XV Чуулган амжилттай өндөрлөлөө

“Монгол орны хөгжилд” чуулга уулзалт 2005 онд Лондон хотноо анх зохион байгуулагдаж, жилээс жилд шинэлэг санаагаар баяжин, уламжлал болгон тасралтгүй өргөжин тэлсээр байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл мэндийн тогтолцоо” сэдвийн дор БНПУ-ын Варшав хотноо 15 дахь удаагийн чуулга уулзалтыг ГХЯ-ны дэмжлэгтэйгээр Хилийн чанадад дахь Монголчуудын Зөвлөлтэй хамтран 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулав.

Тус чуулганыг Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Батаа албан ёсоор нээж, ЭСЯ-ны зөвлөх Н.Мөнхтуяа, Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Гэрэлмаа нар оролцов. Түүнчлэн БНПУ-ын Эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслэлийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, Анагаах ухааны доктор (Ph.D), эм зүйн ухааны магистр Гжегош Цессак, БНПУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд К.Бойко нар тус тус оролцов.

Тус чуулга уулзалтаар эрүүл мэндийн тогтолцоо, алсын хараа, анагаах ухааны салбарын туршлагууд, шинэ технологи, судалгааны асуудлууд, Монголын уламжлалт Анагаах ухаан брэнд, эрүүл мэндийн аялал жуулчлал, эрх зүйт анагаах ухааныг хөгжүүлэх тулгамдсан асуудлууд, Эрүүл мэндийн бүх нийтийн хамралтыг хангах зорилт дор эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх тухай, Эрүүл мэндийн тогтолцоонд эрүүл мэндийн технологийн үнэлгээний үүрэг оролцоо, Эртхтэн шилжүүлэн суулгах анагаах ухааны ололт амжилт, эрх зүй болон менежмент, Тариур зүүний шинэ технологи, монгол уламжлалт бариа, гар заслын аргыг нотолгоонд суурилсан анагаах ухааны хэмжээнд шинэчилэн хөгжүүлэх тухай асуудал, Европ дахь Монголын уламжлалт анагаах ухааны байр суурийг одоогийн өнцгөөс харах, Бөөрний архаг дутагдлаас нөхцөлдсөн азотын хордлогын үед арьсанд илрэх, загатнах хам шинж өвчнийг монгол даран барих аргаар эмчлэх нь, Харвалтын дараах ярихийн хэлгүйдлийн зүү эмчилгээ, Европын Холбооны Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, эмийн эмчилгээ ба эмнэлгийн туршилтын аюулгүйн байдлын зохицуулалтын зарчим зэрэг олон сонирхолтой сэдвээр судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудаа танилцуулж хэлэлцүүллэхээр 17 орны 120 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

Хилийн чанадад эрүүл мэнд, анагаах ухааны салбарт монгол эмч мэргэжилтнүүд олон улсын түвшинд хэдийн хүлээн зөвшөөрөгдөж, гадаадын өндөр хөгжилтэй орнуудын томоохон эмнэлэг, их, дээд сургууль, судалгааны байгууллагууд болон хувийн салбарт бусад орнуудын мэргэжилтэнгүүдтэй мөр зэрэгцэн амжилттай ажиллаж, тэр тусмаа монгол уламжлалт эмчилгээг түгээн дэлгэрүүлж, сурталчилж буй олон зуун монгол эмч, судлаачдын гол цөм болсон БНПУ-д тус чуулганыг зохион байгуулсан нь ач холбогдолтой байхын сацуу ихээхэн онцлогтой байлаа.

Мэдээг бэлтгэсэн: Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн Нийгмийн Бодлогын Хорооны дарга
С. Цэрэндэмбэрэл

Зургийг Azaa Studio

Advertisement

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих

XV чуулган – Зохион байгуулагч байгууллагууд

XV чуулган – Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд