Монгол орны хөгжилд 14-р чуулганы удирдамж

UPDATE 2018.01.13: Чуулганд илтгэгчээрр оролцох санал, удирдамжийг хожуу хүлээж авсан, ажлын цаг зав боломжоос шалтгаалан илтгэлийн санал, агуулгаа цэгцлэн явуулж амжсангүй тул санал хүлээн авах товыг тодорхой хугацаагаар сунгаж өгнө үү гэсэн хүсэлт цөөнгүй тоогоор ирж буйг хүндэтгэн үзэж XIV чуулганыг зохион байгуулах багаас ЭСЯ, ХЧМЗ, Цахим өртөө холбоотой санал солилцсоны үндсэн дээр илтгэгчээр оролцох санал, илтгэлийн агуулгийг хүлээн авах хугацааг 2018 оны 1-р сарын 16 ны өдөр хүртэл сунгаж буйг үүгээр мэдэгдэж байна. Та бүхний ирүүлсэн материалтай зохион байгуулах багаас танилцаж, ажлын хэсгээр хэлэлцэн шийдвэрлээд 2018 оны 1-р сарын 31 ны дотор хариу мэдэгдэх болно.

Уугуул нутгийнхаа хөгжил цэцэглэлт, шинжлэх ухаан техникийн дэвшил, эдийн засгийн өсөлт, даяаршиж буй нийгмийн хандлага чиглэлд хилийн чанад дахь иргэд, залуус шинэ үеийн нөөц бололцоо давуу талуудыг оруулах, хувь нэмэр, оролцоог дэмжих, төр засгийн бодлого чиглэлд уядуулах тусгах, эв нэгдлийг хангах хүсэл эрмэлзэл тээн хүндэтгэн мэндчилсэн XIV чуулганыг зохион байгуулах баг хамт олон.

Мэдээлэл

„Монгол орны хөгжилд” 14-р чуулга уулзалт  2018 оны 4 дүгээр сарын 27 ны өдөр байгаль, техникийн шинжлэх ухааны агуу нээлт хийсэн суутнуудыг төрүүлсэн өлгий Герман улсын нийслэл Берлин хотод “Боловсрол – Мэдлэг солилцоо” (Education- Knowledge transfer, Bildung – Wissenstransfer) сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Германы боловсролын эцэг, эрдэмтэн Вильгельм вон Гумболдт боловсролын хамгийн дээд зорилго бол амьдралаа залгуулж, орлого олоход хэрэгтэй мэдлэг ухаан бус, харин “ёс суртахуун” ба “гоо сайхан” хэмээн хэлсэн байдаг . Нийт ард түмэнд үнэ төлбөргүй суурь боловсрол олгох зорилго бүхий үндэсний боловсролын загвар анх Германд хөгжин бий болсон төдийгүй Германы Реалшүлэ ба хожим “хосолмол тогтолцоо” гэгдэх болсон тогтолцоо ч бүтээн байгуулалтын салбар бүрийг өндөр төвшинд сурган бэлтгэсэн ажиллах хүчнээр хангах дэлхийн хамгийн шилдэг загвар нь болжээ.

Дэлхийн улс орон бүрийн боловсролын тогтолцоо нь олон зууны тэртээгээс  өөрийн гэсэн тогтолцоо, үзэл баримтлалтай үүсэж ирсэн хэдий ч цаг хугацаа, хөгжлийн явцад зохицуулагдах бодлогуудаар хөгжиж ирсэн төдийгүй нийгмийн хандлага, цахим эрин үеийг дагаад одоо ч гэсэн дэвшил, шийдэл өөрчлөлтүүдийг эрэлхийлж буй энэхүү цаг үед  Монгол орны хөгжилд 14-р чуулганы сэдвийг “Боловсрол – Мэдлэг солилцоо” хэмээн сонгож авсан болно.

Чуулга уулзалт дараах гурван үндсэн чиглэлүүдээр Монгол орны болон Дэлхийн улс орнуудын боловсролын салбарын өөрчлөлт, ирээдүйн чиг хандлага,  төрийн бодлого, хөгжилд чиглэсэн дэвшилтэт туршлагад тулгуурласан санал, шийдэл бүхий илтгэлүүд болон илтгэлүүдийн дараа нэгдсэн хэлэлцүүлэг хэлбэрээр явагдана. Үүнд:

  • Ерөнхий боловсрол
  • Мэргэжлийн боловсрол
  • Дээд боловсрол, судалгаа шинжилгээ

Иймд эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, улсын байгууллагын ажилтнууд, оюутан сонсогчид хэн бүхэн чуулганы агуулгын шаардлагад нийцэж буй өөрийн мэргэжил, сэдвийнхээ хүрээнд дэвшүүлэн хийж буй болон хэрэгжүүлж эхэлсэн бүтээл, судалгааны ажлаа ирүүлэхийг урьж байна.

 

Чуулганд илтгэгчээр оролцох хүсэлт ирүүлэх хугацаа

Илтгэл нь чуулганы сэдвийн хүрээнд төрийн бодлого,  нийгмийн тогтвортой хөгжил, хөгжлийг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх чухал санал санаачилга агуулсан байна. Чуулганд илтгэгчээр оролцох хүсэлтээ, өөрийн илтгэлийн гол агуулга, хүрээ, хөндөж буй асуудалд өөрийн зүгээс дэвшүүлж буй санал, шийдэл, боломжуудыг дурьдсан хураангүй хэлбэрийн абстрактыг Монгол эсхүл Англи хэл дээр боловсруулан 2018 оны 1 сарын 11 дотор chuulga@gmail.com хаягаар ирүүлнэ.

Мөн өөрийн тухай танилцуулгыг ирүүлэх шаардлагатайг анхаарна уу. Үүнд: Овог нэр, зэрэг цол,  өөрийн зураг, ажлын газрын хаяг, холбоо барих утас, и-майл,  эрхэлдэг ажил,  ажлын  чиглэл,  хэрэгжүүлж байсан/байгаа ажил, төслүүдийн талаарх товч мэдээлэл, сонирхол (ажилтай холбоотой болон хувийн) г.м.  

14-р чуулганыг зохион байгуулах багаас ирүүлсэн илтгэлүүдийг 2018 оны 1 сарын 25 ны дотор танилцаж, хариуг илгээх бөгөөд сонгогдсон илтгэгчийн замын болон буудлын зардлыг чуулганы зохион байгуулах багаас хариуцах болно.

Илтгэгчид:

  • Үзүүлэн болон үндсэн илтгэлийг илтгэлд тавигдах форматын шаардлагад нийцүүлэн 2018 оны 3 сарын 31 дотор ирүүлнэ.
  • Илтгэлийн гол агуулга, дүгнэлтийг Монгол эсхүл Англи хэлээр 15 минутад товч тодорхой илтгэж, илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэгт оролцоно. Илтгэгч илтгэх цагаа хатуу баримтлах ба илтгэлийг чуулганы үед өөрийн биеэр илтгэнэ. 

Илтгэлд тавигдах форматын шаардлага

Илтгэлийг 12 хэмжээний Arial фонтоор Монгол, Англи хэл дээр зөв бичгийн болоод хэл найруулгын шаардлага хангахуйц бичиж ирүүлнэ.

Илтгэлийн абстракт нь чуулганы өмнө хэвлэгдэх эмхтгэлд ашиглагдах ба 500 үгнээс хэтрэхгүй байна.  Үзүүлэн илтгэл нь чуулганы үеэр илтгэхэд ашиглагдах ба PowerPoint ашиглан 15 минутад багтаан үзүүлэхээр бэлтгэнэ. Үзүүлэн илтгэлд оруулсан зураг-дүрс тод байхын зэрэгцээ үзүүлэн илтгэлийг ирүүлэхдээ илтгэлийн товч нэр болон өөрийн нэр багтаасан байдлаар (IltgelinNer-IltgegchiinNer.ppt) файлаа нэрлэнэ.

Үндсэн илтгэл нь текст хэлбэрээр чуулганаас гарах илтгэлүүдийн нэгдсэн товхимолд ашиглагдах ба хавсралт материалын хэмжээнээс хамаарч 5-аас 10 нүүр байна.

Чуулганд сонсогчоор оролцох бол бүртгэл хийлгэх шаардлагатай бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Бүртгүүлэх хэсгээс авна уу?

 

XIV чуулганы зохион байгуулах баг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *