Олон жилийн тэртээгээс Монголчууд маань гадаадруу гарч сурч, боловсорч, ажиллаж амьдрасаар ирсэн ба энэ хүмүүсийн эргээд эх орондоо оруулсан хувь нэмэр асар их.
Гадаадад байгаа монголчуудыг  “гадаа байгаа, гадны хүн” хэмээн салангад, тусдаа хүмүүс мэт ярьж ойлгож үл болно. Эд бүдээрээ бидний нэгэн хэсэг билээ.
Миний хувьд гадаадад олон жил болоод Монголдоо ирж бизнес эрхлэж байгаагийн хувьд гадаадад байсан Монголчуудын Монгол дахь бизнес эрхлэлтийн талаар зарим зүйлүүдийг өөрийн туршлага, найз нөхөд бусад хүмүүсийн санаа бодол, үзэж туулсан амьдралаас сонссон зэрэг дээрээ тулгуурлан яръя.

Миний ярих хүрээн дэх Гадаадад байсан Монголчууд гэдэг нь
–    Сүүлийн жилүүдэд гадаадаас ирсэн
–    Өнөөдөр Чингэс Хаан Нисэх Онгоцны Буудал дээр бууж байгаа
–    Ойрын хуугацаанд Монголдоо ирэх гэж буй Монголчуудыг авч үзэж байгаа гэж ойлгож болох юм.
Эдгээр Монголчуудын бизнес эрхлэлтийг ярихын өмнө эд яагаад гадаадруу явсан, тэндээ юу хийж байсан, хэр удаан гадаадад байсан, хэзээ буцаж ирсэн, яагаад ямар бизнэс хийж байгаа зэргийг ярих хэрэгтэй болно.

Монголчууд гол төлөв доорх шалтгаануудын улмаас гадаадруу явцгаадаг.
–    Нарийн мэргэжлүүдээр суралцаж улмаар зэрэг цол хамгаалах
–    Мэргэжил  дээшлүүлэх
–    Сурсан мэргэжилийнхээ дагуу тэндээ ажиллах
–    Хуримтлал бий болгохоор ажиллах
–    Сурч байгаа гэр бүлийхэндээ дэмжлэг үзүүлэхээр ажиллах
–    Гэр бүлийхэндээ дэмжлэг үзүүлж хүүхэд асрах
–    Гадаад хүмүүстэй гэр бүл болж тэндээ сууршин амьдарах
–    Гадаадын орнуудад байнгын оршин суугчид болон гэр бүлээрээ тэндээ амьдрах
–    Гадаадад болон Монголд сэлгэн амьдрах

Сурахаар явж байгаа хүмүүс тодорхой шалгууруудыг хангах ёстой байдаг. Ажил хөдөлмөр эрхлэхээр явж буй Монголчууд ч гэсэн сургалтанд сууж, шалгалт өгч, ярилцлаганд орж байж эрхээ авцгаадаг. Үүнээс харахад гадаадруу явж байгаа монголчууд маань гол төлөв өндөр хөгжилтэй орнуудруу явж байгаагийн дээр оюуны болон хөдөлмөрийн чадамж сайтай хүмүүс байдаг. Тийм болохоор очсон газраа амжилт гаргах бололцоотой гэж харж болно.
Энд бас нэг асуулт байна. Эдгээр хүмүүс Монголд байхдаа бизнес эрхлэж байсан уу? Миний харж байснаар Монголд бизнес эхлэдэг, тэр нь амжилттай явж байгаа хүмүүс гадаадруу сурч боловсорохоор эсвэл ажил хийж амьдралаа өөд татахаар явж байгаагүй.
Тэхээр эдгээр хүмүүс анхаасаа бизнес эрхлэгчид биш бөгөөд, бизнес эрхлэх туршлагагүй хүмүүс байдаг.

