Сэтгүүлч Б.Жавхлан, Лиссабон,Португал, 6-р сарын 15, 2013, Монгол орны хөгжилд 9-р чуулганаас хийсэн тэмдэглэл
Их Британийн нийслэл Лондон хотноо Британийн Монголчуудын Холбоо, Британийн Монголын Оюутны Холбоо, ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын Яам хамтран Инноваци-Ногоон хөгжил Монгол орны хөгжилд 9-р чуулганд 6-р сарын 1-нд зохиогдоход оролцоод ирлээ.
Зургаан удаагийн Монгол орны хөгжилд чуулганыг холоос ажиглаж, сонирхож байгаад 7 дахь чуулган Лондон хотод болоход миний бие Португал-Монголын Нийгэмлэгийг танилцуулах зорилготой Их Британийг зорьсон юм. Чуулган “Мэдлэгт суурилалсан хөгжил” нэрийн дор олон илтгэл тавигдахын хажуугаар Европын орнуудад ажиллаж, амьдарч буй шижигнэсэн залуус ирж өөрсдийн нийгэмлэг, холбоодоо танилцуулж, хамтран ажиллах тухай ярилцаж, Европ-Монголын Нийгэмлэг байгуулж, Монголын түүх заншил, соёл урлагаа Европт хамтран танилцуулах үүрэгтай байгууллага байгуулсан билээ.
Өнгөрсөн жил Стокгольм хотод болсон “Өндөр технологи-Европын стандартыг нэвтрүүлэх боломж” чуулганд оролцож, олон ч хүмүүстэй танилцаж, тэдний сурч мэдсэнээс бага ч болов богцолж аваад ирэхийг оролдсон. Энэ удаагийн Инноваци-Ногоон хөгжил сэдэвтэй 9-р чуулганаас мөн адил ганзага хоосонгүй буцсан даа.
Монгол орон инновацийг хөгжүүлэх Засгийн газрын бодого боловсруулж, Инновацийн хууль баталж мөн Шинжлэх ухааны паркыг Монгол улсын 5 бүсэд байгуулахаар шийдсэнийг Стокгольмд болсон 8-р чуулганаас сонсоод их л олзуурхсан юм.
Энэ 9-р чуулганд Монгол болон Европын орнуудад суралцаж, эрдэм шинжилгээний ажил хийж буй оюутан сурагчид, судлаачдад гол түлхүүр болж өөрсдийн сурсан мэдсэн зүйлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг чухалчилж буй юм. Тус чуулганд Монгол Улсаас Д.Жаргалсайхан, Др.Д.Сэрдарам, Д.Гандолгор, Г.Солонго, Ж.Тэмүүжин, Их Британиас Г.Ганболд(Элчин Зөвлөх), Б.Энх-Ундрам (Rio Tinto), Д.Энхжаргал(Монгол Банк), Л.Отгонбаяр (Edinburg University) , Др Ү.Отгонбаяр(Cardiff University), ХБНГУ-аас Др.С.Олонбаяр, Др. Д.Анхлан, Др. Д.Гүнцэцэг, Шведээс Ц.Нандинбаатар нар биеэр болон онлайнаар илтгэлээ хэлэлцүүлсэн юм. Мөн ХБНГУ-ын Штутгарт хот дахь Монгол Академичдын Холбооны ажилтан Г.Ганцэцэг холбоогоо танилцуулсан билээ.
Чуулганд тавьсан илтгэлүүд Монгол орны хөгжилд инновацийг аль ч салбарт хөгжүүлэх хэрэгтэйг илтгэл тавьсан хүмүүс тэмдэглэж байсан нь зөвхөн уул уурхайгаар бус эх орон маань бусад салбараар хөгжих нь чухал гэдгийг баталж байсан юм.
Инновацийг хуулийн талаас нь яаж зохицуулах, үйлдвэрлэлт яаж хэрэглэх, хөгжингүй орнуудын туршлага, сансрын салбарыг хөгжүүлэх, хагас дамжуулагч чипний дизайн хийх, биотерроризм, үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг багасгах, монголчуудын угийн бичиг-ухаалаг үнэмлэх, хэл шинжлэл, сэтгүүл зүй зэрэг салбарт илтгэгчид өөрсдийн илтгэлээ хэлэлцүүлж хуралд оролцогчдын асуултанд хариуллаа.
9-р чуулганы гол онцлог нь Цахим өртөө дээд сургууль монголын их дээд сургуулиудын оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал хийлгэж, шалгарсан оюутныг Лондон хотод болсон чуулганд оролцуулсан. Үүний үр дүнд, МУИС-ийн Биологи, Биотехнологийн сургуулийн 4-р дамжааны оюутан Ж.Гандолгор “Бичил биетнийг ашиглан үйлдвэрийн хаягдал усны бохирдолыг бууруулсан туршилтын дүн” илтгэлээрээ шалгарч Лондонгийн 9-р чуулганд амжилттай оролцлоо.
Британийн Монголчуудын Холбоо чуулганы төлөөлөгчдийг 6-р сарын 2-нд Би-Би-Си-гийн төв байранд зочилуулсан сонирхолтой аялал зохион байгуулсан юм. Лондон хот дэлхийн бизнес, мэдээллийн төв гэдэгтэй хэнч маргахгүй бөгөөд мэдээллийн төвд зочлоход тэр их эрч хүч мэдрэгдэж байв. Бидний хэдэн монгол тус байгууллагын үүдийг татаж, түүхтэй нь танилцаж, мөн өөрсдөө радиогийн драмын жүжиг бэлтгэж, телевизийн мэдээг уншиж, цаг агаар танилцуулах боломж бидэнд олгосон нь зөвхөн сонсох биш тус байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явагддагыг мэдэрч, идэвхтэй оролцох нь сонин байсан юм.
Ингээд Инноваци-Ногооны хөгжлийн тухай ярилцсан 9-р чуулган өндөрлөж, Монгол орны хөгжилд 10-р чуулганыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод дараа жил хийх товыг зарлалаа.
Гэрэл зургыг Б.Жавхлан