Нийгмийн Эрүүл мэнд салбар хуралдаан
Дэд сэдэв “Эрүүл орчин-эрүүл монгол хүн”
Салбар хуралдааны удирдагч: Др Ц.Базаррагчаа, (bazra4@yahoo.com) Улаанбаатар
Агуулга. Монголын томоохон хотуудад орчны эрүүл мэндийн асуудал нийгмийн эрүүл мэндийн нэн чухал асуудлын нэг болоод байна. Сүүлийн 10 гаруй жилд хотжилттой холбоотой хүн амын бөөгнөрөл эрс нэмэгдснээр агаар, хөрс, ус ихээр бохирдож эдгээрт агуулагдах химийн бодисын хэмжээ ДЭМБ-ын гаргасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэт дахин ихэсч хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болжээ. Үүнтэй холбоотой өвчлөл, хөдөлмөрийн чадварын алдалт, нас баралт, ялангуяа эрт нас баралт нэмэгдэж буй нь улс орны эдийн засаг төдийгүй өрхийн эдийн засагт томоохон хохирол учруулж буй. Энэ нь цаашилбал Монголын ирээдүй болох хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн нөлөөлж байна.Ийнхүү орчны, ялангуяа агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг яаралтай авахгүй бол Монголын эрүүл иргэд гэж үгүй болох аюул тулгарч байна. Энэхүү салбар хуралдаан нь дээрх асуудлуудыг хөндөж гадаадад ажиллаж буй монгол эрдэмтэд, Монголдоо буй холбогдох яам тамгын газар болон судалгаа шинжилгээний байгууллагын ажилтнууд хамтарсан илтгэл тавьж орчны бохирдлыг бууруулах гарцыг эрэлхийлсэн зөвлөмжийн үндэслэлийг боловсруулах зорилготой зохион байгуулагдана
Өндөр болон Мэдээлэл Холбооны Технологи
Дэд сэдэв: “Монголын биотехнологи, чип дизайн, эмбэддэд системийн өнөөгийн байдал, хурдацтай хөгжүүлэх боломж”
Салбар хуралдааны удирдагч: Д.Батхуяг, (d.batkhuyag@gmail.com) МУИС, Улаанбаатар
Агуулга: Цөөн хүн амтай улсын онцлогт тохирсон үйлдвэрлэлийн салбарыг, ялангуяа багахан хүн хүчээр их баялаг бүтээдэг, ямар нэг түүхий эдээс хамааралгүй, байгаль орчиндоо ээлтэй, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг технологийн салбарыг хөгжүүлэх нь чухал. Үүний жишээ нь Монгол орны хувьд хагас дамжуулагч чип дизайны болон эмбэддэд системийн салбарыг хөгжүүлэх зам байж болох юм . Мөн, Биотехнологийн салбарт Биоанагаахын шинэ чиглэл болох үүдэл эсийн судалгааг хөгжүүлэх нь анагаахын шинжлэх ухааны шийдэгдээгyй асуудлуудыг тайлахад хувь нэмэр оруулж, дэлхийд танигдах боломжтой. Тиймээс эдгээр салбарыг Монголд хөгжүүлэх нөхцөл, нөөц, боломжийн талаар олон нийт, төр засгийн түвшинд танилцуулах, энэ чиглэлээр өндөр хөгжилтэй орнуудад суралцаж, ажиллаж байгаа Монгол залуусын туршлагаас хуваалцах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. Нөгөө талаас Монгол улсын хөгжил зөвхөн байгалийн баялаг дээр тулгуурлах бус оюуны мэдлэг шингэсэн шинэ салбарыг бодлогоор дэмжиж, хөгжүүлэх сэдлийг өгөх, мөн энэ чиглэлээр ажилладаг судалгааны байгууллага, гадаад, дотоодод байгаа мэргэжилтнүүд, хувийн хэвшлийг холбох, цаашид хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг болох зорилготой.
Шинжлэх Ухаан, Боловсролын салбар хуралдаан
Дэд сэдэв: Олон Нийтийн Танин Мэдэхүй
Агуулга: Салбар хуралдааны удирдагч: Др М.Болорцэцэг (mbolor2001@yahoo.com), Нью-Йорк, АНУШинжлэх Ухаан, Технологийн хурдацтай хөгжил бүхий өнөө үед мэдлэгт суурилсан нийгмийг цогцлооход мэдлэгийн чанар (мэдлэг бүтээх иргэдийг бэлтгэх) чухал. Тиймээс олон нийтэд шинжлэх ухааны ерөнхий мэдлэгийг таниулах, эзэмшүүлэх, түүгээр дамжуулан нийтийн боловсролыг чанаржуулах, шинжлэх ухаанчаар хандах хандлагыг суулгах болон нотолгоо үндэслэл дээр суурилсан шийдвэрийг аль ч төвшинд гаргадаг нийгмийг төлөвшүүлэх зорилгоор энэ салбар хуралдаанаар дараах 3 чиглэлээр гол болон дагалдах илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. Үүний үр дүнд эдгээр чиглэлийн төрийн бус байгууллагуудыг гадаад болон дотоодод энэ чиглэлийн мэргэжилтэн болон байгууллагуудтай холбох, нөөц бололцоог хэрхэн ашиглаж хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг болно.
Бизнес эрхлэлтийн салбар хуралдаан
Дэд сэдэв: ”Бизнесийн харилцаанд хүн бүр”
Агуулга: Салбар хуралдааны удирдагч: С.Санасэр, (ssanaser@gmail.com) МУИС, УлаанбаатарАгуулга: “Бизнесийн харилцаанд хүн бүр” дэд сэдэвтэй бизнесийн салбар хуралдааны зорилго нь иргэдийг өөр өөрсдийн салбарт бизнес эрхлэх “амбиц”-тай болоход сэдэл өгөх, энэ харилцаатай хамааралтай төрийн болон төрийн бус байгууллагуудад санал санаачлага, ажил өрнүүлэхэд оршиж байна. Гадаад оронд ажиллаж амьдарч буй иргэдийн дийлэнхи нь бизнесийн байгууллагын харилцаанд ордог. Тэд тухайн улсуудад бизнес эрхлэхэд таатай бодлого, хууль эрхзүйн орчин, тухайн улсаас Монголд хийж болох үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ санал санаачлагын талаар хамгийн их мэдээлэл өгөх боломжтой. Нөгөө талаас Монголд бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, судалдаг байгууллага, хувь хүмүүс үйл ажиллагаагаа явуулахад тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг сайн мэддэг. Энэ талуудыг хооронд нь тодорхой сэдвүүдээр яриа хэлцэл өрнүүлж бүх талд шинэ сэдэл төрүүлэхэд энэ салбар хуралдааны зорилго оршино.
Гурван асуудал дээр төвлөрнө. Үүнд:
1. Гадаадад ажиллаж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа Монгол улсын иргэдийн талаар мэдээлэл судалгаа бага байна. Нөгөө талаас гадаадад сурч боловсорч эх орондоо ирээд аж ахуй эрхэлж байгаа хүмүүс байна. Зарим бизнес эрхлэгчээр төлөөлүүлэн гадаад орон дахь жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмждэг бодлого, бодит хийгдэж буй бизнесүүдийн талаар мэдээлэл өгч тодорхой санал зөвлөмж нэгтгэнэ.
2. Нэг талаас Монголд бизнес эрхлэгч нарын дунд тодорхой байр сууринд хүрээд зогсонго байдалд шилжсэн бизнесүүд байна. Нөгөө талд олон улсад аж ахуй эрхэлж байгаа иргэд Монголоороо дамжуулан бизнесээ өргөжүүлэх, мэдээлэл, холбоо үүсгэх сонирхол байна. Эдгээр талуудын сонирхолыг яаж нэгтгэх вэ гэдэг энэ салбар хуралдааны бас нэгэн гол асуудал юм.
3. Гадаадад ажиллаж сурч тодорхой бизнесийг хэрхэн хийх мэдлэгтэй болсон нэг тал олон болж байхад түүнийг нь Монголд хөрөнгө оруулж ажил болгох сонирхогч талууд байна. Энэ харилцааг хэрхэн дэмжих вэ гэдэг асуудал энэ илтгэлийн өөр нэгэн чухал асуудал болж байна.
Бүтээлч үйлдвэрлэлийн салбар, урлагын менежмент салбар хуралдаан
Дэд сэдэв: “Дэлхийн урлаг, соёлын менежментийг Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах санал төлөвлөгөө”
Салбар хуралдааны удирдагч: Ж.Өнөрмаа (unurmaa@hotmail.com), Лондон, Англи
Агуулга: Аливаа орны гадаад харилцааны бодлогод өөрийн орны соёл урлагийг иргэний болон соёлын дипломат харилцааны шугамаар дэлхийн бусад орнуудад сурталчилах, дэлхийн орнуудтай соёлын хүрээнд хамтран ажилласанаар тухайн орнуудтай ойртон нөхөрлөдөг өргөн туршлага байдаг билээ. Монгол улсын хувьд одоогоор төрийн бодлогын дагуу гадаад орон, бүс нутагт байгуулсан албан ёсны Монголын соёлын төв байхгүй бөгөөд Монголын соёл урлагийг гадаадад сурталчилах, уран бүтээлчдийг дэмжих нэгдсэн бодлого хараахан байхгүй байна. Энэ нь төрийн бодлогоор Монголын урлаг соёлыг гадаадад тогтмол сурталчилах, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын экспортыг нэмэгдүүлэх, өндөр чанартай хөрөнгө оруулалт татах, уг салбарын ажилтнуудын үнэлэмж болон үнэлгээг өсгөх боломжийг хааж байгаа юм.
Mонголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бүх уран бүтээлчдэд дэлхийн дэвжээ хэрэгтэй болоод байгаа энэ үед төр засгаас энэ асуудлыг хариуцлагатайгаар авч үзэн тэднийг энэ чиглэлээр ажиллах мэдлэг боловсролоор хангаж, гадаад орнуудад ажиллаж амьдардаг туршлагатай иргэдтэйгээ холбогдон, тэдний оюун ухаан, сэтгэл зүтгэл, холбоо хэлхээсийг үүнтэй адил бүтээлч ажилд зориулж хамтран ажиллах цаг нэгэнтээ ирээд байна. Даяарчлалын өнөө үед асар хурдтай хөгжиж буй технологийн ачаар Хил хязгааргүй (… without borders) мэргэжилийн группүүд асар олноор үүсэн амжилттай ажиллаж байгаагаас харахад хүний нөөц, боломж бололцоог тухайн хүн аливаа оронд биеэр байхаас үл хамааран улс орны хөгжилд гар бие оролцож болохыг олон тэргүүний монгол залуусын жишээ бэлхнээ харуулж байгаа. Төрийн нэгдсэн бодлогын дэмжлэгтэйгээр монголын уран бүтээлчид дэлхийн тавцанд өрсөлдөж, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын орлого нэмэгдэж, уран бүтээлчдийн бизнес сэтгэлгээг эрчимжүүлж, монгол соёл урлагийг дэлхийд сурталчилах, түүнчлэн өнөөгийн Монгол орны дүр төрхийг гадаадад болон гадаадын иргэдэд зөвөөр таниулан сурталчилахад Монгол соёл, урлаг, бүтээлч салбараар дамжуулан ажиллах бололцоо их байна.
Тус салбар хуралдаанаар урлаг, соёлын менежмент, музейн хүний нөөцийн менежментийн чиглэлээр 3 үндсэн болон дагалдах илтгэлийг хэлэлцүүлж, энэ чиглэлээр Монгол улсын холбогдох яам, төр засгийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах саналыг дэвшүүлнэ.
-Г.Галбадрах: 10-р чуулганы үр дүн юу байх вэ?
-Д.Цэрэнбат: Чуулган бүр дээр асуудаг асуулт байна. Өмнөх чуулгануудын хувьд “энэ чуулганаас яг ийм үр дүн гарсан” гэж хэлэхэд бэрх мэт ч тасралтгүй зохиогдсон чуулгануудын дүнд энэхүү оюуны брендийг тойрсон, оюуны татах хүч сайтай нэгдэл бий болсон байдаг юм. “Монгол орны хөгжилд” тэддүгээр чуулган гээд ярихаар тухайн чуулганд илтгэлээрээ оролцсон, хамтран зохион байгуулж байсан хүмүүст нэг тийм сэтгэлийн гэгээ татаж буй нь харагддаг. Энэ нь их юм хийх хүч гэж итгэдэг. Бас л зөв хөндөж зөв ажиллуулах тухай асуудал бий.