Хилийн чанад дахь монголчуудын хэл соёлын асуудалд

Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

“Монгол улсын Төрийн дуулал”-аас

Оршил

Социализмын үед нэг ийм онигоо байсан юм.ТАСС мэдээлж байна гэнэ.“АНУ нь манай ЗХУ-ын дотоод хэрэгт бүх дэлхий даяар оролцож байна” гэж.“Дотоод хэрэг” гэсэн атлаа “бүх дэлхий даяар” гэж буй нь хачирхалтай учраас онигоо болжээ. Үнэн хэрэгтээ бол энэ хоёр их гүрний “дотоод хэрэг” гээч нь “дэлхий даяар” оршиж байдгийг цаагуураа айхтар хэлж байгаа хэрэг л дээ. Даяаршлын өнөө үед их бага гэлтгүй, дэлхийн бүхий л улс орнуудын “эрх ашиг” дэлхий даяар тархаж байна.

Бас нэг мэдээ сонирхуулъя.Орос-Украйны асуудал хурцдахад АНУ болон Барууны бусад улсаас хавьгүй түрүүнд, хамгийн хатуу хоригийг Оросын талд тавьсан улс Канад байлаа. Яагаад тийм болсныг судлаад үзвэл украйнчууд Канад улсад 1890-ээд оноос хойш олноороо цагаачлан очиж, суурьшсан бөгөөд Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеийн хоёр том давалгаагаар нэн олноороо дүрвэн, очиж өдгөө тэдний үр хүүхэд нэгд, украйн хэл соёл, үндэс угсаагаа мартаагүй, хоёрт, тэр том гүрний гадаад бодлогод нөлөөлөх хэмжээнд хүрчихсэн нь тэр аж.

Үүний адилаар монголчууд ч гадаадын улс орнуудад олон цөөнөөр оршин суух боллоо.Бид  дэлхийн бүх тивд хөл тавьж, байгаа байгаа газраа улс орноо сурталчлах, эрх ашгаа ойлгуулах хэмжээнд нэгэнт хүрчээ. Үнэндээ бол монгол хүн байгаа газар бүрт Монголын эрх ашиг буй хэмээн ойлгож болно.

Эхний үеийн цагаачид ямагт амьдралын хатуу хүтүүг үүрэн, ихэвчлэн үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөдөг бол тэдний үр хүүхэд буюу хоёр, гуравдахь үеийнхэн тухайн улсын иргэдийн хүүхэдтэй адил нөхцөлд сурч хүмүүжин, ижил гараанаас эхэлдэг тул, бас эцэг эхийнхээ хөдөлмөрийн үнэ цэнийг харж мэдэрдэг тул илүү хол явж, амжилтад хүрэх магадлал өндөртэй байдаг аж. Тиймээс гадаад дахь монголчуудын үр хүүхдээс шинжлэх ухаан, урлаг соёлын алдартнууд, улс төрийн зүтгэлтнүүд төрөх нь тодорхой, тухайн байгаа улсынхаа бодлогыг тодорхойлогчид болох нь ч тодорхой, харин гагцхүү тэр цагт тэр ХҮН монгол хэл соёлоосоо огт харь хөндий хүн болсон байх уу, 100 жилийн өмнө Канадад очсон украйнчуудын адил Украйн улсаа хэмээн харсаар суудаг ХҮН байх уу гэдэг өнөөдөр та биднээс, эцэг эхчүүдээс, төр засгаас шалтгаалах амин чухал асуудал болоод байна.

Өнөөдрийн бидний илтгэл энэ тухайд өгүүлэх юм.

Нэг. Гадаад дахь Монгол сургууль, Соёлын төвүүдийн байдал

Монголчууд гадаадад олноор гарч, сурч хөдөлмөрлөх болсон 1999-ээд оны үед ихэнх хүн хувийн амьдрал сэлтээ зохицуулах зэрэгт гол анхаарлаа хандуулан, үр хүүхдийнхээ монгол хэл соёлын талаар бага анхаарсан дутагдал түгээмэл байна. Харин 2000 он гарснаас хойш, нэгд олон ч хүн “Биеэ засаад гэрээ зас” хэмээдгийн үлгэрээр “бие, гэрээ засан”, товхиносон, хоёрт, хүүхдүүд нь монгол хэлээ илт мартан, санаа зовоох хэмжээнд хүрч байгаа нь тодорхой болж эхэлсэн, ийм хоёр шалтгааны үүднээс санаачилга сайтай эцэг эхчүүд, Монголдоо сурган хүмүүжүүлэх ажил эрхэлж байсан багш нар хувиараа болон хэсэг бүлгээрээ нийлж хүүхдэд монгол хэлний хичээл заах, улмаар сургууль, соёлын төв болон өргөжих хөдөлгөөн өрнөжээ. Энд нэг зүйлийг дурдахад энэ бүх сургууль, төвүүд санаачилга сайтай иргэдийн идэвх зүтгэлийн хүч юм.

Өдгөө АНУ-ын Вашингтон, Чикаго (3 сургууль), Дэнвэр (2), Сан-Франсиско (3), Лос-Анжелос, Сакраменто хотуудад

ХБНГУ-ын Штуттгарт, Мюнхень, Нюрнберг, Дюссельдорф, Берлин хотуудад

Их Британийн Лондон, Нотингхэм хотод

Австрийн Вена хотод

Швед улсад (Монгол сургууль байхгүй, гэвч монгол хэлний сургалт буй)

БНСУ-д

Бельги улсад

тус тус Монгол сургууль, Соёлын төв албан ёсоор байгуулагдан, монгол хэлний сургалт явуулж байна.

Жич: Сургууль тус бүрийн дэлгэрэнгүй танилцуулга, холбогдох хаягийг 1-р хавсралтаас үзнэ үү.

Эдгээр сургуулийн үйл ажиллагааг харахад дараах адил, нэгдмэл тал буй. Үүнд:

1. Бүгд идэвх бүхий хувь хүмүүс, багш нарын санаачилгаар байгуулагдсан. Монгол улсаас ямар нэг тэтгэлэг, дэмжлэг аваагүй байна.Зарим сургуулийн хувьд тухайн улсад суугаа Элчин сайдын яамд байр танхимаар тусалсан тохиолдол байна.

2. Нэгэнт улсаас санхүүждэггүй тул сурагчдын төлбөр, эцэг эхчүүдийн хандив зэргээр үйл ажиллагаагаа явуулж, анги танхимынхаа түрээс зэргийг төлдөг байна.

3. Багш нар нь Монголдоо хэл уран зохиол болон бусад хичээл зааж байсан, зохих сургууль төгссөн, мэргэжлийн багш нар байна.

4. Ихэвчлэн Бямба гаригуудад, 2-4 цагаар хичээллэдэг.

Хоёр. Багш нарын тавьж буй санал

Энэхүү чуулга уулзалтад зориулан гадаадад монгол хэлээ зааж буй багш нар Нүүр номын бүлэг-чаат үүсгэн ярилцаж, тохиолдож буй бэрхшээл, даван гарах арга зам, төр засагт хийгээд нэг нэгэндээ хандан тавих санал зэргээ ярилцав. Ирсэн саналуудыг багцлан толилуулъя:

2.1. Төр засаг, холбогдох яамдад

2.1.1. Бодлого, төсөв

Дани, Солонгос, Хятад, Польш, Латви гээд маш олон улс гадаадад гарсан иргэдийнхээ хэл соёлыг хадгалах талаар тодорхой бодлого явуулдаг, төсөв гаргадаг, үүний үр дүнд тухайн улсын иргэд ямар ч улсад хэдэн үеэрээ ч амьдарсан хэл соёлоо мартддаггүй байна.Энэ туршлагыг хэрэгжүүлэн холбогдох яамдын дэргэд гадаад дахь монгол иргэдийн хэл соёлын асуудал зориулсан тусгай алба, төсөв буй болгох шаардлагатай байна.

2.1.2. Хөтөлбөр, стандарт

Холбогдох яамд, ажлын албанаас гадаад дахь туршлагатай монгол хэлний багш нартайгаа хамтран хамгийн түрүүнд хийх ажил бол “Гадаад дахь хүүхдүүдийн монгол хэлний хичээлийн хөтөлбөр, мэдлэг чадварын стандарт”-ыг нас насны ангилалтайгаар боловсруулах шаардлагатай байна.Хөтөлбөрийг боловсруулахдаа долоо хоногт 2-4 цаг л танхимд сурах боломжтойг, харь улсад сурч амьдарч буйг, бусад олон хүчийн зүйлийг харгалзан үзүүштэй.ийм хөтөлбөр, стандарт буй болсоноор багш нар юу заах, сурах бичгээ хэрхэн боловсруулах зэрэг чиглэл тодорхой болох юм.

2.1.3. Сурах бичиг, сургалтын материал

Боловсруулсан хөтөлбөртөө зохицсон “Сурах бичиг”-ийг нас насны ангиллаар зохион боловсруулах хэрэгтэй. Монгол улсад сурах бичиг хийдэг, туршлагатай сурган хүмүүжүүлэгчид олон боловч гадаад дахь хүүхдийн хэл яриа, орчны онцлог их өөр тул эдгээр сурах бичгийг боловсруулах багт гадаадад монгол хэлээ зааж буй багш нар, ялангуяа урьд нь “Цагаан толгой”, “Сурах бичиг” зэргийг зохиож байсан туршлагатай багш нарыг татан оролцуулах хэрэгтэй.

2.1.4. Онлайн хичээл, материал

Монгол хэл соёлын хичээлийн цөм нь гадаад дахь монгол сургуулиуд байх нь тодорхой боловч Монгол сургууль байгуулах боломжгүй газрууд, өөрөөр хэлбэл монголчууд цөөнөөрөө оршин суудаг улс, хотууд маш олон байдгийг бид ойлгох ёстой.Тиймээс өмнө дурдсан хөтөлбөр, сурах бичиг зэргийн онлайн хувилбарыг боловсруулж, монгол хүн бүр оршин сууж байгаа газраасаа үл хамааран хичээвэл, хүсвэл сурах боломж нь, хичээл нь интэрнэтэд байдаг болох ёстой.Энэ нь зөвхөн монгол хэл төдийгүй, морин хуур, хөөмий болон бусад урлаг соёлын хичээлүүдэд ч хамаатай.

2.1.5. Хурал, зөвлөгөөн, мэргэжил дээшлүүлэх сургалт

Гадаадад монгол хэл зааж буй багш нарын тусгай хурал, зөвлөгөөнийг жил тутам хийдэг байх.Ийм зөвлөгөөнд холбогдох яамдын түшмэд, заах аргачид оролцдог байх нь туршлага солилцоход нэн хэрэгтэй байна.АНУ, Европод ээлжлэн жил тутам зохион байгуулах нь тохиромжтой.

Мөн гадаадад хичээл зааж байгаа багш нартаа шинэ мэдээ мэдээлэл өгөх, орчин цагийн монгол хэлний журамлах хэлзүйн холбогдолтой сургалт зэргийг таниулах зорилгоор хэл шинжлэл, утга зохиолын мэргэжилтнүүдийн сургалт семинарыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй.

2.1.6. Багш нарын нийгмийн асуудал

Гадаад олон жил монгол хэлээ заасан багш нарын нийгмийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.Нийгмийн даатгалд хамрагддаггүй учраас багш нар хэчнээн олон жил, нутгаасаа хол ачаалал ихтэй, хүнд ажил эрхэлж байгаа боловч тэтгэвэр тогтоолгож чадахгүйд хүрэх аюул өнөө маргаашгүй тулгарна.Үүнийг Боловсролын болон Нийгмийн даатгалын тухай хуульд заалт болгон оруулах хэрэгтэй.

2. 2. Мэргэжил нэгт нөхдөдөө хандсан саналууд

2.2.1. Хамтран ажиллах хамгийн үр ашигтай арга замыг сонгосон холбоо, зөвлөл, ямар нэг бүлгэм үүсгэх хэрэгтэй байна. Тэгээд тухайн хичээлийг хэрхэн заах гэх мэт хамгийн жижиг асуудлаас эхлээд хөтөлбөр, бодлого хүртэлх ерөнхий зүйлийг ч хэлэлцдэг, туршлагаа солилцдог болох нь зүйтэй.

2.2.2. Хийсэн ном, сурах бичиг зэргээ нэгэндээ илгээдэг, солилцдог болмоор байна. төслөөр хийж байгаа бол төслийг санхүүжүүлэгчид агуулгыг нь нээлттэй эрхтэйгээр онлайн байрлуулахаар гэрээндээ зааж өгвөл багш нарт хэрэгтэй юм.

2.2.3. Энэхүү хурлын дараа тавьсан саналуудад шийд хариу ирэхгүй, тусламж байхгүй тохиолдоод өөрсдөө хөрөнгө санхүүгээ босгон, дээрх тавьсан хөтөлбөр, сурах бичиг зэрэг асуудлуудаа шийдэхээр ажиллаж эхэлье.

Гурав. БНСУ-ын туршлагаас

Манай төр засгийн түшмэд,, бодлого боловсруулагчид хэрэг болуужин хэмээн Солонгос улсаас АНУ-д болон гадаадад суугаа иргэдийнхээ хэл соёлын талаар явуулдаг бодлоо, зарим арга хэмжээний туршлагаас хуваалцъя.

Анх АНУ-д Солонгос сургууль 1906 онд байгуулагджээ. Ингээд 100 илүү жилийн дараа буюу өнөөдөр гэхэд АНУ-д нийтдээ 1200 Солонгос сургууль ажиллаж, 60 мянган хүүхдэд хичээл зааж байна. Хичээлийн дараа болон сайн өдрүүдээр хичээллэдэг.Ихэнх сургууль нь Христийн сүмийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг, учир нь АНУ дахь нийт Солонгос цагаачдын 75 хувь нь Христийн сүмд явдаг гэсэн тооцоо бий.

Эдгээр сургуулийн үйл ажиллагааг дэмжин, чиглүүлж өгдөг улсын санхүүжилттэй хоёр байгууллага буй. Үүнд

NAKS – National Association for Korean Schools буюу Солонгос Сургуулиудын Үндэсний Холбоо

KSAA – Korean School Association in America буюу Америк дахь Солонгос Сургуулиудын Холбоо

NAKS нь 1981 онд Вашингтон хотноо байгуулагдсан, эгнээндээ 14 өөр улс дахь Солонгос сургуулийн Зөвлөлийг багтаасан, 1000 гаруй Солонгос сургуулийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Гол үйл ажиллагаа нь:

Жил тутмын хурал
Солонгос Боловсрол сэтгүүл
Солонгос хэлний SAT II сурах бичиг
Солонгос хэлний хичээлийн хөтөлбөр
SAT II Солонгос хэлний шалгалт.

KSAA нь 1982 онд байгуулагдсан, 182 Солонгос сургуульд ажиллаж буй 1839 багш, 14435 сурагчийг хариуцсан байгууллага юм. Гол үйл ажиллагаа нь:

Хичээлийн хөтөлбөр боловсруулах
Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт
Солонгос хэлээр үлгэр домог ярих тэмцээн
Солонгос бичгийн тэмцээн
Han -Eol хэмээх сэтгүүл
SAT II -т бэлдэх шалгалт (жинхэнэ шалгалтыг нь NAKS авдаг)

Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, манай багш нарын дурдаагүй нэг чухал санаа бол шалгалт байна.Үнэхээр сургуулиуд хэр чанартай ажиллаж байгааг, хүүхдүүд хэлээ хэр сурч байгааг тогтоох шалгуур байх ёстой юм.

Мөн БНСУ-ын Боловсролын Яамны “Гадаад дахь Солонгосчуудад зориулсан тэтгэлэг” хэмээх хөтөлбөрийг товч танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна.Гадаад улс орнуудад амжилттай ажиллаж, суралцаж буй солонгосчуудаа олж таних, тэднийг солонгос эх нутагтай нь холбох, хэл соёлыг нь заах, сайжруулах, ирээдүйд боловсрол мэдлэгийг нь Солонгос улстаа зориулах зорилготой хөтөлбөр юм байна.Зөвхөн хүүхдүүд төдийгүй үр бүтээлтэй ажиллаж буй насанд хүрэгчдийг Солонгосын их дээд сургуулиудад авчран, мастер, докторын сургалтад хамруулна.Гурван шатны сургалт буй. Үүнд:

Сурагчдад зориулсан зуны, намрын, өвлийн гэсэн хэлний курс
25 хүртэлх насныханд зориулсан бакалаврын сургалт
40 хүртэлх насныханд зориулсан мастер, докторын сургалт.

Жилд бакалавртаа 40, мастер, докторын сургалтдаа 40 хүнийг сонгон, тэтгэлгээ олгоно.Тэтгэлэгт сургалтын төлбөр, бүх ном хэрэглэгдэхүүний үнэ, сарын 900 воны стипенд, даатгал, ирэх буцах онгоцны зардал орно.Сургалтын төлбөрийн хувьд тус хөтөлбөрт багтсан гадаадын Солонгос хүнийг их дээд сургуулиуд нь төлбөрөөөс чөлөөлөх гэрээг Боловсролын яамнаас сургуулиудтайгаа хийсэн байдаг аж.

Дүгнэлт

Эцэг эхчүүдэд үр хүүхдээ сургах хэрэгцээ шаардлага нь байна.

Шаардлагыг нь хангах сургууль, багш нар байна. Эхлүүлчихсэн хичээл, тавьчихсан суурь байна.
Багш нар нь идэвх санаачилгатай, ном сурах бичгээ өөрсдөө бичээд хэвлүүлсэн туршлага нь байна.

Одоо харин төр засгаас “санаачилга гаргаад ирвэл дэмжинэ” хэмээн ерөнхий зүйл ярих биш хөрөнгө мөнгө, зохион байгуулалтаар бодтой дэмжээд өгөх л хэрэгтэй байна даа.Одоо л хөдлөхгүй бол оройтож мэдэх, эргэж хэзээ ч ирэхгүйгээр одчихож мэдэх зүйл байдаг юм шүү, энэ хэл гэдэг.

Хавсралт 1- Гадаадад монгол хэл зааж буй багш нарын санал (үзэх)

Хавсралт 2- Гадаадад байгаа Монгол сургуулиудын талаар  (үзэх)

XIV чуулган – Зохион байгуулагч байгууллагууд

Монгол Улсын
Гадаад Харилцааны Яам
Монгол улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ
ХБНГУ дахь Монгол-Германы ТББ-уудын зөвлөл

Британийн Монголчуудын Холбоо

Цахим Өртөө
Холбоо

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл

Будда продакшн

XIV чуулган – Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд



rathaus-logo-en
Der Regierende Bürgermeister von Berlin - Senatskanzlei





Tuvd agentur


gobi-logo-en
Gobi Cashmere Europa GmbH


Mongolian Economy сэтгүүл


МҮОНРТ
rat-logo-en
Hotel am Buschkrugpark
Швед Улс дахь Монголчуудын Үндэсний Холбоо
logo-en
Agentur für Unternehmen

logo-en
Mongolei Zentrum Bonn
logo-en
Монос хүнс ХХК