Сэтгүүлч Э.Ариунзаяа. Лондон хот
“Монгол орны хөгжилд” 9-р чуулганд оролцох илтгэгчид болон илтгэлийн сэдвийн талаар энэхүү чуулганы ерөнхий зохион байгуулагчдын нэг Др.Ц.Базаррагчаатай ярилцлаа. Эмч мэргэжилтэй тэрээр Монголд Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2008 онд Английн Бристол хотын University of West England-д докторын зэрэг хамгаалсан юм. Лондон дахь Mary Stopes Int’l-ийн хожуу үр хөндөлтийн төсөлд судалгааны зөвлөхөөр ажиллаж байгаад сүүлийн 2 жил гаруй хугацаанд хөгжиж буй орнуудад эмнэлгийн техник технологи дамжуулагч AlfaImex UK компанид ажиллаж буй Ц.Базаррагчаа Монгол дахь “Гялс” Эрүүл Мэндийн Төв, Сүрьеэгийн Үндэсний Төвийн судлаачидтай хамтран ажилласаар ирсэн байна.
Та анх хэрхэн энэхүү чуулгантай холбогдсон бэ? Уг чуулганы санаа, зорилго, хувь хүний тань бодол санаатай юугаараа нийцсэний хувьд та хамтран ажиллах болсон бэ?
Нэлээн эртний түүх ярих нь ээ. 2007 онд тухайн үеийн ерөнхийлөгч Н. Энхбаяртай хийх монголчуудын уулзалт Лондон дахь Элчин сайдын яаман дээр болсон юм. Энэ уулзалтын үеэр чуулга-уулзалтыг санаачлагчдын нэг Д.Цэрэнбаттай танилцаж тэрбээр 2006 онд хуралдсан 2 дугаар чуулганы илтгэлүүдийн товхимол номыг надад өгснөөр чуулгантай холбогдох анхны холбоо үүссэн. “Монгол орны хөгжилд“ хэмээх чуулганы нэр эх орноо гэсэн хэн бүхний сэтгэлд ойр, ялангуяа хүний газар эх нутгаа санагалзаж суусан надад бүр сайхан санагдаж билээ. Чуулганы номонд магистр, докторант, докторын зэрэгтэй Их Британийн томоохон их сургуулиудад эрдмийн ажлаа хийж буй 10 орчим хүний маш сонирхолтой илтгэлүүд багтсан байв. Номыг уншаад ийм сайхан гэгээлэг, оюунлаг улсууд нэг дор чуулж, санаа бодлоо хуваалцдаг нь миний сонирхлыг ихэд татахын зэрэгцээ эдгээр хүмүүсээр бахархах сэтгэл төрж байлаа. Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн илтгэл нь Кембриджийн ИС-ийн докторант Д.Бум-Очирын дээд монголчуудын талаарх антрополог судалгааны ажил байсан. Түүхэн үйл явцын үр дүнд Өвөр монголын нутаг Хятадад шилжсэн ч тэнд Монголоо гэсэн чин сэтгэлтэй цөөхөн дээд монголчууд соел заншлаа хадгалан үлдэх гэж хятад, түвдүүдтэй өдөр тутмын амьдралдаа тэмцэн иржээ. Тэд Ар Монгол гэсэн тусгаар улс байдаг, Түвд улс гэж байдаггүй хэмээн түвдүүдийн амыг таглан, ар монголчууд биднийг хэзээ нэгэн цагт ирж аварна гэж хүлээдэг хэмээн бичсэн нь үнэхээр сэтгэл өвтгөж байсан.
Ийнхүү энэ чуулган гадаадын томоохон их сургуулиудад эрдмийн ажил хийж буй олон салбарын эрдэмтэн, судлаач, оюутнуудын ажил, бүтээлүүдтэй нэг өдөр, нэг дор танилцуулах ховорхон завшааныг олгож буй нь хамгийн олзуурхууштай байв. Түүнчлэн чуулга-уулзалтын ашгийн бус байр суурь, намын бус харъяалал, бие даасан үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хэн бүхэнд олгодог нь надад их нийцсэн.
Ингээд би 3 ба 4 дүгээр чуулганд илтгэлээр оролцож 6 дугаар чуулганаас эхлэн зохион байгуулах багт чуулганы хөтөлбөр, бичиг хэрэг, эмхэтгэл, номыг эрхлэн гаргах ажлыг хариуцан багийн гишүүн Б.Алтанхуягтай хамтран ажилласаар ирлээ.
Энэ жилийн чуулганы сэдвийн талаар ямар бодолтой байна вэ? Энэ удаагийн чуулганы бусад чуулганаас онцлог байх зүйл юу вэ?
Энэ жилийн чуулганы “Инноваци” хэмээх дэд сэдэв нь яг цагаа олсон, Монгол орны хөгжлийн хөдөлгөгч хүчин зүйлийг тодотгосон, улс орны хөгжлийн цөм гэдгийг яахын аргагүй гаргаж байгаа. Энэхүү сэдвийг сонгох болсон үндэслэлийг чуулганы удирдамжинд би бичиж тавьсан. Гэхдээ энд товчхон дурьдвал, “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг 2010 онд, “Инновацийн тухай хууль”-ийг 2012 оны 5 сарын 22 нд баталсан нь Инновацийг дэмжих хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, засгийн газрын бусад бодлого хөтөлбөртэй уялдан үндэсний инновацийн тогтолцоо бүрэн утгаар бий болж, үүсэн хөгжих нөхцөл бүрджээ. Ийнхүү энэ удаагийн чуулганаар Инновацийг дэмжсэн өрсөлдөөний орчин, бодлого, сайжруулах арга замууд, инновацийн бүрэлдэхүүн хэсгүүд болох суурь судалгаа, бүтээгдэхүүн бий болгох, хөрөнгө санхүүжилт, инноваци хийх шаардлага бүхий салбарууд, цаашилбал үндэсний аюулгүй байдалтай холбоотой зарим асуудалд хэрхэн шинэчлэл хийх, инновацийн хүрээнд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, өрсөлдөх боломжтой зарим салбарууд болон Монгол дахь гарааны компанийн үйлдвэрлэж буй шинэлэг бүтээгдэхүүнтэй танилцана.
Энэ удаагийн чуулган өмнөх чуулга-уулзалтуудаас хэд хэдэн онцлогтой. Дээр дурьдсанчлан, Монголд инновацийн хууль эрх зүйн орчин бүрдсэн ч эдгээрийг эргэн харах, сайжруулах талаар тодорхой саналууд гарна. Түүнчлэн хуулийн хүрээн дэхь гарааны компани-д тохиолдож буй нэн тэргүүний бэрхшээл зэргийг хэлэлцэж цаашид хөрөнгө санхүүжилтийг шаардлагатай байгууллага шинээр бий болгох замаар бодлоготойгоор, бодитойгоор хэрэгжүүлэх гарцыг олон улсын туршлаганд тулгуурлан суралцах боломж бүрдэнэ. Энэ утгаараа Британи болон Европ дахь монголчууд хамтран Монголын инновацийн бодлого, шаардлага, практик зэргийг хилийн чанадад анх удаа чуулан хэлэлцэх гэж байна.
Түүнчлэн залуу халаа оюутан залуус эрдэм мэдлэгээрээ уралдан чуулганд оролцох болсон нь чуулганы нэгэн онцлог гарцаагүй мөн. Монголын их дээд сургуулиудын оюутны дунд чуулганы сэдвийн хүрээнд анх удаа эрдэм шинжилгээний бага хурлыг “Цахим Өртөө” дээд сургууль зохион байгуулж, түрүүлсэн илтгэгчийг Лондонд ирж илтгэх боломж олгосон.
Илтгэгчид тодорхой болж, сонгогджээ. Хичнээн салбарт хуваагдан, ямархуу байдлаар илтгэлүүд тавигдахаар болж байна вэ?
Энэ жилийн чуулган өмнөх жилүүдийнх шиг салбар хуралдаанаар бус харин нэгдсэн хуралдаанаар чуулна. Учир нь инноваци өргөн утгатай, аль ч салбарт үүсэн бий болж хэрэгждэг тул олон салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна төгсөлтийн дараах болон Их сургуулийн оюутан зэрэг илтгэгчид оролцож буй. . Илтгэгчдийн хувьд Монгол, Их Британи, Герман, Щвед гэсэн 4 орны нийт 12 хүн өөрсдийн хийж буй эрдэм судлал болон эрхэлж буй ажлын үр дүнгээс гадна Монгол дахь инновацийн бодлогыг дэмжих үүднээс бусад орны туршлагаас илтгэж сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
Чуулганд зочин илтгэгчээр Монгол Улсаас ИБУИВУ-д суугаа ЭСЯ-ны улс төр хариуцсан зөвлөх Г.Ганболд, “Де факто” нэвтрүүлгийн хөтлөгч, хараат бус сэтгүүлч, эдийн засагч Д.Жаргалсайхан болон Рио Тинто компанийн төлөөлөл оролцоно. Эдгээр хүмүүс чуулганы дэд сэдвийн хүрээнд олон улсын болон тухайн байгууллагын хүрээнд хийгдэж буй инновацийн талаар ярьж, санал бодлоо хуваалцах юм.
Үндсэн илтгэгчид өглөөний болон үдээс хойшхи хуралдаанд хуваагдан илтгэнэ.
Өглөөний хуралдааныг инновацийг дэмжсэн өрсөлдөөний бодлогод, тэр дундаа жижиг эдийн засагтай, пост коммунист орны нөхцөл байдалд тулгуурласан саналууд, бэрхшээл, зохицуулалт, инновацийн хууль болон өндөр технологийн бодлогод өрсөлдөөний тухай бодлого, зарчим тусгагдаагүй зэргийн талаар Эдинбургийн Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн “Өрсөлдөөний эрх зүй ба Инноваци” хөтөлбөрийн магистрант Л.Отгонбаяр нээнэ. Инновацийг үүсгэн бий болгох гол хөшүүрэг Суурь судалгаанд хөгжиж буй орнууд хэрхэн онцгойлон анхаарч судалгааны байгууллагуудад төрөөс асар их хөрөнгө санхүүг гаргадаг талаар Кардиффийн Их Сургуулийн Математикийн Сургуулийн Эрдэм Шинжилгээний ажилтан Др. Ү.Отгонбаяр ярихын зэрэгцээ Инновацын үндсэн асуудал болох Суурь судалгаанаас бүтээгдэхүүн бий болгох талаар Германы Йена хотын Макс Планкийн Химийн Экологийн хүрээлэнгийн докторант Бадгаагийн Амарсанаа илтгэнэ. Цаашилбал, Монголд Инновацийн хууль батлагдаж гарааны компани үүсэн бий болох орчин бүрдсэнтэй холбогдон Aкадемич Ж. Тэмүүжин “Графайт” шинжлэх ухаан технологийн гарааны компанийн цахилгаан станцын хаягдал үнсийг хялбар аргаар боловсруулан цементгүй шинэ төрлийн холбогч материал үйлдвэрлэх технологи, эдийн засаг болон ноогон хөгжлийг дэмжиж буй ажлынхаа талаар ярьж сонирхуулна. Мэдээлэл технологийн салбар дахь инноваци хамгийн үсрэнгүйгээр хөгжиж буй энэ эрин үед хиймэл дагуулын салбарт тулгуурлан сансрын салбарыг Монгол улс хэрхэн хөгжүүлэх ба дотоодод үйлдвэрлэх чипийг ашиглан хиймэл дагуулын үйлдвэрлэлд нэвтрүүлснээр дотоодын чипний зах зээлийг олон улсын түвшинд гаргаж өгөх боломжийн талаар Шведийн Вант Улсаас LSAB & SPACELab Inc. ажилладаг Ц.Нандинбаатар танилцуулна. Харин Монголд хагас дамжуулагч чип-ний дизайн хийх үүнийг их дээд сургуулийн сургалтанд тусгах нь Монгол улс 3 дахь зах зээлд өрсөлдөх эхлэл тавигдах боломжтойг Франкфуртын IHP Микроэлектроникийн Судалгааны Институтийн төслийн удирдагч Др. С.Олонбаяр ярина. Ийнхүү өглөөний хуралдаан инновацийн өрсөлдөөний бодлого, зохицуулалт, суурь судалгаа, бүтээгдэхүүн, дотоодод үйлдвэрлэх чип улмаар сансрын салбарыг холын хараатайгаар хөгжүүлэхийн ач холбогдолын зэрэгцээ Монгол дахь гарааны компаний үйл ажиллагаа, учирч буй бэрхшээл зэргийг хэлэлцэнэ.
Үдээс хойшхи хуралдаанаар биологи, биотерроризм, генетик, угийн бичиг, монгол хэл судлал, цахим сэтгүүл зүйн салбарын чиг хандлага, хийгдэж буй шинэчлэл эдгээр салбар дахь инновацийн шаардлага зэргийг хэлэлцэнэ. Монголд ялгасан томуугийн Н5N1 вирүсийн омгийн биологийн төрх, эмийн бодисийн тэсвэржилт/мэдрэгжилт зэргийг харьцуулан судлах нь вирүст халдварын эпидемиологийн судалгааг өргөжүүлэх, дэлхийн биотерроризмтэй тэмцэхэд оруулж буй хувь нэмэр болох талаар Германы Вэстфалийн Вильxелмийн Их сургуулийн Молекул вирүс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Др. Д.Анхлан ярина. Үргэлжлээд бичил биетнийг ашиглан үйлдвэрийн хаягдал усны бохирдолыг бууруулсан туршилтын дүнгээ МУИС-ийн Биологи Биотехнологийн Сургуулийн 4-р дамжааны оюутан Ж.Гандолгор, эсэд генетикийн материалыг лазерийн тусламжтай оруулах талаар Йена хотын Фридрих Шиллерийн Их Сургуулийн Фотоникийн Аббэ Сургуулийн Физик Астрономийн Факультетын магистр Т.Баяраа илтгэх юм.
Манайх шиг бага хүн амтай улс удмын хувьд эрүүл саруул, үндэс угсаагаа сайн мэдэхэд удмын бичгийг нэг стандартаар хөтлөх бодлого хэрэгжүүлэх, удмын мэдээллийг бусад мэдээллийн хамт шинээр үүсгэж буй үнэмлэхэд оруулж өгөх талаар Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Др. Проф. Д.Сэрдарам илтгэнэ. Монголын хэл шинжлэлийн салбарт орчин үеийн хэл шинжлэлийн инноваци нэвтрүүлэх шаардлагатай ба энэ нь нийгэм эдийн засгийн хөгжилд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг жишээ баримт дээр тулгуурлан Мюнхен хотын Людвиг Максимилианы Их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан Др. Д.Гүнцэцэг ярьж Монголын цахим сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага, давуу ба дутагдалтай талууд, сэтгүүлчдийн гүйцэтгэж буй үүрэг, оюуны аливаа ажлыг хуулбарлан ашиглах явдал зэргийн талаар сэтгүүлзүйн магистр “Алтангадас” сэтгүүлийн зөвлөх Г.Солонго хэлэлцүүлж чуулган өндөрлөнө.
Олон сонирхолтой сэдэв, асуудлыг хөндсөн, шинэ содон зүйл танилцуулсан сайхан илтгэлүүд тавигдах нь ээ. Та урдны чуулгануудаас дурсамж болон тодхон үлдсэн үйл явдал санагдаж байвал хуваалцана уу.
Чуулга-уулзалт бүр олон сайхан дурсамж үлдээдэг. Өнгөрөгч засгаас Ерөнхий Сайдын дэргэдэх хилийн чанадад суугаа Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл 6 дугаар чуулганд цахим хэлбэрээр оролцон дэмжлэг үзүүлж 7 дугаар чуулганд Ч.Энх-Эрдэнэ гуай хүрэлцэн ирж байсан нь тодхон үлджээ.
Хамгийн сэтгэл хөдөлгөсөн дурсамжинд мэргэжлийн боксийн дэлхийн аварга “Монгол тулаач” Ч.Цэвээнпүрэв 2008 оны чуулганд уригдан оролцож өөрийн амжилт ялалтын түүхээсээ хуваалцсан явдал. Тэрээр дэлхийн аваргын бүсээ толгой дээрээ 2 гараараа өргөн би Монгол хүн, Монголынхоо төлөө тулалддаг гээд уйлахад танхимд суугаа бүх хүний нүд нулимсаар бүрхэж билээ.
2011 оны 7 дугаар чуулганд Монголын малчдад тусладаг CAMDA буяны байгууллагад хөрөнгө босгох зорилгоор Лондонгоос Парис руу дугуйн аялал хийхээр Францын иргэн Aymeric оролцож байсан нь Монголын төлөө гэсэн харамгүй сайхан сэтгэл байсан.
Ийнхүү төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачид болон дэлхийн тавцанд нэрээ гаргаж буй спорт, урлаг уран сайхныхан, шашин төр, улс төрийн зүтгэлтэн, бизнессийн шилдэг улсуудтай танилцах боломж нь тэр чигээрээ сайхан дурсамж юм. Өнөөгийн технологи мэдээллийн эрин үед гадаадад буй монголчуудын сүлжээ чуулганаар дамжин ийнхүү өргөжин тэлсээр байна.
Аливаа ажил бүхэнд ард нь гарсны дараа амтагдах аз жаргалын хажуугаар ухарч шантармаар санагдах асуудал бэрхшээл байдаг даа. Чуулганы ажлын хувьд та алийг нь юу гэх вэ?
Чуулга-уулзалт надад сэтгэлийн баясал авчирдаг. Учир нь шинэ мэдээлэл, шинэлэг агаараар амьсгалахын зэрэгцээ шинжлэх ухааны олот амжилт, дэвшил хөгжлийн тухай мэдээлэллээр хангагдаж Монголынхоо төлөө цохилсон олон хүний зүрхийг мэдэрдэг. Халуун ярилцлага, хэлэлцүүлгийн үеэр аливаа асуудлыг огт өөр онцгоос харсан сонин содон үзэл бодол нэгийг бодогдуулж эерэг энергээр цэнэглэгддэг.
Чуулган зохион байгуулах багийнхан өөрсдийн ажил хөдөлмөрийн хажуугаар цаг зав гарган ажиллаж чуулганы тасралтгүй байдлыг хангасаар ирсэн. Эх орноо гэсэн сэтгэлээр нэгдсэн эдгээр шилдэг залуустай хамтран ажиллаж буйдаа сэтгэл хангалуун явдаг.
Чуулган нь “Монголчуудын эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулах, мэдлэг оюуны ундарга, өөр хоорондоо танилцан, хамтран хийж бүтээхийн үүдийг нээх гүүр” байх гэсэн зорилгодоо хүрдэг. Гагцхүү энэ гүүрийг Монголын төр дэмжин цэцэглүүлж гадаадад буй монголчуудын оюуны их хүчийг бодлоготойгоор ашиглах бүрэн боломжтой. Гэтэл эрх баригч намууд талцан хуваалцаж, ёс суртахуунгүй эрүүл бус сэтгэлгээг хөхүүлэн дэмжиж, ард түмнээ умартан толгой түрүүгээ олохгүй байгаад их харамсдаг.
Төр солигдонгуут өмнөх засгийн хийж байсан ажлууд, ажилдаа мэргэшсэн боловсон хүчин тэр чигээрээ солигдох эсвэл устан үгүй болох нь нэгнийхээ ажлыг үргэлжлүүлэх бус үгүйсгэх юм. Жишээ нь: Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл, Үндэсний Хөгжлийн Шинэтгэлийн Хороо гээд гуравхан жилийн өмнө байсан бүтцүүд үгүй болж.
Гэвч санаа сайн бол заяа сайн гэдэг, чуулга-уулзалт оюунлаг үйлс тул өргөжин дэвжих нь мадаггүй.
Сайн үйлс, эрдэм ном улам дэлгэрэx болтугай!