Өндөр технологийн салбар нь харьцангуй бага нөөцөөр аж үйлдвэрлэл явуулдаг ч улс орны эдийн засгийн өсөлтөд үлэмжхэн хувь нэмэр оруулж байна. Тухайлбал АНУ-ын өндөр технологийн үйлдвэрлэлийн өлгий Калифорни мужийн Силикон Хөндийн 2.4 сая орчим оршин суугчид АНУ-ын хүн амын нэгээс бага хувийг эзлэх ч улсынхаа ДНБ-ний 5хувийг бүтээж байдаг бол Нидерланд улсын өндөр технологийн хот Айндховенд оршин суугчид (700 000 хүн) нийт хүн амынхаа 4 хувийг эзлэх ч 2011 онд улсынхаа нийт экспортын 25 хувь буюу 55 тэр бум еврог бүтээжээ. Иймээс ч өнөөдөр Дэлхийн олон улс орнууд өндөр технологийн салбарыг улс орны хөгжлийн гол суурь гэж үзэн анхаарлаа хандуулж байна.
Хэдийгээр энэ салбар Монгол улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах түвшинд хараахан бүрэлдэн хөгжиж амжаагүй байгаа ч энэ чиглэлд зарим алхамууд хийгдэж бодлого боловсруулагдан, салбарыг хариуцсан хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдаж, үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин ч бүрдэж байна. Тухайлбал Монгол орны хувьд өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого 2010 оны 6 сард батлагдаж, 2011 оноос эхлэн Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо (ҮХШХ) уг бодлогыг хэрэгжүүлэхээр мэдээлэл холбоо, электрон, био-, нано-технологийн салбарыг сонгон холбогдох үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Энэ бүгдээс үндэслэн дэлхийн тэр дундаа Европын улс орнуудын өндөр технологийн салбарын байдлаас танилцуулах, дотооддоо бүрэлдэж буй энэхүү нааштай чиг хандлагуудыг дэмжих зорилгоор бид бүхэн 8-р чуулга уулзалтыг “Өндөр технологи, Европын стандартийг нэвтрүүлэх боломж” сэдвийн доор зохион байгуулахаар шийдсэн болно.