“Монгол орны хөгжилд” VII чуулганы мэдээ

Британийн Монголчуудын зохион байгуулдаг уламжлалт “Монгол орны хөгжилд” VII чуулга уулзалт Мэдлэгт суурилсан хөгжил нэрийн дор Limkokwing University of Creative Technology –ийн байранд 5 сарын 7-нд амжилттай болж өнгөрлөө.

Чуулганыг элчин сайд Б.Алтангэрэл нээж үг хэлэн чуулганы ажиллагаанд амжилт хүссэний дараа Монгол Улсын Засгийн газрын сайд, Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарын чуулганд зориулж ирүүлсэн Мэндчилгээг элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Х.Мандахцэцэг уншиж танилцуулав.

Улмаар чуулганы гол ивээн тэтгэгч Rio Tinto компанийн Зэсийн Группийн Хүний Нөөцийн Хэлтэсийн Стратеги Төлөвлөлтийн Албаны менежэр Jessica Farwell чуулганд амжилт хүсэхийн зэрэгцээ өөрийн Компанийн талаар, тэр дундаа Оюу Толгойн ордыг ашиглаж буйтай холбоотой танилцуулга илтгэл тавиж Монголын мэрэгжилтнүүдийг эх орондоо очиж хамтран ажиллахыг уриаллаа.

Чуулганы зочин илтгэгч Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа элчин сайд Др. Б.Энхмандах нэгдсэн хуралдаан дээр Монголын нийгмийн хөгжлийн загварын онол, арга зүйн зарим асуудал сэдвээр илтгэл тавив. Сайд илтгэлдээ хөгжлийн загваруудын талаар танилцуулан харьцуулалт хийж, тэдгээрээс умардын орнуудын хэмээн нэрлэгддэг Нордик загвар Монголын хөгжилд илүүтэй тохирох талаар өөрийн судалгаа шинжилгээнд тулгуурласан дүгнэлт саналаа илэрхийлсан юм.

Зочин илтгэлийн дараа чуулган “Хөгжлийн тухай саналууд”, “Санхүү Эдийн засаг – Мэдээллийн Технологи” гэсэн 2 салбараар тусдаа хуралдав.

Хөгжлийн тухай саналууд салбар хуралдаан

Салбар хуралдааныг Британийн Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбооны тэргүүн Д.Цэрэнбат хөтлөн явуулав.

Инженерийн болон философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэ “Мэдлэг ба хувийн санаа” цахим илтгэлээрээ уг салбарын хуралдааныг Монголоос нээв. Илтгэгч өдгөө Монгол оронд маань мэдлэгийг түгээх ёстой газрууд нь элдэв шашин, бөөгийн ухаан, түүнчилэн багш нар хувийн үзэл санаагaa зааж сургаж, мэдлэг гэдэг зүйлийг ойлгож хүндлэх явдал үгүй болж байна. Үүнээс үүдэн заасан багшинхаа хувийн үзэл бодлыг мэдлэг гэж андуурч ярих маргах явдал газар авч энэ нь нийгэмд ч эв нэгдэлийг үгүй болгож хөгжлийг зогсоож буй хэмээн шүүмжлээд, мэдлэгийн талаархи философийн ойлголтуудыг тайлбарлаж, мэдлэг болон хувийн үзэл санааны ялгааг цохон дурдав. Тэрээр мэдлэгийг жинхэнэ утгаар нь эзэмшвээс, хүндэлвээс түүнийг дагаад эв нэгдэл үүснэ улмаар хөгжил явагдана, иймд мэдлэгийг жинхэнэ утгаар нь эзэмшихийг чуулганд оролцогч залууст захисан юм.

Улс төр хөгжлийн ухааны магистр Ж.Өнөрмаа “Иргэдийн оролцоонд тулгуурласан нийгмийн дэвшил: Нийтийн мэдээллийн сүлжээг бодлого боловсруулалтад үр өгөөжтэй ашиглах нь” сэдвийн дор өнөө цагийн нийтээр хэрэглэж буй нийтийн мэдээллийн сүлжээний олон аргуудыг (facebook, twitter, biznetwork, цахим өртөө сүлжээ болон бусад группууд) бодлого боловсруулагчид хэрхэн үр өгөөжтэй ашиглаж болох талаар илтгэлээ.

Польш улсаас хүрэлцэн ирсэн Монголын уламжлалт анагаах ухааны их эмч Др. Проф, Н.Жамсран өөрийн “Эрүүл мэнд – үндэсний аюулгүй байдал” илтгэлээрээ Монгол орны өнөөгийн эрүүл мэнд, эмнэлэгийн тогтолцооны гаж байдал, хүнсний эрүүл мэндийн хяналт шалгалт алдагдсан байгаа зэргийг баримт жишээгээр дэлгэн тайлбарлаж энэхүү тогтолцооны гажуудлаас гарахын тулд нийгмийн эрс шинэтгэл өөрчилөлт хийхээс аргагүй болжээ хэмээн дүгнээд чуулганд оролцогч залуусыг улс төрийн сонгуульд оролцож өөрсдийн төлөөлөгчидөө сонгуулиар гаргаж тавих хэрэгтэй хэмээн уриалав.

ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хөгжил судлалын магистр, Б. Чинүүхэй “Хөгжлийн хэмжүүр: Амьдралын чанар” сэдэвт илтгэлээрээ хөгжлийг олон хэмжүүрээр хэмждэг бөгөөд Монгол орны хувьд зарим хэмжүүрээр хөгжлийн ахиц гарсан мэт харагдаж буй ч хамгийн гол иргэн бүрийн сайн сайхан амьдралын хэмжүүр гэж үзэж болох амьдралын чанараар авч үзвэл бидний хувьд хөгжил хийгдсэн гэхэд бэрх байгааг онцлон дурдаад цаашид эрх баригч хүчнүүд хөгжлийн энэхүү хэмжүүрийг гол болгон улс орныг удирдах нь чухал юм хэмээн дүгнэв

Манчестерийн Их Сургуулийн магистрант, А. Долгион “Бодлого боловсруулах үйл явцад бодлогын шилжүүлгийн талаарх мэдлэгийн гүйцэтгэх үүрэг” илтгэлээрээ аливаа улс орон хөгжлийн шинэ төлөв байдалд шилжихдээ гаднаас ямар нэгэн бодлогыг тодорхой хэлбэрээр авч хэрэглэдэг буюу бодлогын шилжүүлэг хийдэг тухай дурдьдаад тэдгээрийн төрлүүд, Монгол орны хувьд бид ардчилсан нийгэмд шилжихдээ бодлогын ямар төрлийн шилжүүлэг ашигласан, тэр нь ямар үр дүнд хүргэсэн цаашид юунд анхаарах талаар өгүүллээ.
Ирландийн Дублингийн Их Сургуулийн магистрант, А. Наранбаатар “Монголын Мал аж ахуй, түүнд мэдээллийн технологийг хэрэглэх хэрэгцээ шаардлага, нэвтрүүлэх боломжууд” илтгэлээрээ Монгол орны Мал аж ахуйн салбарын өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байгаа малын халдварт өвчнүүд, тэр дундаа малаас хүнд халдварладаг өвчнийг таслан зогсоож, эрүүл ахуйн шаардлага хангасан малын гаралтай бүтээгдэхүүнийг дотоодын болон гадааддын зах зээлд нийлүүлэхэд малын бүртгэл нь зайлшгүй, бүртгэлийг хийхдээ мэдээлэлийн технологийг ашиглах нь мөн зайлшгүй болохыг өөрийн орны онцлог болоод бусад орнуудад хэрэгжүүлж буй малын бүртгэлийн аргуудтай харьцуулан шинжилжээ.

Санхүү Эдийн засаг – Мэдээллийн Технологи салбар хуралдаан
Салбар хуралдааныг Монгол банкны Лондон дах төлөөлөлгч Б.Энхжаргал, Британийн Монголчуудын Холбооны УЗ-ийн гишүүн, Цахим Өртөө Холбооны гишүүн Др Ц.Базаррагчаа нар хөтлөн явуулав.

Оросын Холбооны Улсын Хөрөнгө Оруулалт Корпораци Хөгжлийн банкны Үнэт цаасны гүйлгээний хэлтсийн дарга Др.М.Бат-Өлзий “Монголын эдийн засагт илэрч бүй ”Голланд өвчиний” шинж тэмдэгүүд” сэдвийн хүрээнд Монголын эдийн засгийн хөгжлийн ерөнхий дүр төрөхийг илтгэн харуулдаг макро эдийн засгийн үзүүлэлт дээр тулгуурлан Монголд «Голланд евчин»-ний гол шинж тэмдэг болох эрдэс баялагийн экспортын орлого хэт нэмэгдэх, эрдэс баялагийн экспортын өсөлтөөс хамаарч валютын орлого нэмэгдэх, импорт нэмэгдэх, мөнгөний нийлүүлэлт өсч, инфляц өсөх, төгрөгийн нэрлэсэн болон бодит ханш чангарах зэрэг үзэгдлүүд илэрч байгааг үзүүлэн тайлбарлав.

Лондонгийн Санхүү Бизнесийн Их Сургуулийн оюутан Б. Зулбаяр “Европын хөрөнгө оруулагчдыг хэрхэн монгол руу татах вэ?” сэдэвт илтгэлээрээ Монгол улс улс төр, хүмүүнлэг, соёл урлаг гээд олон талаар Европын орнуудтай харилцаа эрчимтэй хөгжүүлж байгаа шигээ хөрөнгө оруулалт, эдийн засгийн тал дээр хэрхэн ахиц гаргаж болох үүнд Европт сууж байгаа монголчууд юу хийж чадах болон цаашид үйл ажиллагаандаа анхаарах, хамтарч ажиллах боломжийн талаар өөрийн санал бодлоо хуваалцав

Лийдсийн Их Сургуулийн Магситрант, Э. Энэрэлт “Монголын хадгаламж эзэмшигчдийн мэдлэг ба санхүүгийн сахилга бат” илтгэлээрээ санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад хөрөнгө оруулагч, хадгаламж эзэмшигчдийн үүрэг, нөлөөний чухал байдлыг онцлон дурдаад Монголын хувьд хадгаламж эзэмшигчдийн банкны талаар нийтэд цацагдсан мэдээллийг хүлээн авч, хэрхэн хариу үзүүлж байгааг болон зах зээлийн сахилга бат Монгол улсад ямар түвшинд байгааг эконометрик тестийн аргаар тодорхойлж, ижил, төстэй судалгаа хийгдсэн орнуудтай харьцуулсан үр дүнгээ тайлбарлав.

Нидерланд улсын Aйндховены Технологийн их Сургуулийн докторант судлаач, Монгол-Нидерландын Холбооны тэргүүн, Др. Д. Янжиндулам “Монгол улсад мэдээллийн технологийн кластерыг хөгжүүлэх загвар” илтгэлдээ өндөр технологид суурилсан эдийн засгийн өрсөлдөх чадвар, бүтээмж өндөр, зах зээлд шингэж мөнгө хүн ардад тэгш хүртээмжтэй хуваарилагдахын дээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж байдаг давуу талуудтайг дурдаад “Монгол улсын өнөөгийн бодит нөхцөлд үүнийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ?” гэдэг асуултад Олон Улсын Өрсөлдөөний илтгэлийн статистик болон өндөр технологийн аж үйлдвэртэй улсуудын туршлагуудыг судалж анализ хийсэн ажил дээрээ үндэслэн өөрийн хариултаа гаргаж тавьсан байна. Тэрээр энэхүү илтгэлээрээ Монгол банкны нэрэмжит уламжлалт шагналыг хүртсэн билээ.

Герман улсын International Marine Certification Insitute-ийн ахлах програм зохиогч, Bolorsoft-ийн архитектор болон зөвлөх С.Бадрал “Монголын програм хангамжийн салбарыг хөгжүүлэх илүү арга зам” илтгэлдээ Монголын програм хангамжийн салбар уналтад орсон шалтгааныг өөрийн зүгээс тогтоож уг салбарыг хөгжүүлж, тогтвортой авч явах бидэнд тохирох нэгэн арга замыг засгийн бодлогоос нь сурагчийн бодлого хүртэл нь загварчилн шинжилснээ танилцууллаа.

Үдээс хойшхи хуралдаанд Хилийн чанадад амьдран буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэ “Хилийн чанадад суугаа иргэдийн талаархи Засгийн газрын бодлого, Зөгийн үүр хөтөлбөрийн хэрэгжилт явц”-ын талаар танилцуулга илтгэл тавилаа. Улмаар чуулганд оролцож буй Британийн Монголчуудын Холбоо, Лондон дах Монгол Соёлын Төв, MON Charity, LinguaGlobal, Голландийн Монголчуудын Өлзий Холбоо, Шведийн Монголчуудын Нэгдсэн Холбоо, Ирландийн Монголчуудын Холбоо, Португалийн Монголчуудын холбооний тэргүүлэгч гишүүд өөр өөрсдийн байгууллагын талаар танилцуулга хийж эдгээр зохион байгуулах багаас Холбоодын зүгээс хамтран Зөвлөлд хандан гаргаж буй санал хүсэлтийг нэгтгэн танилцууллаа. Мөн МУГТамирчин мэрэгжлийн боксийн дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв сэтгэлийн үгээ хэлж улс орны тусгаар тогтнолын үндсэн баталгаа болсон иргэдийн эрүүл мэндийн асуудлаар санаа зовниж явдгаа өгүүлж зөв хооллож байнгын дасгал сургууль хийж байхыг зөвлөсөн өөрийн Эрүүл Амьдрах Зөвлөмж номоо танилцуулсан юм.

Чуулганы оройн цэнгүүн Лондонгийн түүхэн дурсгалт Лондон Гүүрийн дэргэдэх 5 одтой GUOMAN TOWER Hotel-ийн хүлээн авалтын танхимд зохиогдож МУГЖ, дуучин Ч. Бат-Эрдэнэ ая дууны мэндчилгээгээ өргөж чуулганы илтгэгч зочидоо шөнө дундыг өнгөртөл баясган цэнгүүллээ.

Талархал
Чуулганыг байр танхимаар хангасан Limkokwing University of Creative Technology, хөрөнгө мөнгөөр ивээн тэтгэж, хамтран ажилласан Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, ИБУИВУ-д суугаа Элчин сайдын яам, Rio Tinto, Британийн Монголчуудын холбоо, Цахим Өртөө Холбоо, Британи дах Монгол Оюутны Холбоо, Moнгол банк, Монгол Соёлын төв, Ирландийн Монголчуудын холбоо, Монгол Бридж компани, Британид ажиллаж амьдарч байсан Монголчуудын Улаанбаатар хотод суугаа төлөөлөл, Насны Зам Компанийн гадаад Харилцааны алба, Gerege Partners Ltd, socialnet – CCCP Co., Ltd, USI inc компани, хувиасаа ивээн тэтгэсэн Барилга Ассоциацийн Гадаад Харилцаа хариуцсан захирал Н.Амарбат, Др.Базаррагчаа, Л.Дуламзул, Б Алтанхуяг, Renaissance London Chancery Court Hotel-ийн санхүүгийн албаны ажилтан Д.Нандинцэцэг, чуулганы цэнгүүнийг хөтлөн явуулсан МУГЖ Ч.Бат-Эрдэнэ болон чуулганыг зохион байгуулах багийн нийт гишүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлэе.
Чуулганд илтгэлээрээ оролцогч эрдэмт мэргэн та бүхний судалж мэрэгшсэн тань эх Монголынхоо хөрсөнд тааран зохицож цэцэглэн дэлгэрэг.
Б.Марал, Б Жавхлан нарын авсан зургуудыг ашиглав. Илтгэгч нарын дэлгэрэнгүй илтгэлүүд болон чуулганы талаархи бусад мэдээллүүд http://chuulgan.blogspot.com хуудаснаа гарах болно.

Бэлтгэсэн Д.Цэрэнбат

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *