4 сарын 6-ны өдөр Лондон хотноо Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаа болох “Монголын боломж” сэдэвт “Монгол орны хөгжилд” 13 дугаар чуулга уулзалтын талаар уг чуулганыг санаачлагч Д.Цэрэнбат ярьж байна.
———————–
Энэ удаагийн чуулганы сэдэв, онцлогоос сонирхуулахгүй юу
8-р чуулганаас хойш тогтсон уламжлалын дагуу сондгой дугаартай жилээ буюу 13 дахь дугаараа Лондонд хийж байна. Ерөнхий сэдэв “Монголын боломж” . Ямар ч үед өсөж дэвжих боломж байдаг гэдэг байх аа. Эдийн засаг, нийгмийн төдийлөн сайхан үзүүлэлттэй биш цаг үед өөрсдийн боломжоо эргэж тунгаая, бусад бас юу гэж харж байна сонирхоё гэсэн зорилгоор ийм ерөнхий сэдэв сонгосон Ингэхдээ 3 салбар хуралдаанаар мега төслүүдийн хувьд төрөл бүрийн салбарт бизнес эрхэлж буй компаниудын нөхцөл байдал ямар байгааг сонсож мөн Монголын ардчлалын өвөрмөц онцлог, үндсэн хууль болон өнөөгийн нийгэм эрх зүйн төлөв байдлын учир хамаарлын талаар судлаачдын илтгэлүүдийг сонсон хэлэлцэх болно.
Жил бүрийн чуулган ямар нэгэн тохиол учралаар өөрийн өвөрмөц онцлогтой болоод байх юм. Энэ жилийн хувьд 4 сарын 5-д Монгол Британийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Монголын Бизнес Мэдээллийн Сан ТББ-аас Элчин сайдын яам, Блүүмбергтэй хамтран хийж буй “Лондон Бизнес Форум”-д оролцох Монголын бизнесийн баг манай чуулганд мөн оролцож Монголын бизнесийн өнөөгийн төлөв байдлын талаар танилцуулж, хэлэцүүлэхээр болсон нь энэ жилийн чуулганы нэг онцлог. Хилийн чандад суугаа бидний хувьд яг эх орондоо эдийн засаг нийгмийн салбарт гар бие оролцож болгож бүтээж, алдаа оноог амсаж яваа хүмүүсийн үг яриа чухал ач холбогдолтой. Мөн Гадаад Харилцааны Яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн чуулганы ажиллагаанд оролцож хилийн чанадад суугаа Монголчуудынхаа хийж бүтээж буйтай биечлэн танилцах болсонд талархаж байна.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк чуулганы ажиллагааг төв байрандаа хийх боломжоор хангаж, бүх талаар дэмжин ажиллаж буй нь чуулганы зохион байгуулалтын түвшинг шат ахуилсан сайхан хэрэг юм. Өндөр түвшний хурал чуулганы шаардлага хангахуйц Танхим, нөхцөл тул зохион байгуулалтын хувьд барууны форумууд явагддаг хэлбэр рүү дөхүүлэх бас нэг алхамыг бид хийнэ. Өмнө бид илтгэгч нар маань зай завгүй илтгэсээр л хэлэлцэх цаг бараг гарахгүй дуусчихаад байдаг байлаа. Энэ жилийн хувьд 3 салбар хуралдаанууд тус бүрдээ хөтлөгч модераторуудтай, хэлэлцүүлгийн хэсэг харьцангуй урт тавигдсан тул асуулт санал өрнөх боломж илүү болно. Модераторууд маань дотоод гадаадын хурал чуулгануудыг хөтөлж байсан туршлагатай тул үр өгөөжтэй, ажил хэрэгч яриа хэлцэл өрнүүлж чадна гэж найдаж байна.
Энэ жил Монголчуудаас гадна гадны судлаач эрдэмтэд бас илтгэлээрээ оролцож буй харагдлаа
Ер нь гаднын монгол судлаачид оролцдог уламжлал бий. Урд нь АНУ, Финланд, БНХАУ, Итали зэрэг орны монголч хүмүүс оролцож байсан. Энэ жилийн чуулганд дээр өгүүлсэн Монголд бизнес эрхлэгчид хийгээд хилийн чанадад сурч мэргэшиж ажиллаж буй монголчуудаас гадна, монголын эдийн засаг нийгмийн асуудлыг судалдаг Британийн нэр хүндтэй их дээд сургуулиудад ажиллаж буй гадны эрдэмтэн судлаачид оролцож байна. Тухайлбал манай хоёр хөрш болоод монголын улс төр нийгмийн асуудлыг олон жил судалж буй өдгөө Кардифийн Их Сургуульд багшилж байгаа, Профессор Сергей Радченко, Лондон Коллеж Их Сургууль дээр хэргэжиж буй Монголын эдийн засаг нийгмийн асуудлыг судлах багийн гишүүн Др Ребеках, Др Лаурен нар өөрсдийн судалгааны дүнгээсээ танилцуулна. Хөтөлбөрөөс илтгэлүүдийнх нь сэдвийг харчихна буй заа. Илтгэлээрээ оролцож буй эх орон нэгтнүүддээ мөн гүнээ талархаж байна. Эд маань үгүй бол чуулган болох үндэсгүй юм.
Чуулганд Европын орнуудаас төлөөлөгчид оролцогчид их ирдэг болсон Энэ жилийн хувьд
Ер нь 8-р чуулганаас хойш энэ чуулган зөвхөн илтгэл хэлэлцүүлгийн чуулган байгаад зогсохгүй Европод цаашилбал бусад тивүүдэд ч үйл ажиллагаа явуулдаг монголчуудын олон нийтийн байгууллагуудын жилдээ нэг уулзах боломжийг бий болгодог үйл хэрэг болж хэлбэршээд байна. Энэ жилийн хувьд одоогоор 14 орны 39 хүн ирэхээр визны урилга элчин сайдын яамнаас гаргуулж авсан, эхнээсээ виза нь гарч ирэх тийзээ захиалж буйгаа мэдээлж байна. Европын орнуудаас гадна БНХАУ, БНСУ, АНУ-аас төлөөлөгчид ирэх байх.
Европ дахь холбоодын уулзалт 4 сарын 5-ны үдээс хойш элчин сайдын яаман дээр болно. Гадаад Харилцааны Яамны Гадаад сурталчилгаа Соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, ХЧМЗ-ын тэргүүн Б.Энхтүвшин нар өнгөрсөн 9 сард Улаанбаатар хотноо зохиогдсон Хилийн чанад дахь Монголчуудын 2-р чуулганы мөрөөр хийгдсэн ажлуудын талаар танилцуулга хийж, холбоодын төлөөлөлүүд санал бодлоо солилцоно.
Мөн Лондон Бизнес Форумын төлөөлөгчдөд зориулан Монгол улсын соёлын элч Ж.Өнөрмаа, Элчин сайдын яамаас хамтран зохион байгуулж буй соёлын арга хэмжээнд гишүүдээ оролцуулахаар ярьж байна.
Мэдээллийн сувгаар хэр цацагдах вэ?
Энэ жилийн хувьд Монголын 2,3 мэдээлийн сувгаар цацагдана. Өмнөх хэд хэдэн чуулганыг сурвалжилсан, бидэнтэй хамтран ажиллаж байдаг Будда Продакшнийн хамт олон чуулганыг Facebook-аар шууд цацах бол урд өдөр нь болох Лондон Бизнес Форумыг сурвалжлах Блуумберг ТВ-н хамт олон мөн чуулганы ажиллагааг сурвалжилж өөрийн сувгаар цацахаар тохироод буй. MGLRadio цахим радио сувгаар мөн чуулганы шууд сурвалжлага нэвтрүүлэг хийхээр Ирландын Монголчуудын Холбооны Ц.Зулцэнгэл, MglRadio-ийн Ю.Шүрэнцэцэг нар бэлтгэл ажлаа ярилцаж байна. Мөн Лондонд үйл ажиллагаа явуулдаг Азаа Студи маань гэрэл зургийн сурвалжлагаа хүргэнэ. Оролцогчид мөн өөрсдийн сошиал сувгаараа чуулганаа сайн хүргэж сурталчлах байх аа гэж бодож байна
Чуулган олон байгууллага хүмүүсийн хамтын бүтээл болж босох юм аа даа.
Тийм шүү, ер нь үүсэн байгуулагдсан үеэсээ л цаг сэтгэл гарган хамтарч ажилладаг тусалж дэмждэг хүмүүсийн хамтын бүтээл болж хийгдэж яваа. Жилээс жилд чуулганыг тойрон хүрээлсэн хамтран ажилласан нэгдэл улам бүр өргөжиж тэлж байна.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Үйл ажиллагаа зохион байгуулах баг (Event management team), уг банкны Корпорацийн Албаны дэд захирал Ө.Азжаргал, Гадаад Харилцааны Яамны Гадаад сурталчилгаа соёлын харилцааны газар, захирал Х.Мандахцэцэг, Элчин сайдын яам, яамны зүгээс чуулганы асуудлыг хариуцан ажиллаж буй санхүү эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Ариунсанаа, иргэдийн асуудал хариуцсан консул Л.Отгонбаяр, салбар хуралдаануудыг зохицуулан ажиллаж буй Монголын Бизнес Мэдээллийн Сан ТББ-ыг үндэслэгч, гүйцэтгэх захирал И.Сэр-Од, Цахим Өртөө Холбооны УЗ-н дэд дарга Н.Номун-Эрдэнэ, SMBC банк, Санхүүгийн Салбарын дэд ерөнхийлөгч Л.Дулмазул, Будда Продакшнийн найруулагч Ц.Гүрсэд,Блуумберг Монгол ТВ-н захирал Э.Долгион, MglRadio-н хөтлөгч найруулагч Ю.Шүрэнцэцэг, хамтын ажиллагааны илэрхийлэл болгож өөрсдийн боломжоор санхүүгийн дэмжлэг үзүүлж буй Швед дахь Монголчуудын Үндэсний Холбоо, Ирландын Монголчуудын Холбооны хамт олон болон дэмжиж хамтран ажиллаж буй бүх байгууллага хувь хүмүүст чин сэтгэлийн талархалаа илэрхийлье
Ноднингоос чуулганы нэг салбар чуулган давхар хийгдээд яваа байх аа.
Тийм, 2016 онд Канадын Торонто хотноо зохиогдсон “Гадаад дахь бизнес эрхлэлтийн орчин туршлага-3” чуулганы дараагийнх 5 сарын 13-14 өдрүүдэд БНСУ-н нийслэл Сеул хотноо зохиогдохоор БНСУ дахь TББ-уудын Нэгдсэн Зөвлөл, БНСУ-д Суралцагч Монгол Оюутны Холбоотойгоо хамтран ЭСЯ-ныхаа дэмжлэг оролцоотойгоор “Монгол орны хөгжилд” XIII дахь чуулга уулзалтын хүрээнд “Гадаад дахь Бизнес эрхлэлтийн орчин, туршлага” IV чуулган, Зүүн Азийн орнуудад суралцаж буй Монгол оюутнуудын нэгдсэн II чуулганаа зохион байгуулахаар ажиллаж эхлээд байна. Үндсэн чуулганы багийг төлөөлж тэдэнтэй байнгын холбоотой зөвлөж хамтран ажиллаж байгаа.
Ирэх жилийн чуулган?
Хойтонгийн чуулган Герман улсад зохион байгуулахаар үндсэндээ тохироод буй. Берлин дах элчин сайдын яамнаас Лондонгийн чуулганд оролцохоор албан төлөөлөгч ирж буй. Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвөлийн тэргүүн Б.Энхтүвшин маань Берлинд ажиллаж амьдардаг. Хилийн чанад дахь Монголчуудаа нэгтгэн холбож байдаг нэг ажил болсон энэ чуулганыг тэнд үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллагууд Германд авч элчин сайдын яамтайгаа хамтран сайхан зохион байгуулна гэдэгт эргэлзэхгүй байна. 2018 онд Берлинд уулзацгаая.
Зургийг У.Ганзориг