Чуулганыг дэмжигчдэд хүргэх уриалга

Британи дах Монгол Улсын Элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбооноос бусад байгууллага хувь хүмүүсийн дэмжлэг хамтын оролцоотойгоор гадаадад суралцагч, мэрэгшигч нарыг эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах мэдлэг оюуны нэгэн ундарга болгох зорилгоор “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг 2005 оноос хойш уламжлал болгон жил бүр зохион байгуулж ирлээ.

Чуулга уулзалт жилээс жилд өргөжин тэлж тэр хэмжээгээр утга, агуулга, зорилго, чиглэл нь ч баяжин арвижсаар. 2005 оноос хойш зохиогдсон нийт 7 удаагийн чуулга уулзалтад нийт 12 орноос давхардсан тоогоор 100 гаруй илтгэгчид Монгол орны хөгжил дэвшилтэй холбогдох сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Мөн чуулганы талаар гадаадад буй монгол иргэдийн өсөн нэмэгдэж буй сонирхол, эрэлт шаардлагатай уялдуулан 8 дугаар чуулганаас эхлэн Европын улс орнуудад жил бүр ээлжилэн зохион байгуулахаар болсон билээ.

8 дугаар чуулга уулзалтыг 2012 оны 5 сарын 5-ны өдөр Шведийн Вант Улсын нийслэл Стокхольм хотноо “Өндөр технологи, Европын стандартыг Монголд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Чуулганы хүрээнд өндөр хөгжилтэй оронд суралцаж буй залуусаа нэгэн дор уулзуулан сурч мэдсэн судалж мэрэгшсэн мэдлэг, туршлагаа харилцан солилцоод зогсохгүй ажил хэргийн, анд нөхдийн хэлхээ холбоо үүсгэх таатай боломжоор хангаж байдаг билээ.

Төр засгийн зүгээс гадаадад суугаа Монголчуудынхаа оюуны боломж чадавхийг улс орны хөгжилд үр өгөөжтэйгөөр ашиглах тогтолцоог бүрдүүлэхтэй холбогдуулан боловсруулж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд, дотоодын зах зээл дэх өндөр хөгжилтэй оронд суралцаж мэрэгшсэн боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангах зэрэгт манай чуулган томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд цаашид ч оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Чуулганы зорилго хамрах хүрээ өргөсөж, үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэхийн хэрээр түүний бэлтгэлийг хангаж зохион байгуулах, үйл ажиллагаа, үр дүнг улам өгөөжтэй болгоход  зорилго, чиглэл нэгтэй хамт олны ажил хэрэгч хамтын ажиллагаа, санхүүгийн болон бусад дэмжлэг туслалцаа маш чухал байна.

Энэхүү чуулганыг дэмжиж хамтран ажилласнаар танай байгууллагад дараах үр өгөөж гарна хэмээн бид үзэж байна:

•    Шинжлэх ухааны парктай танилцах аялал хийх, Шведийн дэвшилтэт технологийн компаниудтай танилцах;
•    Шведийн ижил төстэй байгууллагатай хамтын ажиллагаа тогтоох;
•    Өндөр технологи болон бусад нарийн мэргэжлээр Европ даяар суралцаж, ажиллаж буй Монголчуудтай уулзах, холбоо тогтоох, хүний нөөцөө бэхжүүлэх
•    Компанийнхаа үйл ажиллагааг Европын орнуудад ажиллаж, сурч буй Монголчуудад сурталчлах.

Та бүхнийг бидний ажил, үйлсийг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

8-р чуулганы дэлгэрэнгүй ХӨТӨЛБӨРийг эндээс татаж үзнэ үү.

Чуулгантай холбоотой асуудлаар нэмэлт мэдээ, мэдээлэл авахыг хүсвэл бидэнд  хаягаар  хандана уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *