Д.Цэрэнбат: Үргэлжилэн өрнөх үйл хэргийн ундарга болж чадаж байгаа эсэхээр нь чуулганыг дүгнэж болно

tserenbat XI Хилийн чанадад суралцаж, ажиллаж амьдарч буй монголчуудын оюунлаг түүчээ жил бүрийн зуны эхэн сардаа нэгэнтээ цуглан чуулж эх орныхоо хөгжлийн төлөө юу зориулж чадахаа хэлэлцэн шийдсээр арван нэгэн жил өнгөрчээ. “Монгол орны хөгжилд” уламжлалт чуулган энэ жил Лондон хотноо болох бөгөөд тус арга хэмжээг санаачилан, энэ хүртэл удирдаж залж ирсэн эрхэмтэй ярилцлага өрнүүллээ. Их Британи дахь Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат энгийн үед ч, чуулганы үйл ажиллагаа идэвхжсэн цагт ч энэ ажил бол сайн багийн хүч гэдгийг үргэлж онцолж хэлдэг юм. Ингээд хүчтэй багийн тарьсан үйл хэргийн талаар тодорхой мэдээлэл дуулгая..

Арван нэгэн жил бол харьцангуй урт хугацаа. “Монгол орны хөгжилд” чуулганы 11 жилийн мөрийг эргэж харвал…?

Олон дурсамж туршлага хураасныг нь бодохоор багагүй хугацаа юм байна. Ажил үйлс ч гэсэн яг л хүүхэд төрөөд, мөлхөж, алхаж сураад улмаар олон дунд бужигнаж алдаж онож, нийгэмшиж бие хүн болон төлөвшдөг шиг зам туулдаг юм уу даа. Эхэн үед нь “эвийлж бөөцийлөх” үе байсан. Чуулган одоо харьцангуй олонд танигдаж, гар сэтгэл нийлсэн байгууллагууд, хүмүүсийнхээ дэмжлэг тусыг авдаг, хийх ёстой ажил гэж ойлгогддог, хийдэг хэмжээнд хүрчээ. Элчин сайдын яамаа оролцуулаад, хилийн чанадад байгаа монголчууд бид ирсэн буцсан хөдөлгөөн дунд байдаг тул жилээс жилд зохион байгуулж буй багийн бүрэлдэхүүн аажим аажимаар өөрчлөгдөж байдаг ч чуулганы үзэл санаа нь уламжлагдан үлдэж байдаг. Сэдэв, зорилгынхоо хүрээнд хэлбэр агуулга нь баяжин өргөжөөд л явна. Өмнөх чуулгануудын мэдээллийг www.md-forum.eu  хуудаснаас үзэж болоx юм.

Монголчууд чуулаад л байдаг. Бүтээлүүдийг нь цөөн тоогоор ч болов нэгтгэж хэвлээд л байдаг. Үр дүнгийн талаар биетэй хариулт өгөөч? 

Ийм утгатай асуулт байнга л гардаг юм. Ер нь зөв шалтгаар хүн хүнээ олж танина нөхөрлөнө гэдэг сайн юмны ундарга байдаг. Түүнийг энэ гээд заах, тэр гээд тэмтрэх барьц үгүй. Энэ чуулганаар уулзалдаж танилцсан залуусын ном эрдмийн гэгээн бодол тэмүүлэлд дөрөөлөн үүссэн нөхөрлөлөөс олон үйл хэрэг ундарч буйг мэдэх юм. Тэр ундаргыг таслахгүй байх нь л бидний үүрэг гэж боддог. Тиймээс ч анхдугаар гэж хийгдээд алга болдог ажил болгочихгүйг бид хичээсэн. Одоо нэг л мэдэхэд 10 жил өнгөрчихөж. Энэ чуулган өөрөө эргэж судлаж шинжүүштэй судалгааны нэг сэдэв болсон ч байж мэднэ. Товхимол гэснээс, бид жил бүрийн чуулганыхаа илтгэлүүдийг нэгтгэн хэвлэдэг. Эргээд харж суухад олон сонин сайхан, өдгөө ч үл хуучрах магадгүй үнэ цэнэ нь улам бүр нэмэгдэх санаануудыг илтгэгчид маань чуулганаас чуулганд боловсруулан тавьж танилцуулж байсныг харахад сайхан байдаг.

Монголчууд цагаан сараар юм уу наадмаар олноороо цуглана гэж хүлээдэг шиг энэ чуулганыг оюунлаг залуус бүгдээрээ сэм харуулддаг бололтой юм. Ийм хэмжээнд хүртэл авч ирэхэд ямар саад бэрхшээл учирч, тэдгээрийг хэрхэн давж байв? Санхүүгийн асуудлаас өөр онцгой саад нь яг юу байв?

Оролцсон хүний тоо өсөөд нийтэд танигдаад ирэхээр яах аргагүй олны хүсэн хүлээдэг нэг ажил болдог юм байна. Чуулганаас чуулганы хооронд “танай чуулган хэзээ, хаана, ямар сэдвээр болох вэ” гэсэн асуултууд байнга ирэх болсон. Тэр нь таны хэлж буй “сэм харуулдаж” буйн илрэл байх.

Саад гэдэг төсөөллөөс үүдсэн харьцангуй ойлголт юм даа. Бэрхшээлгүй ажил гэж хаана байх вэ. Хийх гэж хичээж зорьж буй бага ч гэсэн үйл хэргийн өмнө тулах янз бүрийн саадыг давж гараад хийх нь амьдралаас авах амт байх. Чуулганаа тойрсон, түүнийг хийх ёстой гэж итгэсэн, хийхээр ажилладаг гар сэтгэл нийлдэг сайхан хамт олон хүч сэлбэн бүрдэж байдаг нь элдэв бэрхшээлийг давах гол хүч байдаг. Санхүүгийн хувьд өөрөө өөрийгөө аваад өргөжөөд, тэлээд явчих хэмжээний тогтолцоог нь бий болгочих юмсан хэмээн ажиллацгааж байдаг.

Чуулган жил бүр яг энэ хэлбэрээр болоод л байх уу? Шинэлэг зүйл сэдэж байна уу, эсвэл хуучнаараа байх нь дээр үү?

Зохион байгуулалтын хэлбэрийн хувьд зорилго чиглэлээсээ хамаараад жилээс жилд баяжин өөрчлөгдөж байдгийг өнгөрсөн 10 жилийн түүх нь харуулна. Нарийн харвал яг нэг хэлбэрээрээ болоод буй бас биш л дээ. Чуулган “амьтай, амьсгалтай”. Тэрийг нь бөхөөж, удаашруулж болохгүй. Өмнөх чуулгануудынхаа бий болгосон хөрс дээр суурилан дараагийн чуулган нь шинэлэг санаанууд баяжин хийгдэж байх ёстой. Хийх ажил санаж мөрөөдсөн хэмжээнд хүрэхгүй ч санаж мөрөөдөхөө зогсоож болохгүй. Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт бууралт ч чуулганыг хэр өргөн дэлгэр хийхэд тусгалаа олоод байх юм. Энэ жил бид нөөц боломжиндоо баригдаад өргөн хүрээтэй хийж амжихгүй гэдгээ зарласан. Бас хэт өргөн хийхээр нөгөө бүрддэг бүлсэг халуун уур амьсгал нь багасаж мэдэх шинжтэй юм билээ.

Энэ жилийн чуулганы онцлог?

Өмнө бид онолын шинжтэй сэдвүүдээр зохиож судлаачид, оюутнууд оролцон чуулж байв. Энэ жилийн хувьд ялгарах нэг онцлог нь баялагийг хийж бүтээж буй хүмүүс болох гадаадад бизнес эрхэлж буй монголчууд маань өөрсдийнхөө бизнесийн онцлог, тухайн оронд уг бизнесийг эрхлэх орчин ямар байна. ямар туршлага хуримтлуулав, тэдгээрээс эх орондоо хэрэгжүүлэх санал бодол юу байна гэдэг талаар илтгэж чуулах юм.

Элчин сайд Н.Тулгатай ярилцаж зөвлөлдөсний үндсэн дээр 11-р чуулганы хувьд бид голлон Британи дахь бизнес эрхлэгчдийнхээ хүрээнд төвлөрч хийхээр зохион байгуулах баг бэлтгэл ажилаа хангаж байна. Сайд маань London Academy of Diplomacy сургуультай яриж чуулган зохион байгуулагдах танхимыг бүтээж өглөө.

11275260_943254709072123_715498007_oБританид бүтээлч үйлдвэрлэлийн, загвар дезайнийн, тээвэр зуучлалын, гоо сайхны, бие бялдрын, зоогийн газрын, худалдаа үйлчилгээний, аялал жуулчлалын, консалтинг (зөвлөлгөө өгөх), цахим худалдаа зуучлалын гэх мэт олон чиглэлээр 20 орчим бизнес үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бизнесүүдийн төлөөллүүд илтгэлээрээ оролцоно. Мөн Швед дахь бизнес эрхлэлтийн орчин цаашдын чиг хандлагын талаар Швед дах Монголын элчин сайдын яамны худалдаа эдийн засгийн зөвлөх өөрийн биеэр хүрэлцэн ирж илтгэл тавих бол, Канадын хөрөнгийн зах зээл, Польшийн мэдээлэл технологийн салбарт бизнес эрхэлж буй залуусын цахим илтгэлүүд ирлээ.

Шунхлай группийн дэргэдэх NTV TV өнгөрсөн 2 чуулганы мэдээллийн спонсороор ажилласан уламжлалаа хадгалан ажиллана. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Гадаад Харилцаа Эдийн Засгийн Яам ч урьдын адил дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байгаа.

Өөр нэг дурдууштай онцлог нь 11-р чуулган цааш салаалан гарах олон горхи булгийн ундарга болох чуулган болно. Учир нь өнгөрсөн жил Гадаад Харилцааны Яамтай (хуучин нэрээр) хамтран зохион байгуулсан “Бүтээлч Хамтын ажиллагаа” чуулганы үеэр Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл гэж байгуулагдсаныг та мэднэ. Энэ Зөвлөл дотроо үйл ажиллагааны чиглэлүүдээ хариуцсан 5 хороотой. Түүний нэг нь энэ удаагийн чуулганыг хамтран зохион байгуулалцаж буй Бизнес Хөгжлийн Хороо (БХХ). Уг Хорооны дарга, Канадад суугаа С.Болортой ярилцаад “Британи дахь бизнес эрхлэгч Монголчуудаа түлхүү оролцуулсан энэ жилийн чуулганаа өртөөчлөөд БХХ –ноос ийм сэдэвтэй уулзалт хурлыг тив тивүүд дахь бизнес эрхлэгч монголчуудаа оролцуулаад уламжлал болгон зохион байгуулах” гэдэг дээр санал нийлсэн байгаа. Хойтон магадгүй Хойд Америкт ч юм уу хаа нэгтээ Бизнес эрхлэгч Монголчуудын 2 дахь чуулган болж улмаар уламжлагдан тогтох нь ээ гэсэн үг.

Хилийн чанад дахь Монголчуудын Холбоодын Зөвлөл өөрийн гэсэн ажил, үүрэгтэй болох нь ээ?

Зөвлөл өөрийн дүрэмтэй, ажлын төлөвлөгөөтэй. Гэхдээ энэ байгууллага шинэ тулгар тул бас эв зүйгээ олоход нь энэ мэт тогтсон хэлбэршсэн ажил нэмэр болж магад гэсэн санаа.  Ийм дэд чуулган уламжлаад хийдэг Xchuulganболчихвол БХХороо маань хийдэг бэлддэг ажилтай, хүрээлүүлдэг хамтардаг хамт олонтой болоодох нь. Харин “Монгол Орны Хөгжилд” 12 дахь чуулганаа Францын нийслэл Парис хотноо хийхээр Франц дах Цахим Өртөөч, 9-р чуулганд дэмжлэг үзүүлж байсан Францийн Galeries Lafayette компанид удирдах ажил хийдэг Ц.Азбилэгтэй ярьж буй. Чуулган хаана зохион байгуулагдана тэндэх төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөлөл хамтарч хийдэг уламжлалтай тул Лондон дах элчин сайдын яамнаас бас Франц дах яамтай энэ талаар холбогдох байх.

12 дах чуулганаа мөн Зөвлөлийн Урлаг Соёлын Менежмэнт, Аялал Жуулчлалын Салбар Хороотой хамтран, хилийн чанадад энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй Монголчуудаа оролцуулан хийхээр уг Хорооны дарга Ж.Өнөрмаатай ярьж тохироод байна. Ингээд 12 дугаар чуулганаас өртөөчлөөд урлаг соёл, аялал жуулчлалын сэдэвтэй чуулган уламжлал бий болчихвол бас л уг Хорооны ажил үйлс нь олонд илүүтэй танигдаад ирнэ гэсэн үг. Зөвлөлийн бусад хороод ч үүнээс санаа аваад “Монгол орны хөгжилд” чуулгантай хамтрах эсвэл бие даах, өөр бусадтай хамтрах хэлбэрээр ийм ажиллагаанууд зохиож болно. Ингээд харахаар чуулган маань өөрийн хуримтлуулсан туршлага, нөлөөгөөрөө ижил зорилго чиглэлтэй бусад байгууллагынхаа үйл хэрэг нь өсөж хөгжихөд нэмэр болж эхэлж байна. Чуулганаас чуулганууд төрж, нөгөө ундаргууд энд тэндгүй бургилна гэсэн үг. Улмаар дэд чуулганууд нь томроод туршлагжаад,  харилцан биесээ дэмжээд суралцаад явах үүд нээгдэнэ. Тэгэхээр 11-р чуулган бас цомхон хийгдэж буй ч цаад санаа том чуулган болох гэж байгаа биз /инээмсэглэв/.

Хөгжил бол эцэстээ хүн л байдаг. Чуулганы оролцогчдын цар хүрээг харахад Монголын сорууд орсон байна лээ. Оролцогсдод ямар нэг шалгуур тавьдаг уу?

Өмнөх 10 чуулганд нийтдээ 150 гаруй илтгэгчид оролцсоны 50 орчим хувь нь салбар салбарын докторууд, 30 орчим хувь нь мастер зэрэгтэнгүүд байдаг нь таны хэлж буйг тоон хэлээр бататгах үзүүлэлт байж магад. Бас тэдгээрийн 80 орчим хувь нь Монголдоо очоод мэргэшсэн салбартаа амжилттай ажилллаж байна. Хоорондоо “Монгол орны хөгжилд” тэддүгээр чуулган гээд ярихаар дурсамж бодлын үзүүрүүд огтолцдог байж таараа. Тэр нь цаашдын итгэлцэл нөхөрлөл үүсэхийн нэг зангилаа болдог гэж итгэдэг. Тэндээсээ хамтын үйл хэрэг өрнөнө. Илтгэгчдийг сонгох шалгуур нь тухайн жилийн илтгэл болоод илтгэгчдэд тавигдах л нийтлэг шалгуур байдаг юм.

“Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг зохион байгуулагсдын эцсийн зорилго яг юу вэ? Байгууллагаар бол Алсын хараа гэдэг дээ.  Чуулганыхан хаана хүрч юу бүтээх бол?

Тусгаар Монгол орон оршин тогтнож байгаа цагт түүний хөгжил цэцэглэлтэй холбогдон хийгдэх олон үйл хэргийн нэгэн адил энэ чуулган хийгдсээр байна гэж итгэдэг. Чуулганд оролцогч хүн бүрийн оюуны хүчийг улс орны хөгжлийн алхаанд нэмсээр явах нь түүний зорилго.

Өмнө хэлсэн, чуулган бол үйл хэрэг өрнөхийн эхлэл, ундарга. Энэ ундаргыг зөв зүйтэйгээр ашиглан хамтдаа улс орныхоо хөгжлийн төлөө хийж бүтээх залуусын үйлс хэрэг л чуулганы хаана хүрч юу хийхийг нь тодорхойлох хэрэг. Харин ундаргыг унтраахгүй улам бүр хөгжөөж байх нь зохион байгуулагчдын үүрэг.

Чуулганаас төрсөн нэг санаагаа бид бас ажил болгоод жигдрүүлж байна. Энэ бол Элчин сайдын яам, Цахим Өртөө Холбоо, Британийн Монголчуудын Холбоо хамтран Британийн Монголчуудын дунд зохион байгуулж буй сар бүрийн “Оюунлаг Оршихуй” уулзалт. Чуулган жилдээ нэг болдог, хугацаа холдоод буй санагдсан, бас өөр бусад шалтгаанаар арай ойр зайтай оюуны цуглаан хийж байхаар шийдсэн. Элчин сайдын яамныхаа байнгын дэмжлэг, ойр дотно хамтын ажиллагаа, бусад байгууллагуудын оролцоотойгоор энэ уулзалтаа 2 жилийн турш зохион байгуулж 24 дэх дугаараа хийхээр өдгөө бэлдэж буй. Уулзалтаас уулзалтад энэ маань бас хэлбэршиж, олонд танигдаж буйд бид баяртай байгаа.

Маш их баярлалаа. Чуулганаа сайн зохион байгуулаад тайлан мэдээлэл дуулгаарай?

Монгол хүн бүр оюунлаг үйлсийг дэмжиж, боломжоороо оролцож байгаасай гэж хүсэх байна. Чуулганы http://www.md-forum.eu вэбсайтаар зочилж цаг үеийн мэдээлэл, илтгэлүүдийг авах боломжтой.

Ярилцсан Г.Солонго

 

Advertisement

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих


CAPTCHA Image
Play CAPTCHA Audio
Reload Image

XII чуулган – Зохион байгуулагч байгууллагууд

Монгол Улсын
Гадаад Хэргийн Яам
Монгол улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа ЭСЯ
Монгол улсаас Их Британи Умарт Ирландийн нэгдсэн Вант Улс дахь ЭСЯ

Британийн Монголчуудын Холбоо

Цахим Өртөө
Холбоо


Galaries Lafayette French department store company

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл

Будда продакшн

XII чуулган – Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд



cim-logo-en
Bundesministerium für wirtschaftliche Zusammenarbeit und Entwicklung


cim-logo-en
Centre for International Migration and Development


Монголын медиа корпарацийн Eagle.mn сайт
Швед Улс дахь Монголчуудын Үндэсний Холбоо





Creative Curating
cim-logo-en
Хөх Монгол Хэвлэлийн газар
rat-logo-en
ХБНГУ
ТББ-уудын Зөвлөл