МҮМ[1]-н арга зүйч Д.Эрдмаа

Соёлын өвийн боловсролын зөвлөх Wendy Morrison

 /Монголын Үндэсний музейн жишээн дээр/

Өргөн цэлгэр танхим, шилэн хоргон дахь үзмэр, Монголын бүхий л цаг үеийн түүх, соёлыг хүүрнэх гайхамшигт олдворууд. Музейг энгийнээр төсөөлбөл ийм. Харин албаны маягаар тодорхойлбол түүхэн эд өлгийн дурсгалыг цуглуулан бүртгэж, хадгалж хамгаалан, шинжлэн судлах, олон нийтэд сурталчлан таниулж мэдлэг олгох эрдэм шинжилгээ, судалгаа, нийгэм, соёл, боловсрол, үйлчилгээний ашгийн бус байгууллага юм. Ихэнхи хүмүүс музейг байрнаасаа огт хөдөлдөггүй шилэн хоргон дахь үзмэрүүдээр л өнгөц дүгнэдэг байсан нь саяхан. “Музей бол нийгэмээс тасарсан уйтгартай газар бус, хүн бүрийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, гэгээрэх газар” юм.

Монгол оронд 1921 онд Ардын Засгийн газар байгуулагдаж соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудыг өрнийн загвараар үүсгэн байгуулах бодлого баримтлах болсон нь орчин цагийн музей үүсэн бий болох бодит нөхцөлийг бүрдүүлжээ[2]. Хэдий орчин цагийн музей байгуулагдаж90 жилийн босгонд дээр ирсэн ч эртний түүхэн улбааг сөхвөөс XVI зууны сүүлчээр үндэс суурь нь тавигдсан бурханы шашны анхны хийд Эрдэнэ-зууд байсан Автай сайн хааны өргөөг Монголын эртний зүйлийн музей байсан тухай Оросын нэрт эрдэмтэн А.М Позднеев тэмдэглэсэн байдаг[3]. Мөн нэрт гэгээрүүлэгч Говийн Ноён хутагт Д.Данзанравжаагийн 1842 онд одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Хамрын хийдэд байгуулсан “Гиваадин Равжаалан” нэрт үзмэрийн сүмд хадгалагдаж байсан гайхамшигт соёлын өвүүдийг хадгалж, хүүхдийн сургууль байгуулан, олон нийтэд дэлгэн үзүүлж сурталчилж байсан нь яахийн аргагүй Монголчуудын баялаг түүх, соёл уламжлал тасралгүй хөгжиж хойч үедээ уламжлагдан хожим “Музей” хэмээх байгууллагаар илэрлээ олжээ.

1924 оны эцсээр албан ёсоор нээгдсэн Монголын үндэсний музей нь түүхэн хөгжлийн явцад олон удаа өөрчлөгдсөн ба 1931 онд “Хувьсгалын музей”, 1940 онд “Орон нутаг судлах Улсын төв музей”, 1956 онд “Улсын төв музей”, 1971 онд “Монгол Ардын Хувьсгалын музей”, 1991 онд “Монголын Үндэсний Түүхийн музей”, 2008 оноос “Монголын Үндэсний музей” болон өргөжиж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар иржээ[4].

Монголын үндэсний музейн боловсрол, олон нийтийн ажлын талаар дурьдахаас өмнө энэхүү түүхэн хөгжлийн явцад хэрхэн соёл хүмүүжлийн ажлыг хийж ирсэн бодит жишээ баримтаас дурьдвал: “1970 онд Улсын музейг 138 мянган хүн, 1975 онд 550 мянга шахам хүн үзэж үзэгчдийн тоо таван жилд 2,5 дахин нэмэгдсэн нь музей-олон нийтийн харилцаа, өргөжин хөгжиж байсныг дүгнэх хэмжүүр нотолгоо юм. Хувьсгалын музей нийт үзэгчдийн 62,5 хувь нь сургуулийн насны хүүхэд эзэлж байв. Тиймч учраас үзүүллэгтээ хамран байгаа шинжлэх ухааныг аль болох дэлгэрэнгүй тусгаж, ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын программд ойртуулах, эцэстээ түүний шаардлагыг бүрэн хангаж чадах үзмэр, үзүүллэг, сан хөмрөгтэй болох зорилт тавин ажиллаж байжээ. Нөгөө талаас сургуулийн багш нар музейн үзмэрийг сургалт, хүмүүжлийн ажлын бааз, зэвсэг гэж үзээд түүнийг ашиглах явдал улам улам түгээмэл болсоор байжээ. Тухайлбал: Нийслэлийн арван жилийн 1-р сургуулийн багш Хишигнямбуу Улсын төв музей ба Хувьсгалын музей дээр 8-10 дугаар ангийн сурагчдын экскүрс хичээлийг жил бүр сэдэвчилсэн хувиарар хийж заншсан байв. Мөн нийслэлийн 1,2,3,5,23,24 дүгээр сургуулиудын монголын түүх, байгаль, газарзүйн багш нар музей дээр тогтмол хичээл хийж байсан ба музейн хичээлд хамрагдах багш, сурагчид, цагийн тоо эрс нэмэгдэх хандлагатай байна[5]. гэжээ. Энэ мэтээр олон жишээнүүдийг дурьдаж болохоор байна. Ийнхүү музей нь эрдэм шинжилгээ, судалгаа, соёл, нийгэм, үйлчилгээний байгууллага гэхээсээ илүү боловсрол гэгээрлийн байгууллага байж хөгжиж ирсэн нь тодорхой байна.

Уг уламжлал дээрээ тулгуурлан музейн хөгжил сонгодог буюу уламжлалт хөгжлийн музей (музейн хөгжлийн гурван үеийн эхний үе)-гээс нийгмийн оролцоотой музейн хөгжил рүү урагшилж байна. Нийгмийн оролцоотой музей (ирээдүйн музей хөгжлийн үе) нь нийгмийн хариуцлагыг хангахад гол анхаарлаа хандуулдаг ба музейн цуглуулгыг олон нийтэд түгээх, музей ба олон нийтийн харилцан хамаарлыг идэвхжүүлэгч музей юм[6].Өөрөөр хэлбэл үзмэр, цуглуулга төвтэй музейгээс хүн ба нийгэм төв рүү шилжиж байна гэсэн үг юм[7].

Монголын Үндэсний музей нь уг зорилгын хүрээнд боловсролын бодлогыг тодорхойлон гаргасан ба монголын түүхийн мөн чанар, түүх-соёл угсаатны мэдлэгийг соёлын өвөөр дамжуулан үзэгчдэд хүргэхэд танин мэдэхүйн-сурталчилгааны шинэ үйлчилгээг бий болгоход чиглэгддэг. Уян хатан шинэлэг боловсролын хөтөлбөр зохион гаргаснаар музейн цуглуулга, үзэсгэлэнг Их,Дээд сургууль, Коллеж, ерөнхий боловсролын сургууль, бусад байгууллагууд болон нийгмийн бусад бүлгийн хүрээг хамарч чанарын өндөр түвшинд ажиллах хэтийн зорилт тавьж ажиллаж байна[8].

2002 оноос боловсролын үйл ажиллагааг орчин үеийн түвшинд нийцүүлэн хэрэгжүүлэх ажил эхэлсэн. Музейн үзэгчдийг олон нийтийн бүлэглэлээр нь (сургуулийн өмнөх насныхан буюу бага ангийн сурагчид, дунд ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутанууд, насанд хүрэгчид, өнөдөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд)хувааж, тэдний насны онцлог, албан бус боловсролыг дэмжих зорилгоор музейд болон музейгээс гадуур зохиогдох боловсрол, олон нийтийн хөтөлбөр бий болгон “Боловсролын өргөө”-г тохижуулан сургалт явуулах тусгай орчин, материаллаг бааз бүрдсэн. Боловсролын ажлын шинэлэг шатанд хүргэж музейг орчин үеийн чиг хандлагаар хөгжүүлэхийн тулд 2001 онд Австралийн Олон улсын сайн дурын байгууллагаас Сиднейн түүхийн музейн боловсролын ажилтан Sally Watterson-ийг музейн боловсрол, олон нийтийн хөтөлбөрийн мэрэгжилтнээр авч ажиллуулж,мөн музейд анх удаа боловсролын ажилтны орон тоо батлуулан ажилтан авч дагнан ажиллуулж эхэлсэн. 2001-2004 онд Канадын сан, Соросын сан, Урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Монголын амьд түүх” дунд сургуулийн 8,9-р ангийн сурагчдад зориулсан монголын түүх, соёлын мэдлэгийг музейн үзмэрээр дамжуулан сонирхолтой бөгөөд үзэгчдийн оролцоог идэвхжүүлсэн хэлбэрээр таниулан сургах, багш нарын багц материалтай боловсролын цогц төслийг санаачлан БСШУЯ, Нийслэлийн боловсролын газартай хамтран судалгаа хийж багш нарын хичээлийн хөтөлбөртэй нь уялдуулан зохиож хэрэгжүүлсэн. Уг төслийн 2 дах шат болох “Монголын Үндэсний Түүхийн музей аялж байна” сэдэвт нүүдлийн үзэсгэлэн, боловсролын ажлын сургалт семинаруудыг зүүн бүс, хойд бүс, говийн бүсийн аймгийн боловсролын байгууллагууд, музейн мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулах ажлыг хийсэн.

Уг төслөөр нийт 18 мянга гаруй хүүхэд багачууд, сургуулийн багш нар хөдөөгийн иргэдэд үйлчилгээг хүргэж, хэрхэн орон нутгийн музейнүүд боловсролын байгууллага болон сургууль багш нартай хамтран ажиллах талаар сургалт явуулж, идэвхжүүлэн, багш нарын багц материалыг тараасан байна[9].

МҮМ-н орчин үеийн боловсролын ажлын хөгжлийн чиг хандлага

Орчин үеийн музейн боловсролын арга зүй хурдацтай хөгжиж техник технологи, нийгмийн хөгжлийг даган улам нарийсаж байна. Дэлхийн аль ч өнцөг буланд байсан музейнүүд өөрсдийн үзмэр цуглуулгаа цаашид хэрхэн олон нийтэд дэлгэрүүлж, тэдний сайн сайхан болон хөгжил цэцэглэлтийн төлөө үйл ажиллагаагаа явуулж болох талаас бодлого боловсруулж эхлэж байна.

Түүнчлэн музейнүүд үзэгчдийнхээ таашаалыг харгалзан байнга хувьсан өөрчлөгдөж, шинэ шинэ харилцаа холбоо хамтран ажиллах нөхцөл боломжийг үүсгэж байна. Энэ утгаараа музейнүүд нийгмийн сайн сайхны төлөө манлайлах үүргээ нэмэгдүүлж олон нийтэд илүү чанартай үйлчилгээ үзүүлэхийг хүсэж байна[10]. Аливаа хөтөлбөрийг үр дүнтэй болгохын тулд олон нийтийн хэрэгцээ болон шаардлагыг сайн судлах хэрэгтэй. Иймээс музейнүүд байнга үзэгчдээс асууж, тэдний үзэл бодлыг сонсох хэрэгтэй байдаг. Хүмүүсээс чухам юу хүсэж байгааг нь тодруулж, улмаар үүний хариуд музей ямар арга хэмжээ авч болохыг төлөвлөн хэрэгжүүлэхёстой.

Ингэхийн тулд музейнүүд тогтмол яриа хэлэлцээр болон уулзалт зохион байгуулж, судалгаа явуулж, ярилцлага авч бусдын бичсэн санал зөвлөмжийг ажилдаа тусгаж өгөх нь чухал. Эцэст нь харилцагч талууд байнга хяналт-шинжилгээ явуулж улмаар үйл ажиллагааг сайжруулж, амжилтанд хүрэх боломжтой болдог.

МҮМ-н хувьд 2013 оны байдлаар нийт 86 819 үзэгч үзсэн нь Улаанбаатар хотын нийт хүн амтай харьцуулбал 6,2% байна.Үүнээс 6636 үзэгч нь музейн боловсролын хөтөлбөрт идэвхтэй оролцсон ба үүний 5595 нь цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байна[11]. Иймээс бид боловсролын ажлын хамгийн чухал зорилтот бүлгийг сургуулийн өмнөх болон бага боловсролын сурагчдад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. 2011 оноос Австралийн засгийн газрын сайн дурын тэтгэлэгт хөтөлбөрөөр соёлын өвийн боловсролын зөвлөх мэргэжилтнээр хатагтай Wendy Morrison ирж ажиллаж байгаа ба музейн боловсролын ажилтанг чадавхжуулах, олон улсын музейн боловсролын ажлын онол практикаас суралцах, олон төрлийн сонирхолтой хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх арга техникээс суралцаж байна.

Музей+Боловсрол=Монгол хүн

Соёлын өвийн боловсролд музейн гүйцэтгэх үүрэг маш чухал. Бидэнд үлдсэн өв соёл ирээдүйд хэрхэх нь маргааш улс орны удирдагчид, шийдвэр гаргагчид болох өнөөдрийн залуу үеийнхэний шийдэл, үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна. Улс орнууд хүн ардаа соёлын болон байгалийн өвийг хүндэтгэн хайрлах сэтгэлтэй болгох талаар бололцоотой бүхий л арга ухааныг хэрэглэж, ялангуяа музейн боловсрол, олон нийтийн хөтөлбөрүүдийг ашиглаж сургуулийн хичээлтэй холбон сонирхолтой хэлбэрээр зааж сургаж байна. Ирээдүйн жинхэнэ монгол хүнийг цэцэрлэгээс нь бэлдэх шаардлага бидний өмнө тулгарч байна.

Монгол Улсад Хүүхэд соёлын өвтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох

  1. Соёлын өвийг хамгаалах тухай хууль / 2014 он/
  2. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого
  3. Монгол улсын засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг эрх зүйн баримт бичгүүд байдаг.

Төрөөс соёлын талаар баримтлах бодлогод:

Соёлын бодлогын зорилго “… соёлын үйл ажиллагаанд иргэн, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлж, монгол хүнийг бага наснаас нь хүмүүнлэг, оюунлаг, соёл уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.” гэж тодорхойлон

  • Монгол хүнийг бага наснаас нь хүмүүнлэг, оюунлаг, соёл уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэх үйл ажиллагааг бүх шатны боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох :
  • Монгол улсын засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт
  • Монгол ахуй, уламжлалт, ёс заншил, түүх, соёлын онцлог шингэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх:
  • Эх оронч сэтгэлгээтэй амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг монгол бахархалтай, үндэсний соёлын уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих нөхцөлийг агуулсан сургалтын стандарттай болгох: гэж тус тус заажээ[12].

Уг засгийн газрын соёлын бодлогодуялдуулан Монголын үндэсний музейн боловсролын бодлогод “…Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Нүүдлийн музей-монгол хүүхдийг монгол ухаанаар хүмүүжүүлье!”соёлын өвийн боловсролын цогц хөтөлбөрийгмузейн үзмэр дээр тулгуурланболовсруулж, хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг монгол бахархалтай, үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжүүлэх нөхцлийг агуулсан сургалтын стандарттай болох, хэрэгжүүлэх.

Үндэсний түүх, соёлыг дэлхий нийтэд сурталчилан таниулах, монголын соёлын нөлөөллийг дээшлүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах замаар монгол үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой нийцүүлэн хөгжүүлэх.

Соёлын өвийг эрэн сурвалжлах, судлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлан түгээх үндэсний чадавхыг нэмэгдүүлэх.”[13] гэж зорилгоо тодорхойлоод 2012-2017 он хүртэл хэрэгжүүлэх ойрын болон хэтийн зорилго, хөтөлбөрийг тусгаж өгчээ.

Дээрх баримтуудаас харахад засгийн газраас хэрэгжүүлж буй аливаа бодлого шийдвэрт уялдуулан соёл, боловсролын байгууллагууд дор бүрнээ бодлого төлөвлөлтөө хийдэгч чухам хаана очоод асуудал гараад байна гэдгийг бодолцон дүгнэх цаг иржээ. Энэ бол хоорондын уялдаа болон уг үндэсний хэмжээний байгууллагууд хамтран баг болон ажиллаж чадахгүй байгаагаас нэгдсэн том хөтөлбөрүүд үр дүнгүй хаа хаанаа хүчээ тарамдсан ажил болж хувираад байна. Тиймээс хоорондын уялдаа холбоог сайжруулж, улс орон нийгмээрээ музейн боловсролыг дэмжих нь хамгийн зөв гарц гэж бодож байна. Монгол ухаанаар хүмүүжүүлсэн монгол хүн улсын ирээдүйг залж явах ухаалаг иргэн болон төлөвших болно.

Монголын Үндэсний музейн боловсролын хөтөлбөрүүдийн танилцуулга

Хүүхдүүд багшийнхаа хичээлийн шаардлагаар музейгээр нэг удаа л ороод гарах бус, монголын түүх, ёс заншлыг маш сонирхолтой хэлбэрээр сурч мэдэх боломжтой болж байна. Музейн боловсрол, олон нийтийн хөтөлбөрийн хүрээнд музейн боловсролын“Үндсэн хөтөлбөр”-өөс гадна музейн “Нүүдлийн музей” хэмээх томоохон төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Музейн боловсролын үндсэн хөтөлбөр

Монголын үндэсний музей нь 55’000 үзмэртэй. Тус музейд үндсэн 10 танхимаас гадна түр үзэсгэлэнгийн нэг танхим ажиллаж байна. 2011 онд музейн аудио хөтөчийг нэвтрүүлсэн бөгөөд үзэгчид 3000 төгрөг төлөөд л үзмэрийн аудио тайлбарыг англи, монгол хэлнээс сонгон, хөтөчгүйгээр сонсох боломжтой болсон. Үүнээс гадна соёлын биет болон биет бус өвийг таниулан сурталчлах зорилгоор боловсролын өргөөг тогтмол ажиллуулж, сургууль, цэцэрлэгийн багш нарын захиалгын дагуу боловсролын ажилчид хуваарь гарган, хичээлд хэрэглэгдэх эх хэрэглэгдэхүүнээ урьдчилан бэлтгэдэг.

Монголын амьд түүх- хөтөлбөр

“Монголын Амьд түүх” хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн 8, 9-р ангийн монголын түүхийн хичээл судалдаг сурагчдад зориулсан музейн боловсролын хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь сургуулийн түүхийн хичээлийн хөтөлбөртэй нягт уялдаатай зохиогдсон ба багш, сурагчид монголын түүхийн хичээлээр олж авсан мэдлэгээ музейд сонирхолтой хэлбэрээр бататгах зорилгоор ирж хамрагддаг.

Баатрууд- хөтөлбөр

XIII зууны үеийн Монголын хаад, хатдын хувцас хэрэглэлийг өмсөж үзэхийн сацуу тухайн үеийн үүх түүхийг судалж мэднэ. Баатрууд, хатдын талаар сонсож мэдсэн зүйлээ бага ангийн сурагчид нэг нэгэнтэйгээ хуваалцдаг бол хэвлэж бэлдсэн түүхэн зургуудыг өнгөөр ялгаж будуулах маягаар цэцэрлэгийн насныхан болон бага ангийн сурагчдад сургалт явуулдаг.

Гэр бүл-хөтөлбөр

Энэ хөтөлбөрт гэр бүлээрээ болон анги хамт олноороо хамрагдах боломжтой. Гэр бүлээрээ музей үзэхэд 6000 төгрөгийн гэр бүлийн билет авч 2-5 хүн үйлчлүүлэх боломжтой. Музейд монгол гэрийн жижигрүүлсэн загварыг байрлуулсан байх агаад гэр бүлээрээ ирсэн тохиолдолд аав нь тооныг нь барьж, ээж нь унийг нь хатгаж, тавилга савыг нь оруулан тавих маягаар монгол гэр барих зарчимтай танилцана. Хүүхдүүд ч мөн ялгаагүй шинээр гэр барьж, монгол гэрийн эд хэрэгслүүдийн нэрийг сурч, гэр орон сууцтай холбоотой оньсого таалцан айл гэр болон тоглодог.

Монгол наадгай-хөтөлбөр

Уг хөтөлбөрийн хүрээнд монголын уламжлалт тоглоом болох үйчүүр, хорол, алаг мэлхий өрөх тоглоомыг зааж сургадаг. Музейгээс гадагшаа чиглэсэн “Нүүдлийн музей” төслийнхөө хүрээнд музейд хадгалагдаж буй тоглоомуудыг хуулбарлан хүүхдүүдээр тоглуулж сургаж байгаагаараа онцлог юм.

Монгол дээл хийж сурцгаая-хөтөлбөр

Муутуу цаасан дээр дээл эсгэх загварыг урьдчилан зурж бэлтгэсэн байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд монгол дээл эсгэх аргыг сонирхолтой, хялбар байдлаар богино хугацаанд сурах боломжтой.

Бяцхан археологич- хөтөлбөр

Хүүхдүүд энэхүү хөтөлбөрт хамрагдснаар архелогич хүний дүрд хувилан хувцас хэрэглэлийг нь өмсөж, эртний олдворыг хэрхэн хайж олж, хэмжээ аван судалгаа хийж музейд үзмэр болон тавигддаг талаар мэдэж авах боломжтой.

Англи, Америк болон Солонгос соёлын бүтээлч хөтөлбөрүүд

Нийслэл хотод англи, солонгос хэлний сургалттай нилээдгүй сургууль бий. Тиймээс ч англи, солонгос хэл сурч буй хүүхэд залууст зориулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Солонгосын угсаатны үндэсний музейтэй хамтран ажиллаж, солонгосын түүх, соёлын хөтөлбөрийг монгол хөтөлбөртэй харьцуулах маягаар хэрэгжүүлдэг. Хөтөлбөрт ангиараа болон гэр бүлээрээ хамрагдах боломжтой.

Монгол хүүхдийг монгол ухаанаар хүмүүжүүлье! –“ Нүүдлийн музей”- музейн соёлын өвийн боловсролын цогц төсөл

Музейн боловсролын хөтөлбөр нь музейд болон гадагшаа гэсэн хоёр чиглэлтэй байдаг. Дотогшоо чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд үндсэн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, гадагшаа чиглэсэн үйл ажиллагаагаа “Нүүдлийн музей” төслөөр эхлүүлсэн. Уг соёлын хөтөлбөрийг хэрэгтэй бүх хүнд нь хүртээмжтэй байлгахын тулд автобусаар алслагдмал дүүргийн сургуулиуд, ахмад настангуудад хүрч ажилладаг. Энэ төслийн судалгааг 400 гаруй бага сургуулийн багш нар, 100 гаруй цэцэрлэгийн багш нар, 40 гаруй орон нутгийн музейн ажилтнуудаас судалгаа авч үндэслэлээ болгосон. Олон улсын музейнүүдийн жишгээр мобайл буюу хөдөлгөөнт музейг хэрэгжүүлэхээр зорьж байна. 2013 оноос нүүж эхэлсэн бөгөөд нэг удаад 100-200 сурагчийг хамруулах боломжтой. Уг төсөл дөрвөн үе шатаар хэрэгжинэ.

1. Нүүдлийн музейн хайрцаг

Монголд хүн анх үүссэн 850 мянган жилийн тэртээгээс өнөөгийн ардчиллын үе хүртэлх түүхийг харуулах үзмэрүүдээс 50 ширхэгийг сонгон авч, хүүхэд гараараа барьж үзэж болохуйц хэмжээгээр хувилна. Нүүдлийн музейн хүрээнд тэдгээр үзмэрийг хүүхдүүд гараараа барьж үзэх, хувцас хэрэглэлийг өмсөж зүүх гэхчлэн танин мэдэхүйн бүхий л боломжоор хангагдана. Тухайлбал, дотроо морин хуур болон ая тоглуулагч, жижиг хэмжээний дэлгэц багтаасан хайрцагнаас морин хуурын аялгуу сонсож, хөгжмийн хэмнэлээр бүжиж буй бүжигчдийг үзэх боломжтой. Тусгай зориулалт бүхий уг хайрцгийг маш бат бөх материалаар хийх юм. Нэг хайрцаг дотор 10 үзмэр ч багтах боломжтой. Дээр дурдсан 50 үзмэрээс одоогоор хорол, үйчүүр, шагайн наадгайн тоглоомыг урьдчилан хийлгээд байна.

2. Нүүдлийн музейн автобус

2010 онд Лондонгийн ТББ-аас Транзит Форд автобусыг тусламжаар авчээ. Уг автобусаараа 2013 оны дөрөвдүгээр сараас нүүдлийн музейгээ аялуулж эхэлэн туршилтын хичээлүүдийг хэд хэдэн удаа хийгээд байна.

3. “Бүтээлч үйл ажиллагаа” сэдэвт ЕБС-ийн музейн боловсролын хөтөлбөр

Уг хөтөлбөр нь ЕБС-ийн багш, сурагчдад чиглэнэ. Эхний ээлжинд багш нарт зориулсан 50 ширхэг үзмэрийн зураг, дасгалын ном, түүхийн ном бүхий гарын авлага хийхээр төлөвлөсөн. Багш нар уг гарын авлагад тулгуурлан хичээлээ заана.

4. Түүхээ өгүүлэх нь

Энэ нь “Нүүдлийн музей” төслийн нэг хэсэг болох биет бус соёлын өвийн томоохон төсөл юм. “Түүхээ өгүүлэх нь” төслийн хүрээнд орон нутгийн музейн ажилтнууд ЕБС, цэцэрлэгүүдтэй холбоотой ажиллах бөгөөд биет бус өвийг хадгалж хамгаалах, нээн илрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна. Багш нар нь зуны амралтаар эмээ өвөө, ойр тойрныхноосоо аман яриа, домог туульс, ардын үлгэр сонсож ирэх даалгаврыг сурагчдадаа өгнө. Энэ нь сургуулийн хүрээнд уралдаан маягаар явагдах бөгөөд хамгийн идэвхтэй оролцсон ангид сургалтын материал болохуйц шагнал гардуулна. Үр дүнд нь аймаг бүр өөрийн гэсэн аман ярианы номтой болох бөгөөд хамгийн сүүлд “Түүхээ өгүүлэх нь” хэмээх маш том ном гарч төслийн эхний шатанд хамрагдсан нийт 7 аймгийн музей тусгайлан зохиосон цахим хуудсаар холбогдож, онлайн сургалтуудыг хүлээн авах болно.

Цаашдийн зорилтууд

Санхүүжилт -Хүслийн мод

МҮМ-ээс “Нүүдлийн музей” төслийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд санхүүгийн асуудал тулгарч байна. Биет бус өв буюу 50 ширхэг үзмэр хийлгэхэд ойролцоогоор 29,2 сая төгрөг, олон улсын жишгийн дагуу бат бөх хайрцагнууд, дижитал мини самбар хийлгэхэд 20 гаруй сая төгрөг царцуулагдана. Зөвхөн нэг хайрцагны үнэ 20 сая төгрөг. Үүн дээрээс бусад төсөл хөтөлбөрүүдийг тооцвол бага биш хэмжээний мөнгөн дүн гарна. Биет бус соёлын өвийн хөтөлбөрүүд 2014 оноос хэрэгжиж эхлэх боломжтой ч биет бус өв болох 50 ширхэг үзмэрийг хийхэд багагүй хугацаа орох тул 2017 он хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Гадаад, дотоодын сангууд руу хандахын зэрэгцээ “Хүслийн мод” аялуулахаар төлөвлөөд байна. “Хүслийн мод” нь хүн бүрийн хичээл зүтгэлийн үр дүнд “ургана”. “Нүүдлийн музей” төсөлд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хэн боловч хандив өргөх боломжтой. Таны хүргэсэн тус маргаашийн монгол хүнийг өнөөдрөөс хөгжүүлж эхлэх чухал алхам болох юм.

 

Abstract

Keeping our history and culture in objects and buildings is quite safe, but storing it also in the hearts and minds of all our people is even safer. For the last 14 years the National Museum of Mongolia has pioneered this re-thinking of the museum and have implemented many education projects using new methodologies based on how people learn – allowing participants to explore context and helping them to understand not just what is in the museum, but why it is there.

Mongolia has an excellent museum infrastructure, that could easily be made much more effective in serving a population hungry to further know and be more proud of their country. Wendy and I are currently working with regional museums to develop their connection with and services to their public and how to teach learning skills through the content of history and culture. We call on the government to support education work in museums through funding, policy and advocacy. With properly trained and resourced education staff, Museums can be actively ensuring that ALL Mongolians know, understand and value their history and culture.

Ном зүй

  1. Монголын музейн түүхэн замнал, УБ., 2014
  2. Ядамсүрэн.П. Монголын музейн түүхээс. музей судлал.УБ.,1968.тал
  3. Монголын музейн түүхэн замнал, УБ.,2014. Тал 40,41
  4. БНМАУ-ын соёлын яам, Музей удирдах газар. Музей судлал,№03.УБ.,1977
  5. Toshiro ITO on “The museum amid the public”,Yosikawa Kobunkan.Tokyo.,1993
  6. Нүүдэлчдийн өв судлал.УБ.,2012.TomusXII. Тал18
  7. Музейн боловсролын ажил.УБ.,2007.Тал20
  8. Museums change loves,Museum Association,UK.,2013
  9. Монголын Үндэсний музейн жилийн эцсийн тайлангийн эмхтгэл.УБ.,2013
  10. ССАЖЯ,МҮМ.Монголын музейн хөгжил шинэчлэл 90 жил.УБ.,2014 Тал 125-126
  11. Монголын Үндэсний музейн боловсролын бодлого
  12. http://nationalmuseum.mn/images/pdf/erdmaa.pdf

Тайлбар:

[1] МҮМ-Монголын Үндэсний музей

[2] Монголын музейн түүхэн замнал, УБ., 2014

[3] Ядамсүрэн.П. Монголын музейн түүхээс. музей судлал.УБ.,1968.тал

[4] Монголын музейн түүхэн замнал, УБ.,2014. Тал 40,41

[5] БНМАУ-ын соёлын яам, Музей удирдах газар. Музей судлал,№03.УБ.,1977

[6] Toshiro ITO on “The museum amid the public”,Yosikawa Kobunkan.Tokyo.,1993

[7] Нүүдэлчдийн өв судлал.УБ.,2012.TomusXII. Тал18

[8] Музейн боловсролын ажил.УБ.,2007.Тал20

[9] Музейн боловсролын ажил.УБ.,2007.тал25

[10] Museums change loves,Museum Association,UK.,2013

[11] Монголын Үндэсний музейн жилийн тайлан.УБ.,2013

[12] ССАЖЯ,МҮМ.Монголын музейн хөгжил шинэчлэл 90 жил.УБ.,2014 Тал 125-126

[13] Монголын Үндэсний музейн боловсролын бодлого

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *