Ерөнхий мэдээлэл: Шведийн вант улс нь Скандинавын хойгт Норвег, Финланд, Дани улсуудтай хиллэн, өмнө болон зүүн талаараа Балтийн тэнгисээр хүрээлэгдэн 450,295 ам дөрвөлжин км нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Нийслэл нь Стокгольм, албан ёсны хэл нь Швед. 1995 онд Европын холбоонд гишүүнээр элссэн.
Газар нутгийн хэмжээгээрээ Баруун Европт гуравдугаарт ордог энэ улс өмнө талаараа далайн, дунд хэсэгтээ эх газрын чийглэг, хойд талаараа хойт туйлын уур амьсгалтай. Зундаа бол хэт халуун биш, өвөлдөө температур тэгээс яльгүй доошилдог ч нутгийн өмнө хэсгээр цастай өвөл болох нь ховор. Харин нутгийн умард хэсэг хойд туйлд ойрхон тул цас ихтэй, хүйтэн, өвөл нь урт байдаг гэнэ.
Хүн амын хувьд 9,2 сая. Нягтаршил бага бөгөөд 1 кв.км-т 2.1 хүн ногддог.
Хүн амын 84 хувь нь нийт газар нутгийн 1.3 хувийг эзлэх хот суурин газарт амьдардаг.
Швед улс нь орчин үеийн өндөр хөгжилтэй, ардчилсан улс бөгөөд иргэдийн амьдралын түвшин өндөр. Хувийн хэвшил аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 90 хувийг гаргах бөгөөд үүнд инженерийн салбар тэн хагасыг нь эзлэнэ. Энэ нь Икеа, Вольво зэрэг дэлхийд данстай компаниудыг дурдахад ойлгомжтой. Хөдөө аж ахуй үндэсний нийт бүтээгдэхүүний зөвхөн 1 хувийг эзэлдэг онцлогтой.
Швед улс нь урт хугацааны турш төмөр, зэс, модны гол экспортлогчдын нэг байсан. Усны баялаг нөөцтэй боловч нүүрс, газарын тосны нөөцөөр дутмаг. Дэлхийд алдартай Нобелийн шагналыг үндэслэгчийн эх орон. 100-аад жилийн өмнө сая гаруй Шведчүүд Америкийн Нэгдсэн Улс руу шилжин суурьшиж байсан. Тэдний ихэнх нь газар тариалан эрхэлдэг байжээ. Аж үйлдвэржилт хөгжихийн зэрэгцээ гадаад улсаас цагаачдыг олноор хүлээн авах болсон.
Шашин шүтлэг: Хүн амын 80 гаруй хувь нь христосын шашны лютеран реформч урсгалыг дагадаг Шведийн сүмд харъяалагддаг.
Төрийн тогтолцоо: Парламентын тогтолцоотой, үндсэн хуульт хаант улс. Одоогийн хаан Карл XVI Густаф нь 1973 онд хаанд ширээнд заларсан ч улс төрд оролцдоггүй байжээ. Харин Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэх буюу бэлгэ тэмдэгийн чанартай байв. Хааныг зөвхөн хүү нь залгамжлах эрхтэй байсныг өөрчилж ууган хүүхэд нь залгамжлахаар хуулийн зохицуулалт хийгдсэн. Энэ дагуу охин Виктори нь хаан ширээг залгамжилна. Ардчиллын индексээр дэлхийд нэгдүгээрт, хүний хөгжлийн индексээр долдугаарт ордог ажээ.
Парламент /Riksdag/: Парламент-Riksdag 349 суудал бүхий нэг танхимтай. Сонгууль манайхтай адил 4 жил тутам явагддаг. 2010 оны сонгуулиар Барууны чиглэлийн Mодерат (107 суудал), либерал, төв болон Христын ардчилсан намууд эвсэж Oлонхи болсон. Хамгийн олон суудалтай хүчин нь Cоциал демократ нам (SAP) 112 суудалтай болсон боловч бусад намууд нь эвсээгүй тул Засгийн газраа бүрдүүлж чадаагүй. . Moderate Party-н дарга Fredrik Reinfeldt нь өнөөгийн ерөнхий айдын албыг хашиж байна.
Гишүүдийнх нь 40 гаруй хувь нь эмэгтэйчүүд буюу улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сайн байдаг. Батлан хамгаалахын, сангийн, гадаад хэргийн, боловсролын, соёлын, үйлдвэр, худалдааны зэрэг 15 хороотой ажиллаж байна.
Засаг захиргаа: Швед бол нэгдмэл улс. Хуучныхаар Гүнлэг буюу 21 муж нутагт хуваагддаг. Муж бүхэн дотроо коммун буюу нутгийн захиргаанд хуваагдана. Нийт 290 коммунтай.
Гадаад харилцаа: Энхийн цагт эвсэл, бүлэглэлд үл нэгдэх, дайны үед төвийг сахих бодлого явуулж, цөмийн зэвсгийг устгах, үй олноор хөнөөх зэвсгийг хязгаарлах, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл явцад идэвхтэй оролцож ирсэн. Европын Холбооны гишүүн. Шенгений хэлэлцээрт нэгдсэн. ЕХ-ны нэгдсэн мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлэх хэлэлцээрт нэгдээгүй байгаа.
Эдийн засаг: Швед бол экспортод чиглэсэн өндөр хөгжилтэй,холимог эдийн засагтай орон. Ойн аж ахуй, усны эрчим хүч, ган төмрийн нөөцөд тулгууурласан. Үйлдвэрлэл гадаад худалдаанд зонхилох үүргийг гүйцэтгэдэг хэдий ч цахилгаан холбоо, автомашины үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл эдийн засагт онцгой үүрэгтэй. Түүнчлэн ХАА өндөр хөгжсөн. Худалдааны гол түншүүдэд Герман, АНУ, Норвег, Их Британи, Дани болон Финланд тооцогддог.
Эдийн засгийн гол үзүүлэлтүүд (2008 оны байдлаар)
ДНБ: 479,1 тэрбум орчим ам.доллар
ДНБ-ний өсөлт: – 0,4 хувь
1 хүнд ногдох ДНБ: 38, 600 ам.доллар
Хөдөлмөр эрхэлж буй: 4,6 сая хүн
Ажилгүйдлийн түвшин: 6,2 хувь
Инфляц: 2 хувь
Мөнгөний нэгж: Швед крон (SEK). 10 орчим швед крон нь 1 евро, 1,4 ам.доллартой тэнцэнэ.
Экспорт: 185,9 тэрбум ам.дол. Экспортын гол бараа нь машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, мод, цаас, модон болон цаасан бүтээгдэхүүн, ган, төмөр, химийн бүтээгдэхүүн юм.
Импорт: 167,8 тэрбум ам.дол.Импортын гол бараа нь машин,тоног төрөөрөмж, газрын тос, газрын тосон бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, хувцас, төмөр, ган зэрэг орно.
Эх сурвалж:
http://mn.wikipedia.org/
http://solna.miniih.com/
Бэлтгэсэн: Наранхүү, Шведээс