Хилийн чанад дахь Монголчуудын Xолбоо, ТББ –уудын талаархи нэгдсэн танилцуулга мэдээлэл

nomunerdene

Илтгэгч : Н.Номун-Эрдэнэ

Гадаадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын ТББ-уудын талаархи нэгдсэн мэдээллийг хийх боломж олдсонд баяртай байна.

Юуны өмнө энэхүү чуулга уулзалтуудыг санаачилж,зохион байгуулалтын ажлыг хариуцаж , бидэнтэй байнга холбогдож ажилласан Гадаад харилцааны яам болон Цахим Өртөө Холбоо ТББ-ын хамтарсан ажлын хэсэг болон илтгэлийг бэлтгэхэд холбогдож ажилласан  нийт байгууллагууд,  зөвлөж, хамтран ажилласан ХБНГУ дахь Монголчуудын ТББ-уудын зөвлөлийн хамт олон болон  Цахим Өртөө Холбоо ТББ-ын тэргүүн Д.Цэрэнбат, ГХЯ-ны Консулын газрын 3-р нарийн бичгийн дарга С.Энхцэцэг, АНУ-д суугаа нийтлэлч Г.Галбадрах нарт мөн талархсанаа илэрхийлье.

1.    Хилийн чанад дахь Монголчуудын Холбоод,ТББ-уудын үүсэл, үйл ажиллагааны хэлбэрүүд

1990 -ээд оноос иргэд маань хилийн дээс алхаж арилжаа наймаа хийж түр хугацаагаар явахаас гадна нэг хэсэг нь сурах боловсрох чиглэлийг эрхэм болгож, нөгөө нэг хэсэг нь олны хэлж заншсанаар бол хар, цагаан байдлаар ажил хийж амьдрал ахуйгаа өөд татах болон бусад  зорилгоор гадагшаа амьдрахаар нүүдэллэн явцгаасан билээ. Улс орны эдийн засаг, нийгмийн байдал ч нүүж сайн сайхан орчинг хайж явахад хүргэсэн гэж ярих хэсэг ч бий.
Тодорхой тооны иргэдийн нэгдэл үүссэн тив, улс, хот,  бүс нутгуудад мөн сонирхол, нийгмийн бүлгүүдээрээ нэгдсэн Монголчуудын олон төрлийн үүсгэл санаачилгын байгууллагууд албан болон албан бус байдлаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь эх орноосоо хол яваа иргэдийн хувьд эх нутгаа санагалзсан сэтгэлийн илэрхийлэл, нөгөө талаас өөрсдийн чадах зүйлээрээ Монгол эх орон, иргэддээ туслая дэмжье  гэсэн халуун сэтгэл,  зүтгэл юм.
Тодорхой газар нутгийнхаа байршлаараа нэгдэж нягтрахаас гадна дэлхий даяар тархан суугаа Монголчууд маань цахим сүлжээгээр холбогдож,  мэдээлэл солилцдог, үзэл бодлоо уралдуулдаг,  мэргэжил сонирхлоороо нэгддэг, тодорхой ажлуудыг ч хамтран хэрэгжүүлдэг сүлжээ, цахим хуудсыг бий  болгон ажиллаж байна.
Гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа Монголчуудын төрийн бус байгууллагуудыг дараахь байдлаар ангилж болохоор харагдаж байна.

Үүнд:
1.    Нийтлэг хэв шинжийн үйл ажиллагаатай ТББ /Монголчуудын холбоодуудыг  ойлгож байна /
2.    Үндэсний соёл , спорт уламжлалыг сурталчлах зорилготой ТББ /Соёлын төв , ардын урлагийн хамтлагууд/
3.    Нийгмийн тодорхой бүлгүүдийн ТББ / Эмэгтэйчүүд, оюутан, залуучууд гэх мэт /
4.    Хүмүүнлэгийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг ТББ
5.    Спортын төрлүүдийн салбар ТББ
6.    Хамтарсан хэлбэр / Мөн сүүлийн үед тодорхой улс, тивүүдэд холбоо байгууллагууд харилцан туршлага, мэдээллээ солилцох, хамтарч ажиллах зорилгоор зөвлөл, нийгэмлэг гэх хамтын ажиллагааны бүтцийг бий болгож ажиллаж байна. Эдгээр бүтцүүд нь тодорхой хугацааны дотор биечлэн болон цахим байдлаар холбогдож үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Орчин үед цахим хуудас болон нийгмийн сүлжээнүүд болох Facebook болон жиргээг /Твиттер/ ашиглан дэлхийн өнцөг булан бүрээс холбоодууд груп, хуудсууд  үүсгэж хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мэдээлэлээ солилцон ажиллаж байна.
7.    Монгол хэл,  соёлоо хүүхдүүд, өсвөр үеийнхэнд сургах, уламжлуулах зорилготой сайн дурын үндсэн дээр ажиллаж байгаа сургууль, сургалтын төв, дугуйлан.
8.    2 орны иргэдийн оролцоо бүхий холбоо,  нийгэмлэгүүд.
Жич: Зарим орнуудын ЭСЯам энэ  төрлийн байгууллагуудыг Монголчуудын байгууллага гэж үзэхгүй байх хандлага гаргадаг байна. Монголчууд маань үйл ажиллагаанд оролцдог, 2 орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа эдгээр хүмүүсийг гадуурхах хандлага гардаг нь тун тоогүй.
Гадаад харилцааны яамнаас  болон бидний олж авсан  одоогийн байдлаархи мэдээллээс харахад хилийн чанадад тив,улс,хотуудын шинжтэй нийт 114 Монголчуудын холбоо, ТББ-ууд байна.
Гэхдээ энэхүү бүртгэлийг цаашид шинэчилж,үйл ажиллагаа тогтвортой явуулж байгаа эсэх дээр судалж сайжруулах шаардлага байгаа гэж бодож байна.

2.  Гадаад дахь Монголчуудын байгууллагуудын үйл ажиллагаа, сайн санаачилгууд, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам, бусдын туршлага

Иргэний санаачилга, сэтгэл зүтгэл гаргаж буй цөөн хүмүүсийн санаачилгаар холбоо, бусад байгууллагууд бий болж, өөр өөрсдийн улс,хотууддаа Монголчууддаа зориулсан, Монголоо сурталчилсан ажлуудыг зохион байгуулж, үйл ажиллагаа зохион байгуулалтын хэлбэр дүрсээ олж, туршлагажиж байгаа. Гэхдээ явуулж буй зарим гол үйл ажиллагаанууд нь бодлогын шинжтэй дэмжлэггүй учраас унтрах шинжтэй, зохион байгуулж байгаа хүмүүс нь залхах эсвэл оролцоо нь багасах хандлагатай болж байна. Санаачилгатай иргэдээ алдах нь хамгийн том асуудал.

Мөн түүнчлэн нэг удаа ихээхэн хүчин зүтгэл гарч зохион байгуулагдсан үйл ажиллагааны үр дүнг улс орны хөгжилд нөлөөтэй эсэх талаар авч үздэггүй, нөлөө болохуйц шилжилт үүсдэггүй ингэснээрээ уг ажил огт хийгдээгүй мэт болж хувирдаг.

Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр л хийгдэж байгаа учраас та нар бүх үйл ажиллагаагаа өөрсдөө л зохицуул гэдэг хандлага сүүлийн үед харьцангуй зөөлөрч байгаа юм уу гэж үзэж болохоор. Гэхдээ хувь хүний хандлагаас хамаарсан байдал үргэлжилсээр байна. Энд хэн нэгнийг буруутгахаас зайлсхийх нь зөв байх. Мөрдөгдөж байгаа албан ёсны харилцан ойлголцсон бодлого нь тодорхой бус , хэрэгжүүлэх механизмаа боловсронгуй болгохтой холбоотой. Хэдийгээр дипломат төлөөлөгчийн газрууд болон Монголчуудын байгууллагууд харьцангуй ойлголцолтой хамтраад яваад байгаа мэт боловч үндсэндээ хэн гэдэг сайд ирэх бол биднийг яаж хүлээж авах бол, яаж харилцаж ажиллах бол гэдэг бодол гэх үү, за хүндээр бодвол болгоомжлол байдаг нь нууц биш. Тэгэхээр хэн нэгэн  ганц нэг даргаас аль болох бага хамааралтай төр, иргэний байгууллагын хамтын оролцоо, ойлголцол бүхий бүтэц буюу хамтын ажиллагаа нь илүү ойлгомжтой, байнгын эргэх холбоотой, харилцан хяналт тавих зорилготой хамтарсан зөвлөлийг бий болгох зайлшгүй шаардлага бий болж байна.

Мэдээж хоорондоо уулзахаараа ярьдаг сэдэв бол Монгол. Эх орныхоо сайн сайхан хөгжлийн төлөө. Монгол улс маань ийм болчоосой гэж амьдарч байгаа улстайгаа харьцуулж ярилцана. Эх орондоо байгаа Монголчуудаасаа “тасарсан ухаантайдаа” биш харсан үзсэн сайн сайхан зүйл нь улс оронд нь бий болчоосой  гэж санаа тавицгаана. Улс орондоо хэрэгтэй мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа иргэдээс гадна хийж байгаа ажлаасаа өндөр чадвар эзэмшиж байгаа иргэд ч байна. Энэ хүмүүсийнхээ боломж бололцоог эх орныхоо хөгжилд хэрхэн яаж ашиглах вэ гэдэг төрийн бодлого байгаа юу?

Оролдлого байсан уу? Цаашид яавал зүгээр вэ? гэдэг дээр тогтож бичье.

1. Зөгийн үүр гэж өмнөх засгийн газар баталсан нэг хөтөлбөр байсан. Тэрийг нь бараг уншиж ч амжаагүй байхад дараагийн засгийн газар нь гарч ирээд “нам “. Энэ хөтөлбөр уг нь хилийн чанадаас өндөр боловсрол эзэмшсэн иргэдээ дэмжих л зорилготой байсан байх. Баяжуулаад, засаад явах боломжийг эрэлхийлж  ажиллах л чухал. Бодлогын шилжилт гэдэг тал дээр цаашдаа бодмоор юм  байна.

Ерөнхий сайдын ивээл доор хилийн чанадад байгаа иргэдийн анхдугаар уулзалт , Европын Монголчуудын анхдугаар уулзалтыг Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд Берлин хотноо зохион байгуулах зэрэг арга хэмжээг дурьдаж болно. Гэхдээ энэ удаагийн чуулга уулзалт нь холбоо төрийн бус байгууллагууд хэмээх идэвхитэй гэж хэлж болох хүмүүсийнхээ санаа бодлыг тусгайлан авч үзэх гэж байгаагаараа онцлог юм.

2. Хилийн чанадад байгаа иргэдтэйгээ хамтран ажиллах талаар  дан ганц хурал цуглаан хийгээд л дуусдаг. Араас нь хийгдэх ажил дээр дутагдалтай байдаг. Бусад улсууд  гадаадад байгаа иргэдтэйгээ хамтарч ажилладаг юм болоо гэж ганц нэг орныг сонирхож үзлээ.

Жишээ нь: Дани улс дүрвэж гарсан иргэдтэйгээ тухайн тухайн улсад бий болсон иргэдийн сайн дурын иргэдийн байгууллагуудыг нь дэмжих замаар тэдгээр олон нийтийн байгуулагуудын тусламжтайгаар иргэдийнхээ бүртгэлийн баазаа өргөтгөж, мөн боловсролтой чадварлаг иргэдийнхээ талаархи мэдээллийг ч өргөтгөж явдаг байна. Үүнийгээ дагаад иргэдийн үндэсний ухамсар ч дээшилдэг нь ойлгомжтой.

Үндэснийхээ хэл соёлыг уламжлуулах чиглэлээр онлайн сургалтын хэлбэрийг орчин үед идэвхитэй ашиглаж, байдаг нь авууштай.

Гадаадад орнуудад суугаа  БНСУ-ын элчин сайдын яам , Солонгос иргэдийн нийгэмлэгтэйгээ хамтраад олон үйл ажиллагаа явуулдаг. Жнь: Солонгос хоолны уралдааныг тухайн улсад оршин суудаг нийт Солонгос үндэстнүүдийнхээ дунд зохион байгуулдаг байгуулдаг байна. Үүгээрээ дамжуулан улс үндэстнийхээ эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноороо бахархах сэтгэлийг бадраах зорилготой аж. Үүнийг нь засгийн газар нь бодлогоор дэмжиж байх жишээтэй. Солонгосын дайны дараа эх орноосоо дүрвэсэн олон иргэд болон түүний залгамж хойч үеийн хүч боломж, сэтгэлийг татах гэсэн оролдлогуудын нэг ажээ.

