2010-14 онуудад “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтын Хөтөлбөрийн багийг ахлан ажилласан, энэ удаагийн чуулганы Танилцуулга товхимолыг ивээн тэтгэн Монгол Англи хэл дээр хийж буй, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, STREAM эмнэлзүйн туршилт судалгааны удирдагч, Цахим Өртөө Холбооны гишүүн, анагаах ухааны доктор Ц.Базаррагчаатай ярилцлаа
“Монгол орны хөгжилд” уламжлалт чуулган 4-р сарын 30-нд Парист болно. Та энэ үйл ажиллагаанд хэдэн жил, ямар үүрэгтэйгээр оролцож ирэв?
Британийн монголчуудын үүсгэсэн Лондоны чуулга уулзалтад би анх 2007 онд буюу 3 дугаар чуулганд илтгэл тавьж орсноор энэхүү чуулганы үйл ажиллагаатай холбоотой болсон.
2010 оноос эхлэн 5 удаагийн чуулганыг зохион байгуулах Хөтөлбөрийн багийг удирдан ажилласан байна. Энэ нь чуулганы талаарх танилцуулга/удирдамж, хөтөлбөрийг боловсруулж тэдгээрийг Англи хэл рүү орчуулах, илтгэгчидтэй холбогдон мэдээллээр хангах, илтгэлийн хураангуй бичихэд туслахын зэрэгцээ англи хэл дээр орчуулах/ хянах, чуулганы өмнө болон дараа нь хэвлэгдэн гардаг эмхэтгэл, товхимлыг хянан тохиолдуулах ажлыг гүйцэтгэсээр ирсэн. Түүнчлэн энэ хугацаанд 3 удаагийн чуулганд голчлон Анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэнд салбар хуралдаануудыг удирдаж чиглүүлэгчээр ажилласан ба Эрүүл мэнд- Өндөр технологи салбар хуралдааныг хамтран зохион байгуулахад оролцжээ.
Эдгээр ажлыг гүйцэтгэхэд багаар ажиллах нь их чухал байдаг. Чуулган зохион байгуулах багийн ахлагч Д.Цэрэнбат манай багт байнгын дэмжлэг туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ оролцогчдыг сонгох, санхүү болон ерөнхий зохион байгуулалтын ажлууд, манай багийн гишүүн Б.Алтанхуяг эмхэтгэл, товхимлын эх загвар, чуулганы сертификатын эхийг бэлдэх зэрэг олон ажлыг хариуцан хийж хамтран ажилласанд чуулга-уулзалтууд амжилттай зохион байгуулагдаж ирсэн. Энэ хоёр маань намайг чуулганы үйл ажиллагаанд оролцохоос өмнө 2005 оны анхны чуулган зохион байгуулсан үеэс хамтран ажилласаар ирсэн ба Б.Алтанхуяг чуулга-уулзалтын галтай тулга бүхий логог зохиосон хүн юм.
Өмнө оролцож байсан чуулгануудын онцлог, мартагдахааргүй сайхан дурсамжуудаас хуваалцана уу? Ямар үр нөлөө, баялгийг олж авч байв?
Чуулга уулзалт бүр өөрийн өнгө аяс, хэмнэл, онцлогтой зохион байгуулагдаж ирсэн. Гэхдээ байнга мэдрэгдэж, сэтгэл хөдөлгөдөг зүйл бол Монгол улсынхаа төлөө цохилсон олон зүрх юм. Хилийн чанадад суугаа монголчууд энэхүү чуулган хуралдах өдрийг хүлээж догдолсон сэтгэлийн хүч байдаг. Энэ их хүчийг эх орны хөгжилд нэгтгэн чиглүүлж өгдөг гүүр нь Чуулган юм болохоор аргагүй биз.
Энэхүү чуулга уулзалтыг 6 дахь удаагаа зохион байгуулах багт оролцон ажиллах явцад мартагдашгүй олон сайхан дурсамжууд санаанд орж байна. Эхнээс нь дурдвал:
Зочин илтгэгчид
Чуулган дэд сэдвийнхээ хүрээнд нэр хүндтэй олон сайхан хүмүүсийг урьж гол илтгэлүүдийг тавиулдаг. Тухайлбал Үндсэн хуулийн Цэцийн гишүүн түүхч, Др Ж.Болдбаатар, Кембриджийн Их Сургуулийн Монгол болон Ази судлалын Төвийн багш Др A. Хүрэлбаатар, Олон улс судлалын Хүрээлэнгийн захирал Профессор О.Батсайхан, Шведийн Вант улсад суугаа Элчин сайд Др. Б.Энхмандах, Үндэсний Хөгжлийн Шинэчлэлийн Хорооны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбат, эдийн засагч, сэтгүүлч, нэвтрүүлэгч ДеФакто Жаргалсайхан нар тус тус зочин илтгэгчээр оролцож эрдэм мэдлэг, туршлагаасаа хуваалцсан нь үнэхээр мартагдашгүй бөгөөд чуулганы шигтгээ нь юм даа.
Төр болон төрийн бус байгууллагын дэмжлэг
1-4 дүгээр чуулга-уулзалтууд ИБУИНВУлсад суугаа Элчин сайд Др. Д.Даваасамбуугийн дэмжлэгтэй зохион байгуулагдсаны зэрэгцээ Ерөнхий Сайдын дэргэдэх хилийн чанадад суугаа Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл 2010 оны 6 дугаар чуулганд цахим хэлбэрээр оролцож дэмжлэг үзүүлсэн ба дараа жил нь чуулганы ач холбогдлыг үнэлж зөвлөлийн албаны дарга Ч.Энх-эрдэнэ оролцож Засгийн Газрын “Зөгийн Үүр” хөтөлбөрийг танилцуулж байлаа.
2009 оны 5 дугаар чуулганд Монголын бурхан шашны төв Гандантэгчилин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц уригдан ирж чуулсан олонд сургаалаа айлтгаж, бурхны номын дуу хүртээсэн нь оролцогчдын хийморь лундааг сэргээсэн аргагүй сайхан арга хэмжээ болсон. Энэ чуулганд Цахим Өртөө Холбооноос хэрэгжүүлж буй ХАШ төслийн баг санхүүгийн дэмжлэг үзүүлснийг санаж байна.
2012 онд Швеэдэд болсон 8-р чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, ГХЯамны Төрийн Нарийн бичгийн дарга, түүнчлэн МАН, МҮАН, ИЗНН санхүүгийн дэмжлэг үзүүлж, мэндчилгээ хүргэсний зэрэгцээ ИБУИНВУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл , Европ-Монголын Нийгэмлэг, Монголын Эдийн Засгийн Форумын тэргүүн нар оролцож байв.
Энэ бүгд нь уг чуулган төр болон төрийн бус байгууллага, шашин, намууд гадаадад амьдарч буй монголчуудтай хамтран ажиллах нэг суваг болж буйн илрэл юм.
Чуулган хил хязгаараа тэлсээр
Чуулга уулзалт өмнө нь 2 удаа Лондоноос тэлж хязгаараа өргөжүүлсэн түүхтэй. Энэ жил 3 дахь удаагаа Парис хотод болох гэж байна.
2012 оны 8 дугаар чуулга-уулзалтыг Шведийн Вант улсад суугаа Элчин сайд Б.Энхмандах болон Европ-Монголын Нийгэмлэгийн тэргүүн Н.Номун-эрдэнэ нар Британийн Монголчуудын Холбоо Цахим Өртөө Холбоотой хамтран зохион байгуулсан. 2013 онд 10 дахь удаагийн түүхт чуулган Монгол улсдаа Гадаад харилцааны яамтай хамтран ”Бүтээмжит хамтын ажиллагаа” сэдвийн дор “Хилийн чанадад суугаа Монголчууд эх орондоо” анхдугаар чуулга-уулзалттай нэгдэн зохион байгуулагдаж нийт 20 гаруй орноос 200-аад оролцогчид хамрагдсан.
Эх оронч сэтгэлгээг дэмждэг
Урлаг соёлын зүтгэлтнүүд чуулганд байнга оролцож эх оронч сэтгэлгээг хөхүүлэн дэмжиж эх орон, нутаг нэгтнээрээ бахархах сэтгэлийг төрүүлдэг.
2008 оны 4 дүгээр чуулган, 2011 оны 7 дугаар чуулганд Мэргэжлийн боксын дэлхийн аварга “Монгол тулаач” Ч.Цэвээнпүрэв чуулганд уригдан оролцож өөрийн амжилт ялалтын түүхээсээ хуваалцахын зэрэгцээ өөрийн бичсэн “Эрүүл аж төрөх ёсон” номынхоо талаар танилцуулж, МУ-ын гавьяат дуучин Ч.Бат-эрдэнэ чуулганы оройн цэнгүүнийг хөтлөн оролцож байв.
2007 оны 3 чуулганы үеэр Британид ажиллаж буй зураач Д.Батсүхийн зургийн үзэсгэлэн гарч, 2008 оны “Байгал орчин” сэдэвт 4 дүгээр чуулганаар “Aлт бидний ирээдүй мөн үү” баримтат кино-г, 2010 оны 6 дугаар чуулганаар “Долоон сарын нэгэн-Бууж өгөх эрхгүй” Монголын уран сайхны кино-г чуулганы дараа толилуулж Монгол оронд болж буй үйл явдлуудын талаарх мэдээллийг хүргэж байв.
2011 оны 7 дугаар чуулганд Монголын малчдад тусалдаг CAMDA буяны байгууллагад хөрөнгө босгох зорилгоор Лондоноос Парис руу дугуйн аялал хийх гэж буй Францын иргэн Aymeric оролцож оролцогчид дэмжлэг үзүүлж байсан бол 2013 оны 9-р чуулганаар Лондон ажиллаж амьдарч буй уран бүтээлчдийн зургийн үзэсгэлэн гарч байсан.
Ивээн тэтгэгчид, хувь хүмүүсийн дэмжлэг өргөжин тэлсээр
Чуулганыг ивээн тэтгэчид нэмэгдэн төрийн болон төрийн бус байгууллагууд, намууд, пүүс компаниас гадна хувь хүмүүсийн оруулах хувь нэмэр ихэссээр байгаа нь сайшаалтай.
2006 оны 2 дугаар чуулганы илтгэгчдэд Монгол Говь, Эрдэнэт концерн, Монгол Банк, Цахим Өртөө Холбооноос нэрэмжит шагналуудыг гардуулж, 2011 оны 7 дугаар чуулганы гол ивээн тэтгэгчээр Rio Tinto тодорсон ба Монгол Банкны нэрэмжит шагнал гардуулагдсан.
2009 оны 5 дугаар чуулганы ажиллагааны фото сурвалжлагыг Британийн Монголчуудын Холбооны УЗ-н гишүүн Д.Сэмжидмаа, 2010 оны 6 дугаар чуулганаар сурагч Б. Марал чуулганы албан ёсны зурагчнаар ажилласан ба London MN Студи чуулганы сурвалжлага, бичлэгийг хийв. Даваажаргал захиралтай МongolBridge компани оройн цэнгүүнийг зохион байгуулж, Их Британийн Оюутны Холбоо чуулганыг хамтран зохион байгуулж байжээ. Ирланд, Португаль, Швед, Нидерландын Монголчуудын Холбоо, нийгэмлэгүүдийн тэргүүнүүд, Номун Далай”, Lingua Global-ын номын худалдаа, МоnCharity-ийн үйл ажиллагааны танилцуулга чуулганы үеэр хийгдэж байжээ.
2009 оны 5 дугаар чуулганыг Будда Медиа сурвалжилж цуврал нэвтрүүлэг бэлтгэн Монголд ТВ 9-р цацан эх орондоо суугаа монголчуудын хүртээл болгосон.
Онлайн, бичлэгээр оролцогчдын тоо нэмэгдсэн
2008 онд 4 дүгээр чуулганд анхны онлайн илтгэлийг ОХУ-нд докторант С.Хадбаатар, 2010 оны 6 дугаар чуулганд Др Д.Болормаа Францаас, Монголоос НЭМХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Сувд, Чингэлтэй дүүргийн эмнэлгийн менежер их эмч Д.Уламбаяр нар, 2012 онд Стокгольмд болсон 8 дугаар чуулганд Лондоноос Ж.Баасандулам, Америкаас Др Paul Gibbs, Финландаас Matt Sarja нар илтгэл тавьж сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Энэ чуулганы Зохион байгуулах багт та олон жил сайн дураараа ажилласан. Яагаад вэ?
Чуулга уулзалтын зорилго, зохион байгуулагчдын үзэл бодол, ёс суртахуунтай байдал зэрэг нь минийхтэй ижил төстэй байдаг тул хамтран ажиллах дуртай байдаг. Мөн зарчмын асуудлуудад санал нийлж, энгийн сайхан нөхөрсөг харьцааг төрүүлдэгт сэтгэл хангалуун явдаг. Гэхдээ сайн дураараа ажиллана гэдэг бол тухайн хүний сэтгэлийн асуудал юм даа. Миний хувьд өдий зэрэгтээ ажиллаж амьдарч буй нь эх эцгийн буян, дэмжлэгээс ихээхэн шалтгаалах ч Монгол орон, эх нутгийн минь буян байдаг гэдэгт итгэлтэй амьдардаг. Тэгээд ч авсан зүйлээ эргүүлэн өгөх сэтгэлтэй байхыг эрхэмлэдэг тул сайн дураараа ажиллахдаа би аз жаргалтай болдог. Энэ удаагийн чуулганд ч мөн хэдийгээр биечлэн оролцож амжихгүй ч илтгэлүүдийн нэгдсэн танилцуулга товхимолыг хийж илгээхээр ажиллаж байна.
“Монгол орны хөгжилд” чуулган жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулагддагийг хүмүүс мэдэх болжээ. Ингэж чуулахын ач холбогдлыг та юу гэж үздэг вэ?
Чуулга уулзалтууд тодорхой сэдвийн дор зохион байгуулагдах нь тухайн сэдвийн хүрээнд мэргэжлийн, мэргэшсэн хүмүүсийг нэг дор цуглуулан чуулж онолын болон практик мэдлэг, туршлагыг хуваалцахад ач холбогдолтой байдаг. Түүнчлэн сонирхсон хэн бүхэн оролцож өөрийн бодол, санаагаа илэрхийлж, хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулах боломжтой байдаг.
Чуулганд Монголоос төдийгүй АНУ, Европын орнуудаас монголчууд ирж оролцдог тул тухайн улс оронд өрнөж буй шинэчлэл, улс төрийн байдал, хөгжлийн гарц, нийгэм-эдийн засгийн шинэлэг мэдээлэл, техник технологийн хөгжил зэргийг олж мэдэх, суралцах танин мэдэхүйн ач холбогдол бас бий. Ийнхүү чуулга-уулзалт нь хөгжингүй орнуудын нийгэм-эдийн засаг, нийгмийн эрүүл мэнд, техник технологийн хөгжлийн толь нь болж Монгол орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц эрүүл үзэл бодол, ёс зүйтэй улс төр, ёс зүйтэй нийгэм, шинэлэг санаа, нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээ, мэдлэгт суурилсан хөгжлийг дэмжсэн тавцан болдог.
Монголчууд дэлхийн олон оронд амжилттай ажиллаж ирлээ. Янз бүрийн хурал, чуулган ч цөөнгүй зохион байгуулдаг. Ер нь “Монгол орны хөгжилд” хэмээх энэхүү брэнд арга хэмжээ энд тэнд болдог ижил төрлийн үйл ажиллагаанаас яг юугаараа ялгаатай байдаг вэ?
Энэхүү чуулга уулзалт тасралтгүй, тууштай 11 жил зохион байгуулагдсанд хамгийн гол утга, ач холбогдол нь оршдог. Британийн Монголчуудын санаачилгаар элчин сайдын яамнууд, төр болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс, оюутан залуус, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн мэргэд, гаднын байгууллага/хувь хүмүүс хамтран ажиллаж буй нь олон талт хамтын ажиллагааны томоохон жишээ юм. Чуулган Лондоноос халин Стокгольм, Монгол улс, энэ жил Парист зохион байгуулагдаж буй нь тухайн үйл ажиллагааны хараат бус, бие даасан байдлыг илтгэж байна.
Чуулга уулзалт чуулахаас гадна Монголын соёл, урлагийг сурталчлах, хувь хүмүүс, сайн дурын байгууллага, урлаг соёлын зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, шашин төрийн зүтгэлтнүүд, Монголчуудын холбоодыг нэгтгэн уулзах боломжийг олгодог. Хамгийн гол нь ашгийн бус, сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдаж, Монголоо гэсэн сэтгэлтэй хэн бүхнийг нэгдэн хамтран ажиллахын эхлэлийг тавьж өгдөг.
Гадаад хэргийн яамнаас санаачлан батлуулсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн талаарх таны байр суурийг сонирхох гэсэн юм?
Он гарснаар Засгийн Газраас “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг сонирхож харахад нэг их шинэ, шинэлэг зүйл бага санагдсан. Зөвлөлийн зохион байгуулалт, бүрэлдэхүүний хувьд ч төрийн байгууллага голчлон хариуцах төлөвтэй байгаа. Боловсрогдож гараад хэрэгжихгүй алга блодог хөтөлбөрүүдийн нэг битгий болоосой л гэж бодож байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Сү.Батболдын үед “Зөгийн үүр” нэртэй ижил төстэй зорилготой хөтөлбөр батлагдаж байсан түүхтэй. Үүний хүрээнд чамлаахааргүй ажлыг чадлаараа Цахим Өртөө холбоо ТББ гүйцэтгэн ирсэн ч эцсийн үр дүнгээ үзээгүй жишээ бий.
Зарчмын хувьд Монгол улсын ҮНБ-ний 2 хувийг гадаадад амьдарч ажиллаж байгаа иргэд бүрдүүлж байхад тэдэнд зориулсан бодлогын чанартай үйл ажиллагаа байх нь зүйтэй. Гэхдээ хилийн чанадад байгаа монголчууд өөрсдийн санаачилга, идэвх зүтгэлээр Монголынхоо соёл, заншлыг хадгалан үлдэх, хүүхдүүддээ хэл соёлоо өвлүүлэх, тэмдэглэлт баяруудыг зохион байгуулсаар ирсэн. Тэдэнд гол нь санхүүгийн дэмжлэг дутагддаг. Үүнд дэмжлэг үзүүлэхүйц тодорхой зорилтыг энэхүү хөтөлбөр агуулсан бол бодит ажлын эхлэл байх байсан болов уу.
Та бол “архаг” цахим өртөөчин, цахим өртөөтэй холбоотой бүтээлч, шинэлэг гоё дурсамжууд, энэ нэгдлийн ирээдүйн талаарх бодлоо хуваалцаач? Шинээр гишүүн болохыг хүссэн хүмүүст сонирхолтой байж болох юм?
Би 2007 оноос Цахим Өртөөтэй холбогдсон. Энэ үед Лондон хотод амьдарч эрдмийн ажлаа хийж байх үе таарсан. Яг энэ үед Цахим Өртөө ТББ гадаадад амьдарч буй монголчуудыг ХДХВ, бэлгийн замаар дамжих халдвараас (БЗДХ) сэргийлэх төслийг гадаадад байгаа монголчуудын дунд Глобал Сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлэхээр ярилцаж байсан.
ЦӨ-ний нэг онцлог бол зүс танихгүй хүмүүс хоорондоо цахим ертөнцөөр холбогдон танилцаж, ярилцаж, хэлэлцэж, үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь яахын аргагүй ЦӨ-нийхний орчин үетэй мөр зэрэгцэн алхан явдаг онцлог юм. Өөрөөр хэлбэл, орон зай, цаг хугацаанаас үл хамааран хамтран ажиллах боломжийг ашигладаг. Яг л ийм байдлаар ЦӨ-ний энэ төслийн хүрээнд Британийн монголчуудын дунд ХДХВ/БЗДХ-аас сэргийлэх төслийг Лондонд амьдарч байсан эмч нөхөд болох С. Цэгмид, О.Батбаяр нартай хамт бичиж хэрэгжүүлсэн. 2 жилийн дараа зун амралтаараа очиж тайлангаа тавихдаа ЦӨ-нийхөнтэй нүүр тулан уулзан танилцаж байлаа. Өөртэй чинь бас ийм байдлаар танилцан ярилцаж байсанг санаж байгаа байх.
Өөр нэгэн онцлог бол ЦӨ-нийхөн ихэнхдээ гадны их сургуулиудад мэдлэг боловсрол эзэмшсэн, эрдмийн зэрэг цол хамгаалсан эсвэл Монголдоо зохих албан тушаал хашсан хүмүүс байдаг тул арай шинэлэг сэтгэлгээтэй, ёс зүйтэй байдаг. Ийм хүмүүсээс сурах зүйл их, мэдээлэл солилцоо ч сайн байдаг.
Ярилцсан Г.Солонго
gaihaltai ..uur tohiroh ug oldsongui ee.