Британийн Монголчуудын анхдугаар чуулга уулзалт – 2005 оны 5 сарын 2

anhdugaar

Британийн Монголчуудын Холбоо, ИБУИНВУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас санаачлан хамтран зохион байгуулсан тус улсад ажиллаж амьдарч буй Монголчуудын эх орныхоо хөгжил дэвшлийн асуудалтай холбогдсон санал бодлыг сонсох, өөр хоорондоо нүүр тулан танилцаж үзэл бодлоо солилцож хойшид хамтран ажиллах үүд хаалгыг нээх үндсэн зорилготой “Монгол Улсын Хөгжилд” сэдэвт анхдугаар чуулга уулзалт 2005 оны 5 сарын 2-ны Даваа гарагт Лондон дахь Монгол Улсын элчин сайдын яамнаа амжилттай зохиогдлоо.

Анхдугаар чуулга уулзалтад нийт 30 гаруй хүн ирж 12 илтгэлийг сонсож санал бодлоо солилцов. Чуулга уулзалтад тавигдсан илтгэлүүд нь тодорхой сэдвээр судлагдсан эрдмийн бутээлүүд, шинжилгээ судалгаанууд, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүд гэсэн хэлбэрүүдээс бүрдсэн байлаа.

Чуулга уулзалтын салхийг хагалж Bradford дахь Чингис хаан Монголчуудын Холбооны тэргүүн Б. Алтанбагана эх нутгийн атга шорооны үнэ цэнийн тухай түүхэн туульсаас иш татан өгүүлж, бид өнөөдөр энэ Монголын газар нутгаа хэрхэн эзэн мэт эзэмшиж хамгаалваас зохилтой талаар өөрийн саналаа дэвшүүлсэн бол, Glasgow-ийн Их сургуульд хуулийн чиглэлээр мастерийн дамжаа барьж буй Б.Алтанхүү глобалчлагдан буй энэ цаг үед үүссэн дэлхийн түүхнээ тохиож буй 3 дахь их нүүдэл суудалын талаар, Монголчууд бид энэ нүүдэл суудалд эргэлт буцалтгүй ороод байгаа тухайд өөрийн судалгаа шинжилгээнд тулгуурлан шинжилж энэ талаар төр засгаас авч хэрэгжүүлвээс зүйтэй саналуудыг гарган тавилаа.

Гурав дахь илтгэлийг Surrey University-д аялал жуулчлалын чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан Р.Гоёцэцэг Их Британы жуулчдын Монголд очиж буй байдал, тэдний жуулчлалын зорилго, сонирхол, Єнөөгийн Монголын аялал жуулчлалын салбарын байдал түүний давуу болон сул талууд зэргийн талаар харьцуулсан судалгаа хийж цаашид Монголын аялал жуулчлалыг ямар хэлбэрээр хөгжүүлэх, түүнд хувь хүмүүс хийгээд төр засгийн зүгээс бодож хэрэгжүүлэх арга замуудын талаар саналууд дэвшүүлсэн байв.

Westminster-ийн Их сургуулийн сонсогч Э.Долгионы тавьсан илтгэлд улс орны хөгжилийн салшгүй нэгэн хэсэг болох үндэсний аюулгүй байдал, Монгол орны өнөөгийн үндэсний аюулгүй байдлын гадаад дотоод нөхцөл байдлуудыг дурдан түүхийн баатарлаг ард түмэн бид үүх түүхээ зүгээр л уншиж харж явалгүй шинэ түүхээ нэр төртэй бичилцэж байцгаая хэмээн уриаллаа. Тэрээр илтгэлээ Англиар маш чадварлаг тавьсан нь хурсан олны сэтгэлд нэн нийцэв.

5 дах илтгэлийг Manchetser- ийн Их сургуульд MBA дамжаа барьсан Д.Гантулга авилгал гэж юу болох ямар хэлбэртэй байдаг талаар ерөнхийлөн тайлбарлаж, өнөөгийн төрийн түшээд маань авилгалд өртөн төрийн тушаа болчихоод буйгаасаа ангижрахын тулд хэрхэвээс зохилтойг Их хааны “биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас” хэмээх үгнээс гаргалгаа хийн тайлбарлалаа.

Southampton-ий Их сургуульд Монгол дахь төрөлтийн шилжилтийг статистик загварчлалын аргуудыг хэрэглэж судалсан нь сэдвээр докторын зэрэг хамгаалсан PhD А.Гэрэлтүяа 6 дахь илтгэлийг тавьж өөрийн 3-4 жилийн ажил буюу докторын бүтээлийнхээ талаар танилцуулж 1969-1998 оны хоорондох Монгол дахь төрөлтийн чиг хандлага, түүнд цаг үеийн төр засгийн бодлого болоод зах зээлийн эдийн засгийн шилжилтийн байдал хэрхэн нөлөөлснийг статистик загварчлалын аргуудыг хэрэглэн шинжилж дүгнэснээ сонирхуулсан бол үдээс хойшхи хэсгийн эхний илтгэлийг Manchester ийн Их сургуульд өмч хувьчлалын чиглэлээр докторын дамжаа баригч Т.Ермэк Монгол орны өмч хувьчлалын байдалд хийсэн дүн шинжилгээ сэдвээр илтгэн нийгмийн салбарын өмч хувчлалыг төдийлөн сайшаадаггүйгээ дурдахад энэ нь оролцогчдын дунд нилээд маргаан өрнүүлээд авав.