3. Бидэнд боломж юу байна. Хилийн чанадад байгаа иргэдтэйгээ хамтран ажиллаж тэдгээрийн боломжийг ашиглах тал дээр өмнө нь оролдлого байсан уу  гэвэл байсан. Ерөнхий сайдын дэргэд урт нэртэй хууль гэдэг шиг урт нэртэй зөвлөл байв. Тэр зөвлөлийн ажилд ямар дутагдалтай тал байсан бэ? Учир нь  дандаа сайд дарга нараас бүрдсэн учраас иргэний нийгмийн байгууллагын санаа бодлыг шийдвэр гаргагчид нь төдийлэн сайн авч байгаагүйтэй холбоотой болов уу.

Дани улсын туршлагаас харахад Данийн нийгэмлэг хэмээх үндэсний хэмжээний,  төрийн байгууллагын дэмжлэгтэй, хамтын хяналттай төрийн бус байгууллага улс төрөөс,  сонгуулиас үл хамааран хилийн чанадад байгаа иргэдтэйгээ хамтран ажилладаг байна.

Бидэнд ч бас ийм улс төрөөс хамааралтай бус , улсынхаа иргэд цаашилбал Монголыг сонирхдог, дэмждэг хүмүүсийнхээ дэмжлэг, боломж бололцоог улс орон луу чиглүүдэг бодлогоо улам сайжруулахын сацуу, бодлогын хэрэгжилтийг хариуцсан тусгай бүтэц хэрэгтэй байна.

Монголчууд олон цөөнөөр янз бүрээр амьдардаг улс хотуудад Монголчуудын холбоо байгууллагууд янз бүрийн хэлбэрээр ажиллаж байна. Холбоодууд, ТББ-ууд иргэдийн дунд ажиллаж байна , төрийг төлөөлсөн дипломат төлөөлөгчийн газруудынхаа иргэдтэй хамтарч ажиллах үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж байгаа . Төр зарим үүргээ хуулийн хүрээнд төрийн бус байгууллагуудад тодорхой болзол шалгуураар нь шилжүүлээд явчихаж болмоор.

Жишээ нь: Төр байгаа цагт иргэдтэй байх нь ойлгомжтой, иргэд нь хаана амьдарч байгаагаас үл хамаараад иргэд нь бодлогоо боловсруулахад оролцох, үр өгөөжөөс нь хүртэх эрхтэй, үүргээ ч ухамсарлах ёстой. Хилийн чанадад байгаа иргэдтэйгээ хэрхэн яаж үр дүнтэй хамтарч ажиллах вэ гэдэг бол улс орнуудын хөгжлийн том асуудал.  Нэгэнт гадаадад гарсан эх орноо гэсэн сэтгэлтэй чадварлаг хүчийг нэгтгэн ашиглах бодлого боловсруулж , хэрэгжүүлж чадвал тэднийг эх орондоо ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөхөөс дутуугүй чухал юм.

Хилийн чанадад байгаа иргэдийн бүртгэл мэдээллийн сан бий болгох гээд үе үеийн төр засгийн байгууллагууд асуудал ярьдаг, лоозон чанартай бичсээр ирсэн. Энэ ажлыг зохион байгуулах хамгийн оновчтой хувилбар нь төрийн бус байгууллагуудын хүч боломж, туршлагыг ашиглах юм.

Монголчуудын холбоо, ТББ-уудыг түшиглэн хийвэл аль ч талаараа иргэдтэйгээ ойрхон байдаг, зохион байгуулалтай гэдэг утгаараа үр дүнтэй. Дан ганц төрийн байгууллага бүртгэл хийхээр үр дүн нь төдийлэн сайнгүй юм билээ. Мэдээллийн сан бий болгох зорилго байгаа бол тодорхой төсөл болгож,  төр тодорхой болзол шалгуураар байгууллагуудаас сонгоод, байгуулах гээд ярьж байгаа төр, төрийн бус байгууллагуудын хамтарсан зөвлөл нь бусад мэрэгжлийн байгууллагатай хамтраад арга зүйн удирдлагаар хангаад ажиллахад илүү үр дүнтэй гэж бодож байна.

4. Гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа Монголчуудын холбоо,  төрийн бус байгууллагууд  Монголчуудынхаа дунд олон талт үйл ажиллагааг ихэнхийг нь  өөрсдийн хүсэл сонирхол, цаг зав , боломж, мөнгөн санхүүгээ нэгтгэн өөрсдийн хүчээр зохион байгуулж, төрийг төлөөлсөн байгууллагууд маань бололцоогоороо зарим нэг үйл ажиллагаанд дэм болж байгаа ч тусгайлсан төсөв байхгүй гэдэг тайлбартай байдгийг дурьдах нь зүйтэй. Зохион байгуулж байгаа арга хэмжээ болгондоо элчин сайдын яамны гарыг  хараад байдаггуй, тэгж суух ч утгагүй л дээ.

Гэхдээ нэг том арга хэмжээний талаар олон холбоо байгууллагууд саналаа ирүүлсэн учраас энд өгүүлэх нь зүйтэй.

Эх орон, аав ээж, элгэн саднаа санасан сэтгэлээ дэвтээдэг, үндэсний дархлаагаа хадгалдаг, түүнчлэн гадаадынханд улс орноо сурталчилдаг хамгийн том арга хэмжээ бол Монгол наадам. Энэ арга хэмжээг дотооддоо бол улсынхаа хэмжээнд төрийн ёслол хүндэтгэлийн хамгийн том арга хэмжээ болгож тэмдэглэдэг.

Монгол улсын иргэд олноор төвлөрсөн зарим  газруудад бол наадмаар 500- 1000 гаруй хүн цугладаг , за цөөн хүнтэй газарт цөөндөө 100 гаруй хүн цуглаж наадамладаг. Гэтэл элчин сайдын яамдуудад энэ улс үндэстний арга хэмжээнд зориулсан батлагдсан тусгайлсан төсөв байхгүй гэж л ойлгогддог. “Зоригтойхон шиг хууль зөрчдөг сайдууд” нь наашаа ирж инээж, цаашаа харж уйлж байж л хэдэн юм зарцуулна. Холбооны хэдэн нөхдүүд нь өөрсдийнхөө төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгаа аятай жил бүр л наадам дөхөхөөр сэтгэл зовиноостой.

Угаасаа мөнгөгүй юм уу гэхээр гадныханд зориулж тодорхой баяр ёслолоор  хүлээн авалт хийх болохоор бага биш мөнгө зарлагадаад байх шиг. Энэ ч байх ёстой арга хэмжээ л дээ. Гэхдээ  Элчин сайдын яамны 1-р үүрэг нь улсынхаа иргэдээ дэмжиж, хамгаалах биз дээ уг нь. Энд би элчин сайдын яамдуудыг буруутгах зорилго агуулаагүй шүү. Угаасаа энэ бодлогоо л хамтран сайжруулах эхлэлээ энэ уулзалтаас тавих нь чухал юм.

5. Бүх дэмжлэгийг мөнгөөр дэмжих ч бас аргагүй. Мөнгөгүй ч гэсэн сэтгэл гаргаж бай л даа  гэмээр элчин сайдын яамдууд байна. Өнөөдөр бид өнгөрсөн юм руугаа дайраад байхдаа биш цаашдаа тогтолцоогоо сайн болгоё, хамтрая гэж цугласан  байгаа болохоор аль нэгнийг онцлохоо азналаа.

Ер нь элчин сайдын яамдуудын ажлын үр дүнг дүгнэдэг , гаргадаг энэ тогтолцоондоо иргэдийн саналыг авдаг  болох хэрэгтэй.

Элчин сайдын яамдад ажиллаж байгаа ажилтнуудын харилцаа, ёс зүйн асуудлаар баримттай мэдээлэл авч дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд нь мэдэгддэг эрхийг нь төр болон төрийн бус байгууллагуудын хамтарсан зөвлөлд өгөх нь зүйтэй.

6. Монголчуудын байгууллагууд янз бүрийн хэлбэрээр оршиж байгаа тухай би дурьдсан. Элчин сайдын яам, консулын газартай холбоодууд бол бас ч танагтай. Элчин сайд нь хавсран суудаг орнуудын холбоо болон идэвхи санаачилгатай иргэдийн хувьд айлын шоовдор хүүхэд шиг дүр зурагтай. Энэ асуудлыг ч гэсэн цаашдаа бодох л ёстой.

7. Монгол улс маань оршин тогтнохын нэг үндэс бол үндэсний бахархалаа дээдэлсэн, хэл,соёлтой иргэдтэй байх явдал. Энэ асуудалд дэлхийн олон оронд  байгаа иргэд, багш нар , байгууллагууд санаа зовниж, өөр өөрсдийн боломжоор хүүхэд залуустаа эх хэл, соёлын  сургалт явуулж байна.

Гадаадын улс орнуудад үйл ажиллагаа явуулж, тэнд өсч өндийж байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, соёл, зан заншлаа зааж сургаж байгаа нь “Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдалд оруулж байгаа үнэтэй хувь нэмэр” гэж үзэн  төр засгаас дэмжиж байх зайлшгүй шаардлагатай.

Цаашдаа төр засаг хилийн чанадад байгаа иргэдтэйгээ хамтарч ажиллах нэг гол асуудал  дараа үеийн иргэдийнхээ эх хэл, соёлын асуудалд онцгойлон анхаарч газар дээрээ ажиллаж байгаа хүмүүсийнхээ төсөл санаачилгыг дэмжихээс аргагүй.  Др.Саруул-Эрдэнэ энэ асуудлаар дэлгэрүүлж ярих учраас би энэ асуудлыг ингээд товчлон орхилоо.

8. Та бидний цаашдаа хийх ёстой нэг гол ажил бол хилийн чанадад сурч,ажиллаж амьдрахаар явж байгаа, явахыг хүсэгчдэд үнэн бодитой мэдээлэл өгч, дэмжин туслах зорилготой мэдээлэл сурталчилгааны ажил  байна. Энэ чиглэлээр олон оронд байгаа оюутан залуучуудын байгууллагууд

Монголдоо мэдээлэл сурталчилгааны ажил өрнүүлж, дэмжин туслах үйл ажиллагаа явуулж эхлээд байгааг нь дэмжүүштэй. Гадаадын орон гэхээр гайхамшигийн ертөнц гэж ойлгоод, зарим нэг хууран мэхлэгчдэд залилуулсан өдий төдий эх орон нэгтнүүд маань ахуй амьдралаараа  ,сэтгэл санааны хямралд орох зэргээр хохирох зэрэг сөрөг үр дагавар гарах болсоор удаж байна. Монголчуудын байгууллагууд тухайн орнуудынхаа нөхцөл байдлын талаар мэдээллийг гаргаж, төрийн байгууллагатайгаа хамтарсан байдлаар иргэдэд шуурхай хүргэж байх нь “харанхуйгаар” гадагшаа зоригчдод тун хэрэгтэй байна. Энэ зөвхөн сонголтоо зөв хийхэд нь туслах л гэсэн үйл ажиллагаа болох юм.

9. Төрийн бус байгууллага гэж явдаг хүмүүс бол урмаар тэжээгдэж, тэндээсээ цэнэг авч явдаг. Тэр дундаа гадаадад төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцож явдаг зүтгэлтнүүддээ урам хайрлаж явах нь туйлын чухал зүйл байдаг. Энэ талын ажил ч ихээхэн учир дутагдалтай. Манай дарга нар тухайн улс оронд нь очихдоо өөрсдөө санаачилга, цаг гаргаад иргэд байгууллагынхаа төлөөлөлтэй уулзаж байгаарай. Санал бодлыг нь сонсож байх нь ч бас нэг урам юм гэж ойлгоорой.

Улсынхаа иргэдийг  тоож,  цаг зав гаргаж уулзаж байна гэдэг бол үндэстнийхээ дархлаагаа бэхжүүлж байх  нэг үндэс гэж үздэг юм билээ.

10. Төрийн бус байгууллагуудын үндсэн гол үйл ажиллагааны нэг бол Монголынхоо соёл, спорт ,түүх, уламжлалыг сурталчлах таниулах үйл ажиллагаа байдаг. Энэ арга хэмжээг олон жил өөрсдийнхөө боломж, бололцоон дээр хийж ирлээ. Ардын язгуур урлагийг дэлхийд сурталчилж яваа олон сайхан хамтлагууд байна. Тэдний улсаа сурталчлахад оруулсан хувь нэмрийг үнэлээд баршгүй. Гадаад харилцааны дэд сайд хариуцдаг Монголыг гадаадад сурталчлах гэсэн төсөв байдаг гэсэн. Тийм төсөв байгаа хэвээрээ бол хэн шийдвэр гаргаж, чухам юунд хаашаа явж байдаг юм бол гэж асуух хүсэлтэй байгаагаа уламжилсаныг ч энд дурьдаж байна.

11. Монголчуудын холбоодууд санаачлан улс орныхоо хөгжил, сайн сайхны төлөө гэсэн чинхүү зорилготой, төрийн байгууллагын болон сайн санаат иргэд, байгууллагын  тодорхой дэмжлэг оролцоотойгоор сайн санаачилгуудыг өрнүүлэн ажилладаг. Түүний нэг нь энэ жил 10 дах удаагаа зохион байгуулж байгаа Монгол орны хөгжилд чуулга уулзалт юм. Ямар ч байсан сүүлийн 3 удаагийн арга хэмжээний үед европын орнуудад үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоодууд нэгэн дор цуглаж ажил хэргийн уулзалт хийдэг болсон юм. АНУ-д байгаа Монголчууд маань “Надад хэлэх үг байна ” эрдэм шинжилгээний хурал, БНСУ дахь Монголчууд маань Бид эх орондоо очоод юу хийж чадах вэ уулзалт гэх мэтээр олон арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ жишээгээр аливаа хилийн чанад дах Монголчуудын чуулга уулзалтууд нь эрдэм мэдлэгээ ч хуваалцдаг, эв нэгдлээ ч бэхжүүлдэг уулзалтууд байгаасай  гэж хүсэж байна.

12. Монголын спортын холбоодууд гадаад дах холбоодуудтайгаа хамтран уламжлалт тэмцээн уралдаануудаа зохион байгуулж ирсэн нь Монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй байгааг мөн онцлон тэмдэглэж байна. Гадаад улс орнуудад монголчуудын зүгээс зохион байгуулж байгаа урлаг спортын олон арга хэмжээнүүд нь тухайн оронд Монгол улсаа сурталчилж байгаа нэг хэлбэр төдийгүй, монголчуудын зүгээс өөрсдийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа аятай сайхнаар өнгөрүүлэх сайн үлгэр дуурайлал мөн. Жил бүр тухайн орнуудад явагдаж байгаа ийм үйл ажиллагаануудын мэдээллийг нэгтгэж, тодорхой бодлогын дагуу санхүүжилт олгож байх нь бас л хэрэгтэй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл бодлогын чанартай төндөр зарлаж ч болох юм.

3. Дүгнэлт

Энэхүү чуулга уулзалтанд бэлтгэх ажлын явцад  Хилийн чанад дахь Монголчуудын байгууллагууд маань үйл ажиллагаагаа уялдуулан зохион байгуулах, бодлогын асуудлаар нэгдсэн байдлаар төр засгийн байгууллагууд болон бусад байгууллага, хүмүүстэй харилцаж хамтран ажиллах ” Хилийн чанад дахь Монголчуудын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл”-ийг үүсгэн байгуулах нь зөв гэдэг дээр зарчмын хувьд санал нэгтэй байгаа гэж ойлгоод дүрмийн төслөө урьдчилан гаргаад хэлэлцүүлж эхлээд байгаа. Энэ зөвлөлийг байгуулах хурлаа маргааш буюу 9 сарын 19-ны 13.30 цагаас ГХЯ-нд хийхээр болоод байна.

Бас нэг шүүмжлэлтэй асуудал бол хилийн чанад дахь иргэд,байгууллагуудын тавьсан асуудалд төрийн байгууллагууд хариу илгээх тал дээр хэт удаан,зарим тохиолдолд хариу өгөхгүй байгаад дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна.

Өнөө жил энэ чуулга уулзалтуудыг нэгтгэн явуулж байгаа төр төрийн бус байгууллага, иргэдийн бүтээлчээр хамтран ажиллах тэр механизмыг улам тодотгож, цааш үр дүнтэй хамтран ажиллах арга замаа илүү үр дүнтэй болгох үндэс суурь болох учиртай. 1 юмуу 2 өдрийн уулзалт хуралдаад  бүх асуудлыг шийдэж чадахгүй нь ойлгомжтой. Гагцхүү үүний дараачаас л бид харилцан бие биенээ  дэмжиж, сонсож, үр дүн гарахуйц санаачилгуудыг хэрэгжүүлэх тал дээр ойлголцсон байхад энэ чуулга уулзалтуудын ач холбогдол нь оршиж байна.

Монголчуудын бид эвлрэхийн цагтаа хүчирхэгжиж, эвдрэхийн цагтаа хүчин мөхөсдөж явсан гэдгээ байнга санаж,бидний ярьж зорьж байгаа бүтээлч хамтын ажиллагаа өрнөлттэй, бие биенээ шаардсан, дэмжсэн, хүндэтгэсэн, эргэх холбоотой байх болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа.

XV чуулган – Зохион байгуулагч байгууллагууд

XV чуулган – Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд