Д.Баярсайхан, Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны магистр (MPH), Анагаах ухааны доктор, ДЭМБ-ын ахлах зѳвлѳх, Женев, Швейцарь)
Энэ өдрийн мэнд. Сүүлийн өдрүүдэд МҮОНРТ болон сошиалаар явж байгаа мэдээлэл олонд хүрч зарим нь юу болсон юм бэ, гадаадад байдаг эмч нарын хурал болсон юм уу гэж асууж байна. Иймд товч мэдээлэл, бодлоо хуваалцая.
1.Монгол улс дэлхийд нээлттэй болж Монголчууд хилийн дээс чөлөөтэй алхдаг болсон сүүлийн 30 гаруй жилийн дотор эх орон нэг олон хүмүүс гадаадад урт богино хугацаагаар гарч ажиллаж, амьдарч, бас суурьшив. Өнөөдөр гэхэд манай 11 хүн тутмын 1 гадаадад амьдарч байгааг НҮБ-ын Цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагын 2010 оны илтгэлд дурджээ. Энэ бол ойролцоогоор 280 орчим мянган хүн. Харлуулж биш цагааруулж хэлвэл тэндний сэтгэл зүрхэнд эх орон нь байнга уяатай байдаг юм. Иймээс ч ихэнх нь оршин суугаа орноо өөрийн оронтой харьцуулж яагаад бид ийм байж болохгүй, эндээс юуг нь сурч аваад нутагтаа суурьшуульж болохоор байна, юун дээр бид алдаад байна гэж байнга санаж, бодож явдаг онцлогтой. Чухамхүү ийм санаа бодол, зорилго дор “Монгол орны хөгжилд” сэдвээр жил бүр уулзаж байх санаачилгыг 2005 онд Лондонд байдаг Монголчууд гаргаж анхны уулзалтыг зохион байгуулсан байдаг. Үүнээс хойш энэ уулзалт Улаанбаатар, Берлин, Сеүл, Парис, Стокхолм, Торонто гээд хотуудад 14 удаа болсон байна. Ингээд 15 дахь уулзалт Варшав хотод энэ сарын 10-нд болов.
- Жил бүр эх орныхоо хөгжлийн асуудалд анхаарч хөнддөг сэдэв өөр өөр байдаг ч энэ удаа “Эрүүл мэнд, тогтолцоо” сэдвийг сонгосон нь тохиолдлын зүйл биш байв. Нэгд Польш улсад манай эмч нар 1990-д оны үеэс ирж ажиллаж эхэлсэн, одоогоор хамгийн олон эмч нар гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаа орон юм. Хоёрт 2030 он хүртэл дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн зорилтууд эрүүл мэндээр дамжиж бүх нийтийн хамралтад хүрэх, бүх салбарт эрүүл мэндийн асуудлыг оруулж тусгах, үүний тулд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх асуудалд дэлхий нийт анхаарч байгаа энэ цаг үед энэ арга хэмжээ зохиогдов. Энд зөвхөн гадаад гэлгүй Монголоос ч эмч нар маань ирж оролцсоныг тэмдэглэх хэрэгтэй. Иймд сонгосон, ярьсан сэдвийн ач холбогдол илтгэл, ярилцлага, уулзалт бүрээс тод харагдаж байв.
- Дэлхийн 17 орноос зорин ирсэн 120 гаруй хүмүүс маань бид гадаадад байдаг учраас бусдаас илүү мэднэ, би, бид ийм юм хийж байна, бид мундаг гэх мэт өөрсдийгөө магтаж дөвийлгөх, бусдаас илүү гэж харагдах, бусдыгаа үл тоож шүүмжлэх, эсвэл биднийг үл ойшоож, тоохгүй байна гэх мэт гоморхох нэг ч үг, яриа энд гаргасангүй. Ийм сонин үзэл бодол, ёс суртахуун гадаадад жинхэнэ ёсоор сурч боловсорсон, мэргэжлийн түвшинд ажиллаж яваа хэнээс олж сонсохгүй л дээ. Харин эх орондоо байгаа зарим нэг хүмүүс л та нарын гахай, шувууны мах идсэн тэндээ л биз, юм мэдэж чаддаг бол тэндээ л амьдрахаа бод, залуу насаа тэнд өнгөрөөчихөөд ясаа тавих гэж битгий ир гэх мэт болчимгүй, бодлоггүй яриа гаргадаг, тэрийг нь шүүрч аваад ёстой сайхан хэллээ гээд магтаж, хөөрч суух нь ч бий. Ингэж бид хөгжихгүй ээ. Бидний цөөхөн монголчууд гадаадад ч бай, дотоодод ч бай эрдэм, боловсрол олж мэдлэг, туршлага ярих хэмжээнд үнэхээр хүрч очсон бол тэр хэмжээндээ таарсан өндөр ёс суртахуунтай, нэг цул байж хөгжихөөс бус хоорондоо талцаад, гадаад, дотоодоор хуваагдаад нэг нэгнээ доош хийж дээр нь гарах гэж гүйгээд юу ч хожихгүй. Энэ бол өрсөлдөөн биш, энэ бол хөгжлөөс хол атаархал, хагарал, бутрал, хүний идэш болох арчаагүй зан авир, үйлдэл. Энэ тал дээр бол ажилдаг орчин нь цэвэр, тунгалаг, шудрага байдаг хилийн чандад байгаа Монголчууд үлгэр үзүүлэх нь дамжиггүй.
4.Варшавын Чуулганы гол онцлог юу байв?
А. Эрүүл мэндийн тогтолцооны хөгжилд анхаарах нь зөв юм байна, тогтолцооны талаарх судалгааны ажлыг өргөтгөе, аливаа бодлого, шийдвэрийг мэдээлэл, нотолгоо, үнэлгээнд тулгуурлаж хийдэг, тогтсон үзүүлэлтээр үр дүнг тооцдог практик нэврүүлье. Нэн ялангуяа дэлхийн улс орнууд өнөөдөр өргөн хэрэглэж байгаа эрүүл мэндийн технологийн үнэлгээ (Health Technology Assessment буюу HTA)-г эрчимтэй нэврүүлэх хэрэгтэй байна гэсэн чухал дүгнэлтэд хүрэв.
Б. Анагаахын шинжлэх ухааны оргил гэж үзэж болохоор эрхтэн шилжүүлж суулгах ажлыг манайд улсад улам эрчимтэй хөгжүүлэх боломж болон энэ асуудлыг зөвхөн Монгол бус Ази тивийн сулжээ байдлаар ч хөгжүүлж болох тухай мэргэжлийн өндөр түвшний сонирхолтой санал дэвшүүлсэн илтгэл сонсов. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд зүү, тариураас ДОХ болон бусад халварт өвчний халдвар авдаг болсон тул үүнээс сэргийлж 2, 3 дахь үеийн шинэ зүү, тариур гарч байгааг мэдэв. Анх зүү тариурын үйлдвэрийг Самсунг-тай хамтарч Монголдоо байгуулах гэж явахад өвчтөн дахиж хэрэглэхээс хамгаалж шууд өөрийгөө устгадаг 1-р үеийн шинэ тариурыг хийж болно гэж бид тооцож байсан юм. Одоо өвчтөн төдийгүй эмч, эмнэлгийн ажилтнаа хамгаалсан 2, 3-р үе гэж ярьж байна, энэ бол хөгжил.
В. Эмчийн хариуцлага, эрх зүй, ёс зүй, үүнтэй холбогдсон торгууль, шийтгэл, эрүүгийн хариуцлага гээд чухал асуудал хөндөгдөв. Зарим шийтгэл, мөнгөн торгууль оновчтой бус байгааг тодорхой жишээтэй ярилцсанаас гадна эмч хүн мэргэжлийн алдаа гаргаад шийтгүүлдэг байхад нотолгоо, судалгаагүй буруу шийдвэр гаргаж, алдаатай бодлого явуулсан эрхтэн, дархтантай хариуцлага тооцдоггүй нь хэр шудрага вэ гэдэг асуулт гарав. Энэ үнэхээр бодууштай хариуцлагын чухал асуудал юм.
Г. Ардын уламжлалт эмнэлгийг дэлхийн зах зээлд гаргах боломж энэ чуулганы нэг сонирхолтой сэдэв байлаа. Энэ тал дээр Польш болон ОХУ-д улсад амжилттай ажиллаж байгаа эмч нарын маань ажил, амжилт яах аргагүй сонирхол татав. Гол нь бид бүгд нэгдээд стандарт, судалгаа, нотолгоо гэсэн 3 гол асуудлаа цэгцэлж чадвал Монголын уламжлалт анагаах ухаанаа дэлхийд таниулах боломж байна л гэж харлаа.
Д. Монголчууд маань гадаад эмчилгээнд их явдаг болсон. Зөвхөн 2017 он гэхэд БНСУ-д 59 тэр бум төгрөг зарж үүний 33 тэр бум нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр, үлдсэн 26 тэр бум нь амбулторын үзлэгийн төлбөр болжээ. Энэ бага биш маш их мөнгө. Үүнд зар сурталчилгаа гээд олон зүйл нөлөөлж байгаа, бас манай дарга нар ч их үлгэр, дууриал үзүүлж байгаа. Үүнийг дагаад орон гэр, мал, эд хөрөнгөө зараад хүртэл эмчилгээнд явдаг, үүнээс болж амьдрал ахуй нь доройтдог тохиолдол их гарах болсон. Сүүлийн судалгаагаар жил бүр 20 мянга гаруй хүн эмчилгээний зардлаас болж ядуурч байгааг чууулган дээр танилцуулав. Энэ мэт олон чухал асуудал энд хөндөгдсөнд баяртай байна.
Ийнхүү хилийн чанад дахь Монголчууд маань жил бүр зардал, чирэгдэл гаргаж хөгжилд нөлөөтэй тодорхой салбарын асуудлаар уулздаг, ярилцдаг, санал, бодлоо хуваалцдаг, зөвлөмж гаргадаг ч усанд хаясан чулуу шиг алга болдог. Үүндээ анхаарч оюуны хөрөнгө оруулалт гэж үзэж болохоор санал, зөвлөмж, шийдвэрээ хүргээд зогсохгүй асууж сураглаж, ярьж таниулж боломжоороо ажил, хэрэг болгох талаар хамтарч ажиллах хэрэгтэй юм байна гэдэг дээр санал нэгдэв. Үүгээр зогсохгүй гадаадад байгаа Монголчуудын санал бодол, дуу хоолой, нөлөөг хууль тогтоох хэмжээнд хэрхэн оновчтой хүргэх тухай ч хөндөв.
Чуулганы төгсгөлд Польш улсад амжилттай сайн ажиллаж байгаа зарим эмч нарт Эрүүл мэндийн яамны жуух бичиг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг, мөн Алтан гадас одон гардуулсан нь их сайхан байлаа. Мөн оройн хүлээн авалтын урлагын тоглолтыг эмч нар маань аваад явчихаж байна. Ямар их авьяас байна гэж биширч, бахархаж суулаа. Чуулганд Польшийн эрүүл мэндийн орлогч сайдын түвшний хүн уригдан бүтэн сууж оролцоод зогссонгүй оройн хоолон дээр ирж Монгол дууг гайхамшигтай сайхнаар дуулан ая барилаа. Ямар их нөлөө, хүндлэлийг Монголчууд маань энд үүсгэж вэ гэдэг бодол төрж байв. Та нар маань мундаг байсан, бүгдэд дахин баяр хүргэе. Дараагийн чуулган тогтвортой хөгжлийн асуудлаар Лондон хотноо 2020 онд болохоор тохирлоо.