8 дах илтгэлийг Manchester-ийн Их сургуулийн School of Material-д ажиллаж буй PhD В. Шинэнэмэх ноолуур гэдэг ер нь юу болох яаж ангилагддаг, өнөөгийн Монгол ноолуурын байдал ямаршуухан байгаа, түүний чанарыг дээшлүүлэхийн тулд үржил слекцийн арга хэрэглэн 10-20 жил хүлээлгүйгээр боловсруулж болох нэгэн шинэ технологийнхоо талаар өгүүлж уг технологийг хэрэглэснээр чанарын байдал хэрхэн нэмэгдэхийг сонирхуулав.

Лондон дахь School of Hygeine and Tropical Medicine–д нийтийн эрүүл мэндийн чиглэлээр Мастерийн дамжаа барьсан О.Батбаяр илтгэлдээ монголчуудын архидалтын байдлыг түүхэн үйл явдал болон генетикийн учир шалтгаанаар тайлбарлаж өнөөгийн Монгол дахь архидалтын байдал нь монголчуудын нас баралтын гол нэгэн шалтгаан болж буйг өөрийн хийсэн судалгаа шинжилгээндээ үндэслэн гаргаж сонирхуулав.

10 дах илтгэлд Dundee-ийн Их сургуульд эдийн засгийн ухаанаар мастерийн дамжаа барьж буй Ц.Тулгаа байгалийн баялагтай гэж хөөрснөөрөө өнө мөнхийн баян тарган оршдоггүйг байгалын баялагтай холбогдох бизнесийн онцлог, түүнээс үүдэн гэнэт орж ирэх баялаг нь улс орны эдийн засагт урт богино хугацааны ямаршуухан балаг тарьж болохыг тайлбарлаж хөрс шороогоо сэндийлэхдээ дотроо ухаантай дороо суурьтай байцгаая гэсэн санааг гаргаж тавилаа.

Лондон хотноо ажиллаж амьдрагч Д.Оюунсүрэн тавьсан илтгэлээрээ ИБУИНВУ-д сурч ажиллаж амьдарч буй залуус маань Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн талаар ямаршуухан бодол сэтгэлтэй явдагийг судалж шинжилсэн судалгааныхаа тайлан түүн дээр тулгуурласан дүгнэлтүүдээ танилцуулсан нь мөн л сонирхолтой байв. Баярлууштай нь судалгаанд оролцсон 100 хүнээс нэг нь ч монгол орны хөгжил надад хамаагүй гэж хариулаагүй нь бүгд их бага хэмжээгээр сэтгэл зовниж явдагаа илэрхийлсэн явдал байлаа.

Төгсгөлийн илтгэлийг Цахим өртөө сүлжээ, Оллоо интернэт хуудсуудаар түүх, соёлын холбогдолтой нийтлэлүүд бичиж цахим ертөнцөд олны танил болсон Х.Эрдэмбилэг глобалчлагдсан цаг үед Монгол хүн монгол ахуй өөрийн орон зайгаа хадгалан үлдэх гол нөхцөл нь бидний соёлын толбо бөгөөд үүнийгээ бид нэгэн утгаар ойлгож цаг үед нь тааруулан хөгжөөн тэтгэж байя. Yvнд бидний шашин онцгой чухал үүрэгтэй гэсэн санаагаа толилуулав.

Чуулга уулзалтын халуун ярианууд газар нутаг, ашигт малтмал- Оюу толгой, өмч хувьчлал, тусгаар тогтнол – үндэсний аюулгүй байдал, авилгал, архидалт, ноолуур, Монголоо алдалгүй оршин тогтнох, монгол түмний өсөн үржилтийн чиг хандалга зүй тогтоц, харьд суугаа Монголчуудын эх орныхоо талаархи санал бодолгээд өнөөгийн Монголын өдгөө ирээдүйд зайлшгүй бодож шийдүүштэй гол гол асуудлуудыг хөндөж байсан нь Их Британи дахь залуучууд маань Монгол орныхоо хөгжил дэвшлийн байдлыг цаг ямагт ажиглан харж санаа бодлоо чилээж байдгийг тодхоноор харууллаа гэж үзэж болох юм.

Чуулга уулзалтыг хааж элчин сайд Д. Даваасамбуу нийт оролцогчдод баяр хүргэн үг хэллээ. Тэрээр энэхүү чуулга уулзалтыг уламжлал болгон оролцоог нь нэмэгдүүлж, зохион байгуулалтыг нь улам бүр боловсронгуй болгон явуулах явуулах хэрэгтэйг онцолж Британд ажиллаж суралцаж буй залуусын анхаарч мөрдөж явбал зүйтэй асуудлын талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

Чуулга уулзалтад оролцогч нийт хүмүүсээр илтгэлүүдийг хэлэлцүүлж дүнг гаргахад Д.Гантулгын “Авилгал ба Төрийн түшээ” илтгэл олонхийн саналаар тэргүүн байр эзлэв. Дэд байрыг О.Батбаярын “Монгол дахь архидалт ба гэмт хэрэг, түүнд нөлөөлөх удамшлын болон бусад хүчин зүйлс” сэдэвт илтгэл, Гутгаар байрыг Др. В.Шинэнэмэх “Ноолуур боловсруулах оновчтой технологи” сэдэвт илтгэл тус тус эзэлж Єргөмжлөл, мөнгөн шагнал, Д.Оюунсүрэн “ИБУИНВУ-д сурч ажиллаж амьдарч буй залуусын “Монгол Улсын Хөгжилд оролцох идэвхи оролцоо” сэдэвт илтгэлээрээ Монгол банкны суурин төлөөлөгчийн газрын тусгай шагналыг тус тус хүртлээ. Чуулганд оролцсон бүх илтгэгч нарт мөн Монгол Улсын элчин сайдын яам, Монголчуудын Холбооны Єргөмжлөлийг гардуулав.

Чуулга уулзлатын үйл ажиллагааг Лондон хот дах Meteriod 25 studio болон Монголын үндэсний ТВ сурвалжиллаа.

Чуулга уулзалтыг зохион байгуулагчид, оролцогчид маань тавигдсан итгэлүүдийг нэгтгэн товхимол гаргах, вэб хуудсуудад (элчин сайдын яамны цахим хуудас, Цахим өртөө сүлжээний цахим хуудсуудад удахгүй тавигдах болно) байрлуулж цахим ертөнцөөр аялагч түмэн олны бодол санаанд хүргэн Үргэжлүүлэн хэлэлцэх, тэдгээрт тусгагдсан санал дүгнэлтүүдийг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахаар шийдэцгээлээ.

Чyyлга уулзалтад идэвхи санааачлагатай оролцсон нийт илтгэгчиддээ, энэхүү чуулга уулзалтад оролцож ажил хэрэгч яриа хэлцэл өрнүүлсэн нийт оролцогчиддоо, чуулга уулзалтыг санаачлан дэмжин тэтгэж зохион байгуулсан зөвлөх Х.Амарсайханаар ахлуулсан Монгол улсын элчин сайдын яамны нийт хамт олон, Монголчуудын Холбооны тэргүүлэгч гишүүн Алтанхуяг, Мөнхбат, Монгол банкны суурин төлөөлөгч хадагтай Д.Энхжаргал, шагналийн санг ивээг тэтгэсэн Эрдэнэт Концерний суурин төлөөлөгч ноён Батбаяр нарт талархал илэрхийлье.

Эдийн засаг, улс төрийн түүхт орон Их Британиас эх авсан Монгол түмний оюунд түүгээр дамжин Монгол улсын хөгжилд хувь нэмэрээ оруулахаар тасралтгүй урсах мэдлэг оюуны их урсгалын булаг шандын ундарга энэ өдөр бургилан оргилсон гэдэгт итгэнэ. Энэ булаг ширгэлгүй оргилж бусад улс орнуудад суугаа Монгол залуусынхаа мөн энэ л санаа зорилгоор бий болгон эх нутгийн зүг урсгасан эрдэм оюуны урсгалтай хүч нэмэн гол мөрөн болсоор Монгол орныхоо хөгжил дэвшлийг умдаалан тэтгэх болтугай!

Илтгэгчид ба илтгэлийн сэдвvvд

1. Б. Алтанбагана – “Газар шороо”
2. Б. Алтанхүү – “Шинэ үеийн нүүдэл ба Монгол улс”
3. О. Батбаяр, MSc – “Монгол дахь архидалт ба гэмт хэрэг, түүнд нөлөөлөх удамшлын болон бусад хүчин зүйлс”
4. Д. Гантулга, MBA – “Авилгал ба Төрийн түшээ”
5. Р. Гоёцэцэг, MSc – ” Mongolia as a destination for the UK outbound tour operators ”
6. А. Гэрэлтүяа, PhD. – “The use of statistical modeling techniques in the analysis of Mongolian fertility transition and its determinants in 1969 – 1998”
7. Т.Ермэк, MSc – “Монгол орны өмч хувьчлалын ололт амжилт болон зарим нэг санал шүүмжлэл”
8. Э. Долгион – “Development of Mongolia: A Security Perspective”
9. Д. Оюунсүрэн – “ИБУИНВУ-д сурч ажиллаж амьдарч буй залуусын “Монгол Улсын Хөгжилд оролцох идэвхи оролцоо”
10. Ц.Тулгаа – “Байгалын баялгийн балаг”
11. В.Шинэнэмэх, PhD – “Ноолуур боловсруулах оновчтой технологи”
12. Х.Эрдэмбилэг – “Монгол хүний соёлын толбын тухай”

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *