжүүлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулах та­лаар  ярил­цах гэж байна. Найм дахь жилдээ болж буй уг уулзалтын үр дүнд улс орны хөгжилд нэмэр боло­хуйц олон шинэ санаа, бү­тээл төрдөг юм байна. Уг уулзалтыг  хамтран зо­хион байгуулж буй Үндэс­ний хөгжил  шинэтгэлийн хорооны Инновацийн бод­ло­гын хэрэгжүүлэх хэлт­сийн дарга Б.Ганбаттай ярилц­лаа. Түүнч­лэн тус  газраас нано тех­ноло­гийн аргаар гаргаж авсан бү­тээг­дэхүүнийг танил­цуу­ла­­хаар бэлтгэж байна.   

Швейдэд болох мон­гол­­чуу­дын уулзалт нь га­даадад ажиллаж амьдарч буй залуусаа эх оронд нь авч­рах гэсэн нэг бодлого байх. Ялангуяа техно­логийн  бо­лон бизнесийн салбарт ажил­­лаж байгаа залуус Монголдоо ирэх болов уу?

Британийн Монголчуудын санаачилан уламжлал болгон хийдэг “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтын 8 дугаар нь Швейд улсад зохион бай­гуулагдана.   Фо­ру­мыг зохион байгуулахад бид хамтран ажиллаж байна. Өнөө жи­лийн форум “Монгол Улсад өндөр технологийн аж үйлд­вэ­рийг хөг­жүүлэх”, “Европын стандартыг нэвтрүүлэх  бо­ломж” гэсэн сэдвээр ирэх тавдугаар сарын  5-нд болно. Энэ хурлын үеэр гадаадад сурч ажиллаж бай­гаа техно­логийн  болон  бизне­сийн салбарт ажиллаж байгаа мон­­­гол­чууд цуглараад Мон­гол Улсынхаа хөгжилд техно­логийн аж үйлдвэрийг хөгжүү­лэхэд яаж хувь нэмрээ оруу­лах вэ гэдэг асуудлаар  хоёр өдөр ярилцах юм. Ялангуяа өндөр технологийн салбар гэгдэж байгаа мэдээллийн технологи, электроник, био­тех­нологи, нано технологи гэсэн салба­руу­даас хүмүүс илтгэл тавихаар  одоо­­гийн байдлаар 10 гаруй  орноос 100 гаруй залуус ирэхээр бүртгүүл­чихээд бай­на. Энэ бол чухал арга хэм­жээ болно. Монгол Улс хөг­жих, тэр дундаа  мэдлэгт суурилж хөгжих гэдэг асууд­лыг бид зөвхөн Монгол­доо яриад шийдчихдэг юм биш. Тэрхүү  технологи мэдлэг нь байгаа гадаад орнуудын тех­нологиудыг  тэнд нь байгаа мэдлэгтэй за­луу­чууд­тай хам­тарч хэрэгжүүлэх хэ­рэгтэй. Өнөөдрийн байдлаар га­даадад 100-120 мянган мон­гол­чууд байна гэж үздэг. Тэг­вэл 2.7 сая хүнтэй  монгол­чуудаас  100 мянган хүн нь  гадаадад байна гэдэг бол  их тоо.  Манай Засгийн газраас  боловс­руулж батлуулсан “Зө­гийн үүр” хөтөлбөрийн  су­дал­гаанаас  хара­хад гадаа­дад байгаа мон­голчууд дунд өндөр мэдлэг, боловс­ролтой улс их байгаа. Ялан­гуяа док­тор, магистрт  сурал­цаад тэндээ  үлдчихсэн ажиллаж байгаа залуус их байна. Энэ хү­мүү­сийн­хээ мэдлэг чадва­рыг улсын­хаа хөгжилд зайлш­­­гүй ашиглах хэрэг­тэй. Манай улсад аж үйлд­вэр­жилт, дэд бү­тэцтэй холбоотой томоохон бүтээн байгуулал­тын төслүүд яриг­даад, хэ­рэгжээд эхэллээ. Гэтэл энд  сайн менежерүүд,  инжене­рүүдээс эх­лээд боловсон хүчин дутагдаад эхэлж байна. Гадаадад ажиллаж байгаа залуус маань ажиллах орчин хийгээд тэр талын бизнес эрхлэхэд ямар дэмжлэг тус­ламж байна вэ гэж асуудаг. Үүнийг  бүр­дүүлчихвэл хү­рээд л ирнэ.

Европын стандартыг Мон­голд нэвтрүүлэх бо­лолцоо тэ­гээд хэр ойрхон  байна?

– Европын стандарт гэдэг бол ер нь олон улсын стан­дарт.  Али­ваа хөгжил гэдэг бол стандартаа сайж­руула­хыг л хэлдэг. Боловс­ролын байна уу, техник техноло­гийнх байна уу, үйлчилгээний бай­на уу ялгаагүй. Европын өндөр түвшний стандартыг Монгол Улс­даа хэрхэн яаж нэвтрүүлэх, ямар арга зам байна, юунаас нь эхлэх, хэн­тэй хамтрах гэдэг асуудлыг бид энэ форумын үеэр ярил­цах  юм. Бидний сонгож авсан хоёр асуудал хоёулаа өнөө­дөр Монгол Улсад хэрэгтэй. Уул уурхай эрдсээс гадна монголчууд мэдлэгтээ суу­рилаад хөгжих, гадаадын мэдлэгийг авч ашиглах гэсэн чухал асуудлыг тойрч ярина. Яриад зогсохгүй энэ үеэр Швейдийн өндөр техноло­гиудтай биечлэн танилцах юм.

Мэдлэг  чадвартай хү­мүү­сээ татан авчрах, тэд­ний тус­ламж­тайгаар улс орноо хөгжүүлэх нь яалт ч үгүй инновацитай холбоо­той асуудал. Инновацийн тухай хууль батлагдахаар яригдаж байгаа. Энэ хууль батлагдсанаар хэнд ямар ашиг тустай вэ?  

-УИХ-ын хаврын чуул­ганаар Инновацийн тухай хуулийг батлах гэж байгаа. Намрын чуулганы үеэр чуул­ган завсарлахаас өмнө байн­гын хороодоор ороод бүх хэлэл­цүүлгүүд хийгдчихсэн. Одоо ерөн­хийдөө хуулийг эцэслэн батлах үе шат үлд­сэн. Инновацийн хуулийн боловсруулах ажлыг манайх БСШУЯ-тай хамтран хийсэн.  Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж буй энэхүү  ажлын хэсгийн дэд даргаар нь би  ажилласан.

Бид өнөөдөр техноло­гийн аж үйлдвэр гэж  их ярих боллоо. Түү­хий эдээ боловс­руулдаг байя, гадаад дотоо­дод байгаа хүмүү­сийнхээ мэдлэгийг ашиглая, эр­дэмт­дээ ашиглая, Шинжлэх ухаа­ныг үйлдвэртэй холбоё, ялан­гуяа технологи, инженерийн чиглэл, байгалийн ухааны сургуулиудаа хөгжүүлье. Тех­нологийн компаниу­дыг ол­ноор бий болгож улсынхаа өрсөлдөх чадварыг дээш­лүүлье, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргая гэж  олон жилийн турш ярьж бай­гаа. Тэгвэл энэ хууль батлагд­са­наар дээрх бүх ажлыг хэ­рэг­жүүлэ­хэд чухал ач хол­богдолтой. Энэ хуулинд  үн­дэсний техно­логиудын  их сургууль, эрдэм шинжил­гээ­ний хүрээлэнгүүдээс гарч байгаа техно­логиудыг ашиг­ла­хаас гадна гадны техно­логиудыг оруулж ирж ашиг­лах, оюуны өм­чийг эдийн засгийн эргэлтэд оруу­лах, технологийн компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, дэд бүтцээр дэмжих олон багц асууд­лыг тусгасан бай­гаа. Энэ хууль бол бүхэлдээ бизнесийн чиглэлийн хууль гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аж­лын үр дүнд бий болсон  тех­но­логи шинэ бүтээл, бүтээг­дэхүүнийг бөөнөөр нь үйлд­вэрлээд зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх тухай хууль шүү дээ.

Өөрөөр хэлбэл нийгэмд хү­лээлт үүсчихээд байгаа гэсэн үг үү?

-Эрдэмтэд, их, дээд сур­гуулиу­дын багш нар,  салбар салбарын инженер, зохион бүтээгчид ийм  хууль гараад ирээсэй  гэж хүсч байгаа. Уг хууль батлагдсанаар хөдөө аж ахуй, эрчим хүч, хүнс, эрүүл мэндийн гээд бүхий л  сал­барт технологийн компа­ниуд ол­ноор үүсч бий болно. Тэднийг дэвжин дээшлэхэд бололцоо нөх­цөл бий болно гэж үзэж байна. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо нь Улсын хөгжлийн урт дунд хугацааны бодлого стра­те­гийг гаргаж байх ёстой газар. Үүнээс гадна технологи инно­вацийг хөг­жүү­лэх бодлого стратегийг үндэс­ний хэм­жээнд нэгтгэж уялдуулж бо­ловс­руулж байх үүргийг би­дэнд өгснөөр манай  инно­вацийн газар байгуулагдсан. Бид өнгөрсөн хуга­цаанд  ин­но­вацийн хуулийг гаргах, өндөр технологийн төрийн бод­лого батлуулах, Засгийн газрын хөтөл­бөр батлуулах ажлыг хий­сэн. Иннова­цийн ажил гэдэг бол мэдлэгийг бий болгохоос авахуу­лаад түү­ний оюуны өмчийг батал­гаажуулах дамжуулах, хэ­рэглэгч­дэд хүргэх, бүтээгдэ­хүүн үйлдвэр­лэх, аж үйлд­вэр, санхүүжүүлэх, дэд бүтцийг хийх олон салбарууд орж байж хийдэг бизнес. Түүнээс эрдэмтэн хүн дангаараа  хийх­­гүй,  бизнес­мэн хүн ч ганцаараа  хийх­гүй. Энэ та­лын бизнест арил­жааны бан­кууд ч  хэр баргийн зээл ол­гохгүй. Яагаад гэхээр иннова­цийн төсөл гэдэг нь ихэвч­лэн оюуны өмч патент л  байгаа. Энэ бүхэнд  тус хууль  чухал ач хол­богдолтой  гэж бодож байна.

Ирэх долоо хоногоос нано технологиор гаргаж авсан бү­тээгдэхүүний та­нил­цуулга бол­но гэж бай­сан. Энэ талаараа мэдээ­лэл өгөөч?

– Ирэх долоо хоногт бид Мон­гол Улсад нэвтрүүлэхэд бэлэн болсон нано техно­логийн бүтээг­дэхүүнийг олон нийтэд танил­цуулна. Энэ бүтээгдэхүүнүүдийн су­дал­гааны зарим нь Монголд,  зарим нь гадаадад хийгдсэн. Өөрөөр хэлбэл  зарим нь гаднаас техно­логи дамжуу­лах замаар оруулж ирээд Монголд угсарч хийх гэж бай­гаа нано технологиуд байгаа. Монгол Улсад өндөр техно­логийн аж үйлдвэрийг хөг­жүүлэх төрийн бодлогыг 2010 онд УИХ-аас  ба­талсан бай­гаа. Энэ хөтөлбөрийн хү­рээнд тэргүүн ээлжинд био тех­но­логийн болон  мэ­дээл­лийн технологийн салбараа  хөгжүү­лэхээр зорьж байгаа. Малын эм вакцин, хүнсний шинэ бүтээг­дэхүүн, уураг гээд биотехнологийн  чиглэлээр манай үндэсний компа­ниуд нэлээд сайн ажиллаж бай­гаа. Жишээ нь, “Монос” компани эмийн зах зээлийн нэлээд хувийг хангаж байгаа бол ардын уламж­лалт эм талдаа “Монхимо” компа­ни, Мэдээл­лийн технологийн салбарт “Могул”, “Монел” зэрэг элект­роникийн бүтээг­дэхүүнийг угсардаг компаниуд шинэ дэв­шилттэй бүтээгдэхүүн гар­гаж бай­гаа. Тэднийг дэмжих хэрэгтэй. Зөвхөн уул уурхайн компаниуд эдийн засагт да­вамгайлах бус технологийн компаниуд  гарч ирэх юм бол Монгол Улс хөгжинө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *