“Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага
Гадны улс оронд сурч ажиллаж байгаа тодруулбал технологийн болон бизнесийн салбарт ажиллаж байгаа монголчууд ирэх сард Швейд улсад цугларч Монгол Улсынхаа хөгжилд технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар ярилцах гэж байна. Найм дахь жилдээ болж буй уг уулзалтын үр дүнд улс орны хөгжилд нэмэр болохуйц олон шинэ санаа, бүтээл төрдөг юм байна. Уг уулзалтыг хамтран зохион байгуулж буй Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Инновацийн бодлогын хэрэгжүүлэх хэлтсийн дарга Б.Ганбаттай ярилцлаа. Түүнчлэн тус газраас нано технологийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэж байна.
–Швейдэд болох монголчуудын уулзалт нь гадаадад ажиллаж амьдарч буй залуусаа эх оронд нь авчрах гэсэн нэг бодлого байх. Ялангуяа технологийн болон бизнесийн салбарт ажиллаж байгаа залуус Монголдоо ирэх болов уу?
Британийн Монголчуудын санаачилан уламжлал болгон хийдэг “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтын 8 дугаар нь Швейд улсад зохион байгуулагдана. Форумыг зохион байгуулахад бид хамтран ажиллаж байна. Өнөө жилийн форум “Монгол Улсад өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх”, “Европын стандартыг нэвтрүүлэх боломж” гэсэн сэдвээр ирэх тавдугаар сарын 5-нд болно. Энэ хурлын үеэр гадаадад сурч ажиллаж байгаа технологийн болон бизнесийн салбарт ажиллаж байгаа монголчууд цуглараад Монгол Улсынхаа хөгжилд технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд яаж хувь нэмрээ оруулах вэ гэдэг асуудлаар хоёр өдөр ярилцах юм. Ялангуяа өндөр технологийн салбар гэгдэж байгаа мэдээллийн технологи, электроник, биотехнологи, нано технологи гэсэн салбаруудаас хүмүүс илтгэл тавихаар одоогийн байдлаар 10 гаруй орноос 100 гаруй залуус ирэхээр бүртгүүлчихээд байна. Энэ бол чухал арга хэмжээ болно. Монгол Улс хөгжих, тэр дундаа мэдлэгт суурилж хөгжих гэдэг асуудлыг бид зөвхөн Монголдоо яриад шийдчихдэг юм биш. Тэрхүү технологи мэдлэг нь байгаа гадаад орнуудын технологиудыг тэнд нь байгаа мэдлэгтэй залуучуудтай хамтарч хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар гадаадад 100-120 мянган монголчууд байна гэж үздэг. Тэгвэл 2.7 сая хүнтэй монголчуудаас 100 мянган хүн нь гадаадад байна гэдэг бол их тоо. Манай Засгийн газраас боловсруулж батлуулсан “Зөгийн үүр” хөтөлбөрийн судалгаанаас харахад гадаадад байгаа монголчууд дунд өндөр мэдлэг, боловсролтой улс их байгаа. Ялангуяа доктор, магистрт суралцаад тэндээ үлдчихсэн ажиллаж байгаа залуус их байна. Энэ хүмүүсийнхээ мэдлэг чадварыг улсынхаа хөгжилд зайлшгүй ашиглах хэрэгтэй. Манай улсад аж үйлдвэржилт, дэд бүтэцтэй холбоотой томоохон бүтээн байгуулалтын төслүүд яригдаад, хэрэгжээд эхэллээ. Гэтэл энд сайн менежерүүд, инженерүүдээс эхлээд боловсон хүчин дутагдаад эхэлж байна. Гадаадад ажиллаж байгаа залуус маань ажиллах орчин хийгээд тэр талын бизнес эрхлэхэд ямар дэмжлэг тусламж байна вэ гэж асуудаг. Үүнийг бүрдүүлчихвэл хүрээд л ирнэ.
–Европын стандартыг Монголд нэвтрүүлэх бололцоо тэгээд хэр ойрхон байна?
– Европын стандарт гэдэг бол ер нь олон улсын стандарт. Аливаа хөгжил гэдэг бол стандартаа сайжруулахыг л хэлдэг. Боловсролын байна уу, техник технологийнх байна уу, үйлчилгээний байна уу ялгаагүй. Европын өндөр түвшний стандартыг Монгол Улсдаа хэрхэн яаж нэвтрүүлэх, ямар арга зам байна, юунаас нь эхлэх, хэнтэй хамтрах гэдэг асуудлыг бид энэ форумын үеэр ярилцах юм. Бидний сонгож авсан хоёр асуудал хоёулаа өнөөдөр Монгол Улсад хэрэгтэй. Уул уурхай эрдсээс гадна монголчууд мэдлэгтээ суурилаад хөгжих, гадаадын мэдлэгийг авч ашиглах гэсэн чухал асуудлыг тойрч ярина. Яриад зогсохгүй энэ үеэр Швейдийн өндөр технологиудтай биечлэн танилцах юм.
–Мэдлэг чадвартай хүмүүсээ татан авчрах, тэдний тусламжтайгаар улс орноо хөгжүүлэх нь яалт ч үгүй инновацитай холбоотой асуудал. Инновацийн тухай хууль батлагдахаар яригдаж байгаа. Энэ хууль батлагдсанаар хэнд ямар ашиг тустай вэ?
-УИХ-ын хаврын чуулганаар Инновацийн тухай хуулийг батлах гэж байгаа. Намрын чуулганы үеэр чуулган завсарлахаас өмнө байнгын хороодоор ороод бүх хэлэлцүүлгүүд хийгдчихсэн. Одоо ерөнхийдөө хуулийг эцэслэн батлах үе шат үлдсэн. Инновацийн хуулийн боловсруулах ажлыг манайх БСШУЯ-тай хамтран хийсэн. Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж буй энэхүү ажлын хэсгийн дэд даргаар нь би ажилласан.
Бид өнөөдөр технологийн аж үйлдвэр гэж их ярих боллоо. Түүхий эдээ боловсруулдаг байя, гадаад дотоодод байгаа хүмүүсийнхээ мэдлэгийг ашиглая, эрдэмтдээ ашиглая, Шинжлэх ухааныг үйлдвэртэй холбоё, ялангуяа технологи, инженерийн чиглэл, байгалийн ухааны сургуулиудаа хөгжүүлье. Технологийн компаниудыг олноор бий болгож улсынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлье, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргая гэж олон жилийн турш ярьж байгаа. Тэгвэл энэ хууль батлагдсанаар дээрх бүх ажлыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ хуулинд үндэсний технологиудын их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээс гарч байгаа технологиудыг ашиглахаас гадна гадны технологиудыг оруулж ирж ашиглах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, технологийн компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, дэд бүтцээр дэмжих олон багц асуудлыг тусгасан байгаа. Энэ хууль бол бүхэлдээ бизнесийн чиглэлийн хууль гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны ажлын үр дүнд бий болсон технологи шинэ бүтээл, бүтээгдэхүүнийг бөөнөөр нь үйлдвэрлээд зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх тухай хууль шүү дээ.
–Өөрөөр хэлбэл нийгэмд хүлээлт үүсчихээд байгаа гэсэн үг үү?
-Эрдэмтэд, их, дээд сургуулиудын багш нар, салбар салбарын инженер, зохион бүтээгчид ийм хууль гараад ирээсэй гэж хүсч байгаа. Уг хууль батлагдсанаар хөдөө аж ахуй, эрчим хүч, хүнс, эрүүл мэндийн гээд бүхий л салбарт технологийн компаниуд олноор үүсч бий болно. Тэднийг дэвжин дээшлэхэд бололцоо нөхцөл бий болно гэж үзэж байна. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо нь Улсын хөгжлийн урт дунд хугацааны бодлого стратегийг гаргаж байх ёстой газар. Үүнээс гадна технологи инновацийг хөгжүүлэх бодлого стратегийг үндэсний хэмжээнд нэгтгэж уялдуулж боловсруулж байх үүргийг бидэнд өгснөөр манай инновацийн газар байгуулагдсан. Бид өнгөрсөн хугацаанд инновацийн хуулийг гаргах, өндөр технологийн төрийн бодлого батлуулах, Засгийн газрын хөтөлбөр батлуулах ажлыг хийсэн. Инновацийн ажил гэдэг бол мэдлэгийг бий болгохоос авахуулаад түүний оюуны өмчийг баталгаажуулах дамжуулах, хэрэглэгчдэд хүргэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аж үйлдвэр, санхүүжүүлэх, дэд бүтцийг хийх олон салбарууд орж байж хийдэг бизнес. Түүнээс эрдэмтэн хүн дангаараа хийхгүй, бизнесмэн хүн ч ганцаараа хийхгүй. Энэ талын бизнест арилжааны банкууд ч хэр баргийн зээл олгохгүй. Яагаад гэхээр инновацийн төсөл гэдэг нь ихэвчлэн оюуны өмч патент л байгаа. Энэ бүхэнд тус хууль чухал ач холбогдолтой гэж бодож байна.
–Ирэх долоо хоногоос нано технологиор гаргаж авсан бүтээгдэхүүний танилцуулга болно гэж байсан. Энэ талаараа мэдээлэл өгөөч?
– Ирэх долоо хоногт бид Монгол Улсад нэвтрүүлэхэд бэлэн болсон нано технологийн бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулна. Энэ бүтээгдэхүүнүүдийн судалгааны зарим нь Монголд, зарим нь гадаадад хийгдсэн. Өөрөөр хэлбэл зарим нь гаднаас технологи дамжуулах замаар оруулж ирээд Монголд угсарч хийх гэж байгаа нано технологиуд байгаа. Монгол Улсад өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогыг 2010 онд УИХ-аас баталсан байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд тэргүүн ээлжинд био технологийн болон мэдээллийн технологийн салбараа хөгжүүлэхээр зорьж байгаа. Малын эм вакцин, хүнсний шинэ бүтээгдэхүүн, уураг гээд биотехнологийн чиглэлээр манай үндэсний компаниуд нэлээд сайн ажиллаж байгаа. Жишээ нь, “Монос” компани эмийн зах зээлийн нэлээд хувийг хангаж байгаа бол ардын уламжлалт эм талдаа “Монхимо” компани, Мэдээллийн технологийн салбарт “Могул”, “Монел” зэрэг электроникийн бүтээгдэхүүнийг угсардаг компаниуд шинэ дэвшилттэй бүтээгдэхүүн гаргаж байгаа. Тэднийг дэмжих хэрэгтэй. Зөвхөн уул уурхайн компаниуд эдийн засагт давамгайлах бус технологийн компаниуд гарч ирэх юм бол Монгол Улс хөгжинө.