Монголдоо буцан ирэх шалтгаанууд
–    Сургуулиа төгсөөд
–    Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаад
–    Хувийн болон гэр бүлийн шалтгаанаар
–    Тухайн амьдарч буй орны орчин нөхцөл өөрчлөгдсөнөөс
–    Монголдоо ажиллаж амьдрахаар зорин ирэх
–    Ажлын санал аваад ирэх болон бусад

Монголд буцаж ирэх үед хэр удаан хугацаагаар гадаадад байснаас шалтгаалаад дараах эерэг болон сөрөг өөрчлөлтийг мэдэрч болох юм

Эерэг өөрчлөлтүүд:
–    Хөгжлийг урьдчилан харах чадвартай
–    Moнголд юу дутагдалтай байгаа, юу хийж болохийг харах чадвартай
–    Монголд болж байгаа үйл явц, бүтээгдэхүүн үйлчилгээнд үнэлэмж өгөх чадвартай
–    Мэдлэг мэргэжилийн хувьд ахиц гарсан
–    Гадаад хэл болон харилцааны өндөр соёлтой
–    Ажилд хандах хандлага ажлын гүйцэтгэл сайтай

Сөрөг өөрчлөлтүүд:
–    Mонгол ахуй буюу амьдралийн хэв маягаас төсөөрсөн байх
–    Орчиндоо дасан зохицох local knowledge –той болтлоо хугацаа алдах, боломж – алдах
–    Гадаадад байх хугацаандаа алдагдсан боломжууд  (кариер,бизнес, хувийн амьдрал) тай байх
–    Шинээр товхинон суурьшихад хугацаа алдах, зардал гарах

Монголд ирээд эрхлэж буй ажил ба бизнэсийн талаар
–    Эзэмшсэн мэргэжилээрээ ажиллах
–    Хуучин ажиллаж байсан газраа ажиллах
–    Төрийн байгууллагад ажиллах
–    Олон улсын байгууллагад ажиллах
–    Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудад ажиллах
–    Төрийн бус байгууллагуудад ажиллах
–    Хувийн бизнес эрхлэх

Миний мэдэх нилээд олон тохиолдлуудад Монголдоо ирээд “Хувиараа юм хийх” гэдэг хувилбарыг сонгодог.
Үүний шалтаанууд нь доорх байдлаар гарч ирж болох юм.
–    Нарийн мэргэжилтэй хүмүүст  яг тухайн мэргэжилийн ажил нь одохгүй
–    Мэргэжилээрээ ажиллахад цалин бага, амьдралд хүрэлцэхгүй
–    Удирдлагын чадвар сулаас хамтарч ажиллах сонирхолгүй
–    Монголд шинэ бизнес эрхлэх орон зай их
–    Гадаадад олж авсан мэдлэг чадвар дээрээ дөрөөлөн бизнес хийх бололцоотойг мэдрэх

Хэдийгээр дээрх шалтгаануудын улмаас хувиараа бизнес эрхлэх замыг сонгосон ч
эдгээр хүмүүсийн хувьд Монголд ирээд удаагүй тул шинэ бизнес эхлүүлэх нь тийм амар байдаггүй.

Тулгарах хүндрэлүүд

–    Local knowledge муугаас мэдээлэл цуглуулах тооцоолол хийхэд хүндрэлтэй мөн цаг алдана
–    Санхүүгийн эх үүсвэр буюу хөрөнгө оруулалт татхад бэрхшээлтэй
–    Монгол дахь үл хөдлөх хөрөнгийн үнэ өндөр
–    Танил талын хүрээ хумигдмал тул бэрхшээлтэй
–    Зах зээлийн чиг хандлагаа мэдэхгүй
–    Start up бизнесийн бодит дэмжлэгүүд муу

Эдгээрүүд дээр нэмээд Монголд жижиг дунд бизнес эрхлэх бусад бэрхшээлүүдийг дурьдаж болно.
– Төрөөс жижиг дунд бизнесийг хөгжүүлэх цогц бодлого байхгүй
– Ажлын байрыг нэмэгдүүлэх үндэсний бодлого хөтөлбөр дутмаг
– Жижиг дунд бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээл тусламж олдоц ховор
– Жижиг дунд бизнесийг дэмжих татварын бодлого муу
– Чадварлаг ажиллах хүчний нөөц хомс
– Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах байрны түрээс өндөр
– Түүхий эд матөриалыг дотоодоос хангах бололцоогүй

Энд нэгэн тоо баримтыг дурдья
АНУ-ын Rhode Island мужийн хувийн компаниудыг ажилчдын тоогоор нь авч үзвэл
–    90,2 хувь нь 20-оос доош тооны ажилчидтай
–    81,7 хувь нь 9- өөс доош
–    49,5 хувь нь 1-5 ажилтантай

Үүнээс үзэхэд энэ мужийн хөдөлмөрийн зах зээлийн ихэнх хувийг жижиг дунд бизнес эрхлэгчид эзэлдэг байна.
Аль ч улсын эдийн засгийн чадамжийг тухайн улсын ажил эрхлэлтийн түвшингээс харж болдог
Ажилгүйдлийг бууруулахын тулд ажил олгогчыг дэмжих улмаар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шаардлага гарч ирж байна. Гадаадаас ирсэн ч бай Монголдоо байсан ч бай бүх бизнес эрхлэгчидийг дэмжин тогтвортой чанартай ажилын байр бий болгосноор улс эх орныхоо эдийн засгагт томоохон дэмжлэг үзүүлж чадах юм.

АНУ-ын бизнэсийн салбарын 60 хувь нь үйлчилгээний салбар байдаг байна.
Манай улсад үйлчилгээний салбарыг хөгжүүлэх нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхтэй мөн адил хэрэгцээтэй байгаа төдийгүй энэ салбарт их хэмжээний ажлын байрыг бий болгох бололцоотой гэж би үздэг. Бидэнд нэн хэрэгцээтэй байгаа эмнэлэгийн үйлчилгээ, шуудан холбоо, сургуулийн хүүхдүүдийн өдөр өнжүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтууд, асрах үйлчилгээ, өнөр настныг асрах үйлчилгээ, хүргэлт үйлчилгээ, янз бүрийн зөвлөх үйлчилгээнүүд, угаалга цэвэрлэгээ гэх мэт олон төрлийн хүний ажлыг хөнгөвчилж, амьдралын чанарыг сайжруулах үйлчилгээний салбаруудыг дурдаж болох юм.

Арван жилийн өмнөхтэй харьцуулахад манай улсад жижиг дунд үйлдвэрүүд нэмэгдэж үйл ажиллагаа нь тогтворжин нилээд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо хийж чаддаг болж байгаа нь сайшаалтай.

Бид дотоод дахь түүхий эдийн нөөц дээрээ тулгуурлан боловсруулах үйлдвэрүүдийг цогцоор нь бий болгох, дэмжиж хөгжүүлэх шаардлагатай гэдгийг ярьсаар удлаа.

Үүнээс дүгнэхэд гадаадад байгаа буюу байсан Монголчуудын монголд ажиллаж амьдрахад нь зориулж шинэ бодлого боловсруулна гэвэл хэт өрөөсгөл болно. Харин Монголд бизнес эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, шинээр ажлын байр бий болгож буй бизнесүүдийг урамшуулах замаар гадаадад байгаа монголчуудаа эх орондоо ирж ажиллаж амьдрах боломж бололцоог нээж өгөх нь нэн түрүүн хийх ажлуудын нэг гэж би ойлгодог.

Эцэст нь хэлэхэд Монголчууд эх орондоо ажил хөдөлмөр эрхлэн, хангалттай орлоготой, эрүүл, сэтгэл хангалуун амьдрах бололцоо ойрхон байгаа гэдэгт итгэж үүний төлөө өөрийн хувь нэмрээ өчүүхэн ч атугай оруулахыг хичээж явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *