“Монгол орны хөгжилд” чуулган ба таны оролцооны талаар яриагаа эхэлмээр байна. Энэ үйл ажиллагааг хэдийнээс эхэлж мэдэх вэ?
Их Британид ажиллаж амьдардаг монгол найзаасаа 2012 онд анх мэдэж, сонирхсон. Чуулганыг санаачлагч, “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын тэргүүн Д.Цэрэнбаттай танилцсанаар хамтын ажиллагаа болон Францад энэ арга хэмжээг зохион байгуулах талаар санал солилцсон юм. Ингээд 2015 онд Лондонд болсон чуулганыг албан ёсоор дэмжиж ажилласан. Санаачилга маань биеллээ олж энэ онд Парист 12 дахь чуулганыг хамтран зохион байгуулах болсондоо баяртай байна.
Энэ үйл ажиллагаанаас та ямар баялгийг олов?
Лондонд болсон чуулганд оролцсоноор үйл ажиллагааны цар хүрээг мэдэх, илүү сайн танилцах боломж бүрдсэн л дээ. Олон улс, хотоос ирсэн илтгэгчдийн мэдээлэл, туршлагаар үнэхээр бахархсан. Гадаад явдлын яам, Элчин сайдын яам буюу Монголын төрийг төлөөлөх нэгж дэмжиж ажилладаг нь өндөр сэтгэгдэл төрүүлж байлаа.
Бизнес эрхлэгчид сүүлийн үед оюунлаг арга хэмжээнүүдийг дэмжих хандлага эрчимжиж байна. Энэ талаар таны байр суурийг сонирхох гэсэн юм?
Онцолж дурдах юм бол олон улс гүрэнд тархан, ажиллаж амьдарч яваа монголчуудыг нэг зүгт чиглүүлэн, хамтрах боломжийг бүрдүүлж, эх орныхоо хөгжилд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулахад гүүр болсон арга хэмжээ юм. Нөгөө талаар чуулганы сэдвүүд нь тухайн жилийн хамгийн их анхаарал татсан, хэрэгтэй чиглэлүүдээс бүрдсэн байдаг. Жишээ нь, 2016 онд Монголд аялал жуулчлал хөгжүүлэх талаар ид яригдаж байна. Тийм ч учраас энэ салбарт ажилладаг монголчуудтай санаа бодол, туршлагаа хуваалцахад дэм болж магадгүй гэж үзээд аялал жуулчлалын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй Франц оронд зохион байгуулахыг санал болгосон юм. Чуулганы гол сэдэв ч аялал жуулчлал байх болно.
Чуулганы бэлтгэл ажил хэр явагдаж байна?
Зохион байгуулалтыг хариуцсан баг бүрдээд ид ажиллаж байна. Франц улс дахь Монголын Элчин Сайдын Яам, Цахим Өртөө холбоо ТББ болон Будда продакшн зэрэг байгууллагууд дэмжээд эхэлсэн. Хувийн хэвшлүүд болон Европт сурч ажиллаж буй хувь хүмүүстэй холбоо тогтоогоод байна. Бүртгүүлэх болон хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, байгууллагад зориулж бүх мэдээллийг ambassademongolie.fr вэбсайтад байршуулсныг дуулгая. Яаралтай бүртгүүлээрэй.
Та аялал жуулчлалын салбар хуралдааныг чиглүүлэх юм байна. Онцлог, давуу талаас нь дурдвал…?
Чуулганы оролцогчдын бүрэлдэхүүн нэлээн өргөн хүрээтэй. Европын 3-4 орон, Монголоос хүмүүс ирж байгаа. Зочид маань хоорондоо танилцаж, ажил хэрэг бизнесийн холбоо тогтоох, танилын хүрээгээ тэлэх ач холбогдолтой. Мөн мэдээллийн технологи, соёлын менежмент, хууль эрх зүй, аялал жуулчлал зэрэг салбарт амжилттай ажиллаж байгаа мэргэжилтнүүдтэй туршлага мэдлэгээ солилцох нь хэн хэнийх нь цаашдын ажилд дэм болно гэж бодож байна.
Францийн дэлхийд нэртэй GALERIES LAFAYETTE дэлгүүр чуулганыг дэмжиж байгаа нь бизнесийн бусад байгууллагад үлгэр дуурайлтай жишээ боллоо. Үүнд таны хувь нэмэр ч багагүй бий. Өөрийгөө болон байгууллагаа танилцуулж болох уу?
Францад ажиллаж амьдраад 19 жил болжээ. Эх орондоо 18-р дунд сургууль төгсөөд МУБИС-т Монголын анхны аялал жуулчлалын ангийг төгссөн. Парист ирж мэргэжлээрээ дахин суралцаж, дараа нь ажиллаж байгаад 6 жилийн өмнө “Galeries Lafayette”-ийн Гадаад зэх зээлийн хэлтэст уригдан өнөөг хүргэж байна даа.
“Galeries Lafayette” бол зөвхөн Парисын төдийгүй дэлхийн заавал үзэх ёстой газруудын нэгд тооцогддог. Энгийн өдөр 100 мянга гаруй хүн орж гардаг ба нийтдээ 3500 төрлийн брэндийг төвлөрүүлсэн. Францын загварын цамхаг болсон энэ дэлгүүрийн түүх 1893 оноос эхлэлтэй. Үүсгэн байгуулагчдын 5 дахь үе нь одоогийн бизнесийг хариуцдаг. Францад 62 салбар, Бээжин, Жакарта, Дубай, Берлин хотуудад мөн салбар дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Милан, Истанбул, Доха хот болон Парисын алдарт Елисейн өргөн чөлөөнд 2017 – 2018 онд салбараа нээхээр ажиллаж байна.
Дотоод гадаадгүй эдийн засгийн хямарч буй энэ үед та бүхэн зоримог шийдвэр гаргаж чуулганыг Парист хийхээр боллоо. Нийгмийн хариуцлагаа өндөр түвшинд ухамсарласан хандлага гэж үзэн бахархаж байна. Монголчуудыгаа, бизнес эрхлэгчдийг бүтээлч зүйлд уриалаач гэвэл та юу хэлэх вэ?
Хариулахад хэцүү асуулт байна шүү. Харин ч ийм хямралтай үеэр бүгдээрээ хамтдаа хөдөлж, улс орныхоо нийгэм эдийн засгийг нийтээрээ өөд нь татахын төлөө эрмэлзэх ёстой гэж үздэг. Хэдийгээр бид газар нутгийн хувьд хол байгаа ч эх орондоо бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтой, хамтарч чадвал хүчтэй гэдгийг энэ чуулганыг дэмжиж ажилласнаараа харуулахыг хүссэн. . Дотоод гадаадгүй бүгдээрээ сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа нь сайхан байна.
Чуулганы талаар сонирхсон, хамтарч ажиллахыг хүссэн хувь хүн, албан байгууллагууд хаана, хэнд хандах вэ? Түншлэлийг шуурхай дэмжсэн ямар нэг хэлбэр бий юу?
Хамтран ажиллахыг хүссэн хувь хүн албан байгууллагууд зохион байгуулах багтай info@md-forum.eu, chuulga@gmail.com цахим шуудангаар, эсвэл чуулганы фэйсбүүк хуудас болох facebook.com/MongoliaDevelopmentForum хаягаар холбогдох боломжтой. Зохион байгуулагчдын зүгээс бид боломжит хамтрагчид руу хандаж буй.
Ярилцсан Г.Солонго