М.Болорцэцэг: Хамтарч ажиллах тодорхой төлөвлөгөө гаргана

Bolor

АНУ-ын Байгалийн түүхийн музейн судлаач, палеонтологич М.Болорцэцэгтэй ярилцлаа.

 – Тун удахгүй хилийн чанад дахь Монголчууд, байгуулсан холбоодын төлөөлөл эхорондоо чуулах нь. Энэ арга хэмжээний талаар олон нийтэд тодорхой ойлголт өгнө үү?

– Миний хувьд ийм арга хэмжээнд анх удаа оролцож байна. Өмнө нь ялангуяа “Зөгийн Үүр” хөтөлбөртэй холбоотойгоор хилийн чанад дахь Монголчуудын уулзалт чуулган Улаанбаатар хотноо болж байсан. Энэ удаагийн чуулган их онцлогтой гэж бодож байгаа. Чуулганыг Гадаад хэргийн яам болон Цахим өртөө холбоо ТББ хамтран зохион байгуулж байна. Сүүлийн 10 жилд гадаад орнуудад сурч боловсорч, амьдарч байгаа Монголчуудын тоо эрс ихэссэн байгаа. Үүнтэй холбоотойгоор хилийн чанадад Монголчуудын холбоо, ТББ, бизнесийн байгууллагууд бий болж, тус орнуудад амьдарч байгаа иргэдийнхээ хүсэл зорилго, эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа байнга зохион байгуулж байна. Эдгээр үйл ажиллагаагаа сайн дураар, сэтгэл нийлэн хийдэг боловч Монголын төрөөс тодорхой дэмжлэг байнга дутагдаж байдаг. Тэгэхээр төрийн дэмжлэгийг хэрхэн нэмэгдүүлэх тал дээр чуулганы эхний хэсэг маань төвлөрч байгаа.

Дараагийн хэсэг нь хилийн чанадад байгаа Монголчууд маань төр засаг, Монгол дахь ТББ болон бизнесийн байгууллагуудтай хамтран хэрхэн эх орноо хөгжүүлэх үйлст хувь нэмрээ оруулах тал дээр тодорхой сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх “Монгол Орны Хөгжилд” уламжлалт чуулга уулзалт байгаа. 2005 онд Британийн Монголчууд санаачлаад одоо 10 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголдоо анх удаа болж байгаа нь онцлог. Энэ чуулга уулзалтын хувьд энд анх удаа болж байгаа завшааныг ашиглаж, нутагтаа байгаа Монголчуудтайгаа тодорхой чиглэлүүдээр хэрхэн хамтран ажиллах тал дээр бодиттой үр дүн гаргахыг их зорьж байна. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад манай төр засаг, төрийн бус, бизнесийн байгууллагууд идэвхтэй оролцоно гэж найдаж байна.

 

– “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт нэгдсэн чуулганы үр дүнгийн талаар та юу хэлэх вэ?

– Чуулганы цар хүрээний хувьд нилээд өргөн болж байгаа гэж үзэж байна. Учир нь хоёр чуулга уулзалтыг нийлүүлж нэгдсэн байдлаар хийх гэж байна. Мөн оролцогчдын хувьд зөвхөн төр засаг гэхгүй бүх л салбартаа ажиллаж байгаа ТББ болон бизнесийн хүрээг хамарсан. Үдээс өмнөх чуулган бол хилийн чанадад байгаа Монголчууд руугаа хандсан олон чухал асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь ач холбогдолтой. Олон жил энэ асуудал яригдсан ч ийм чуулганы хэмжээнд цэгцтэйгээр асуудлуудад хандах хандлага цөөн байсан. Уг чуулган цаашид гадаадад байгаа Монголчуудынхаа дуу хоолойг төр засаг нь сонсож, энд амьдарч байгаа олон нийтэд энэ асуудлаар нэгдсэн ойлголтуудыг сайн өгөх боломж юм.

“Монгол Орны Хөгжилд” чуулганы хувь дгадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа оюуны чадамжийг эх орон руугаа хэрхэн чиглүүлэх вэ гэдэгт байнга анхаарч ирсэн байгаа. Хэдий өндөр боловсролтой боловсон хүчин бэлтгэгдэж байгаа ч гэсэн төр засаг, ТББ болон бизнесийн байгууллагууд тэр болгон хэрхэн энэ хүмүүстэйгээ харилцан ажиллах тал дээр дутагдалтай зүйлүүд байнга байдаг. Энэ удаагийн чуулган дээр бид тодорхой сэдвүүд дээр санал, хөтөлбөр, төсөл боловсруулан хамтран ажиллах боломж дээр чиглэл чиглэл дээрээ хэлэлцүүлэг явуулах болно. . Чуулганы үр дүнд тодорхой хамтран хийх ажлын чиглэл, төлөвлөгөө гарна гэж бодож байна.

 

Чуулганд та Шинжлэх ухаан, боловсрол, Нийгмийн танин мэдэхүй салбар хуралдааныг чиглүүлж удирдах юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

– Манай салбар хуралдааны хувьд нийт 18 илтгэгч оролцоно. Илтгэлийн хувьд хамтарсан байдлаар оролцож байгаа. Илтгэгчид маань АНУ, Герман, Англи, Швед болон Австрали улсуудад ажилладаг мөн тэнд суралцаад Монголдоо ирсэн хүмүүсээс гадна Монголдоо энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүсийн багаас бүрдсэн байгаа. Бид шинэ санаа санаачлага гаргахаас илүүтэйгээр одоо хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслүүд дээр бид хэрхэн оролцож, дэмжлэг өгч чадах вэ гэдэгдээр илүү анхаарлаа хандуулж байгаа.

 

Хуралдаанаар ямар асуудлыг хөндөх вэ?

– Сургуулийн өмнөх ба ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн анги танхимаас гадуур олж авах шинжлэх ухаан, соёл урлаг, түүхийн танин мэдэхүйн мэдлэг, олон нийтийн шинжлэх ухааны танин мэдэхүй, Засгийн газраас хэрэгжиж эхэлсэн “Зөв Монгол Хүүхэд” үндэсний хөтөлбөр, Монгол хүүхдэд зориулсан зөв агуулгын талаар мөн интернетийн боломжийг ашиглан хэрхэн олон нийт, хүүхэд залуучууд, орон нутаг, хилийн чанадад байгаа Монголчуудад хүрсэн боловсролын системийг бий болгох вэ гэсэн сэдвүүдийг хамрана.

Анги танхимаас гадуур танин мэдэхүйн асуудал дээр бид музейг хэрхэн ашиглаж хүүхдүүдийн насанд тохируулсан хөтөлбөрүүдийг хийх, сургууль болон музейн холбоог бий болгохын тулд тодорхой хичээл сэдвүүдээр нь хэрхэн албан ёсны болгон холбох талаар ярилцана. Албан бусаар цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд багш нарын хамт музейг очиж үздэг. Гэвч үүн дээр тулгарсан асуудлууд байдаг үүний нэг нь бол багш нарт ачаалал маш их нэмэгддэг. Үүнийг яаж зохицуулах гэдэг нь бас анхаарал татсан зүйл байгаа. Тэгэхээр бид бас нүүдлийн музей нь энэ асуудлыг шийдвэрлэхэд бас дөхөмтэй зүйлийн нэг юм гэж үзэж байгаа. Түүнээс гадна музейг хэрхэн олон нийтэд нээлтэй байлгах вэ гэдэг асуудлыг хамрана.

 

Бид асуудлынмөн чанарт буюу агуулгад анхаарах цаг аль хэдийнэ болжээ. Энэ утгаараа танай салбар хуралдаан нэлээн сонирхолтой байх бололтой…?

– Энэ жил УИХ-ын Байнгын Хорооноос Шинжлэх ухааныбайгууллагуудыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай 7-р тогтоол гарсан. Тогтоолын 1.10-д шинжлэх ухааны танин мэдэхүйн үйл ажиллагааг олон нийтэд зориулан хийх, холбогдох санхүүжилтыг төрөөс шийдвэрлэх талаар заасан. Үүнтэй холбоотойгоор нийгэмд шинжлэх ухааны эзлэх байр суурийг тогтворжуулж өгөх мөн хэрхэн олон нийтийг хамруулах, шинжлэх ухаан дээр суурилсан мэдлэг нь хувь хүн, улс орны хөгжилд хэрхэн ач холбогдолтой байх талаар ярилцана.

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас хэрэгжүүлж эхлээд байгаа “Зөв Монгол Хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд танхимаас гадуур Монгол хүүхдэд шаардлагатай Уян Чадварыг (Soft Skills) хэрхэн төлөвшүүлэх талаар илтгэл бас тавигдаж байгаа.  Монгол хүүхдэд зориулсан зөв агуулгыг бүтээх, түгээх, хянах асуудал байгаа. Саяхан ССАЖЯ-наас “Монгол уран бүтээл” гэсэн хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн хэмжээнд Монгол агуулга бүхий үндэсний хөтөлбөрүүдийг дэмжих, мөн хүүхэд залуучуудад зориулсан танин мэдэхүйн нэвтрүүлгийн тоо нэмэгдэх боломж олгогдож байгаа. Гэхдээ үүн дээр бид ялангуяа хүүхэдтэй холбоотой агуулга дээр тодорхой стандартай байх асуудал тун чухал байгааг бид хөндөх юм.

Технологи эрчимтэй хөгжиж байгаа үед бидэнд үүнийг ашиглаж олон нийт, хүүхдүүдэд зориулж интернетийн платформ ашиглан чанартай боловсролыг үнэгүйгээр хүргэх боломжийн талаар бас ярилцана. Баруунд бол энэ чиглэлийн боловсролын систем нь нилээд сайн хөгжиж байгаа. Энэ сургалтын систем бий болсноор манай нийт иргэд эдийн засгийн хувьд хэмнэлттэй, чанартай мэдлэгийг авахаас гадна орон нутагт амьдарч байгаа_ хилийн чанад дахь Монголчуудын хувьд бас их ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *